Танд загварын хичээл зааж чадах “influencer” ноход
Таны хувьд хамгийн үлгэр жишээ, загварлаг нөлөөлөгч хэн бэ?
Энэхүү асуултын хариултад дурдагдах хэн нэгэн нь магад дөрвөн хөлтэй байж ч мэдэх юм. Өнөө цагт бид өөрсдийн хайртай нохойдоо хувцас өмсгөх нь зөвхөн өхөөрдөм төрхийг нь тодотгох төдий зүйл биш болжээ. Цахим орчинд содон хэв маяг, донжтой хувцаслалтаараа тодорч, томоохон загварын брэндүүдтэй хамтран ажиллаад зогсохгүй өөрсдийн нэрийн брэндийг бий болгосон, зөвхөн нохойн ч бус хүний хувцаслах хэв маягт ч нөлөөлж чадах алдартай нохдыг онцлон хүргэж байна.
Boobie Billie - Их хотын цоглог чихуахуа






Бүби Билли нь тод өнгө, зоримог силуэт, чамин акссессуар бүхий загварлаг дүр төрхөөрөө интернэт орчинд алдар нэрийг олсон чихуахуа болон Италийн саарал анч нохойн үүлдрийн эрлийз нохой юм. Тэрээр Nordstrom, Mejuri, Frame, Lisa Says Gah зэрэг брэндүүдтэй хамтарч ажиллаж байсан бөгөөд үнэт эдлэлийн Mejuri брэндийн амбассадор багт багтсан анхны амьтан билээ. Түүгээр ч зогсохгүй өөрийн нэрийн Boobie’s world брэндээ хүртэл нээж байсан байна.
Tika The Tiggy - От кутюраар гангарагч






Италийн анч үүлдрийн нохой болох Тика де Тигги нь Холливүүдийн одуудын улаан хивсний дүр төрхийг өөрийн хувцаслалтад шингээсэн “look” нь яах аргагүй загварын нөлөөлөгч гэдгийг нь харуулна. Зөвхөн улаан хивсний глам дүр төрх ч бус, Францын кабарет театрын бүжигчин мэт өдөн чимэглэлтэй малгай, саатай даашинз, тод өнгийн нэхмэл нөмрөг, Парис хотын гудамжаар алхаж буй мэт дэгжин цув, хоолойтой цамц, чамин хээтэй оруулга бүхий түүний стиль загварт хайртай хэн бүхний харцыг булаах нь бий. Тэрээр Rolls-Royce, Moschino, Valentino, Fendi, Boss, Zara, Crocs зэрэг брэндүүдтэй хамтарч ажилласан бөгөөд Vogue сэтгүүл түүнийг шинэ үеийн “it girl” хэмээн тодорхойлсон байна.
Menswear Dog - Шинэ цагийн жентльмен






Ralph Lauren брэндэд дизайнераар ажиллаж байсан Ена Ким нь өөрийн хамтрагч Дэвид Фунгтайгаа наргиа болгож шиба инү үүлдрийн нохой Бодидоо эрэгтэй хувцас өмсүүлэн цахим орчинд нийтэлсэн нь төсөөлөмгүй хандалтыг авчээ. Улмаар “Menswear Dog” нэртэй инстаграм аккаунт үүсгэн, Бодигийн нарийн чанд эсгүүртэй пальто, судалтай сорочка дээр өнгө хослуулан зүүсэн нүдний шил, хүзүүний торгон алчуур бүхий хээнцэр дүр төрх нь нийтлэгдэх болсон нь хожим GQ сэтгүүл хүртэл онцолжээ. Coach, Casper, Ted Baker, Brooks Brothers зэрэг түүний хамтран ажилласан брэндүүд тоймгүй бөгөөд Nike брэндтэй хамтран Үндэсний Тэжээвэр Амьтдын Өдөрт зориулсан тусгай капсул цуглуулга хүртэл гаргажээ.