Хайх

Зөвхөн танд тохирох хооллолтын дэглэм ойрын ирээдүйд…

Зөвхөн танд тохирох хооллолтын дэглэм ойрын ирээдүйд…

“Personalized Nutrition” гэж юу вэ?

Text: З. Зоригт


Шинэ жилийн цэнгүүн, хурим зэрэг баярын арга хэмжээний зочдыг нэгэн ижил хоолны иж бүрдлээр дайлах нь олонтоо. Бүгд нэг ширээн дээр сууж, адилхан хоол идсэн ч хэсэг хугацааны дараа зарим нь дахин өлсөж байхад, заримынх нь гэдэс дүүрч, хоолоо шингээхэд хүндрэлтэй байх нь бий. Учир нь бидний идсэн хоолонд бие махбод хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь хүн бүрд харилцан адилгүй байдаг. Нас, хүйс, бодисын солилцоо, хооллох зуршил, нойр, эрүүл мэндийн байдал, удамшил, гэдэсний микробиом зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, нэг хүнд тохирсон хооллолтын дэглэм нөгөө хүнд яг адилхан үр дүн өгөх албагүй.

Зөвхөн танд тохирох хооллолтын дэглэм ойрын ирээдүйд… (фото 1)

Гэсэн ч өнөөг хүртэл бидэнд өгдөг хооллолтын зөвлөмжүүд ихэвчлэн нийтлэг зарчимд тулгуурладаг. Өдөрт хэрэглэх илчлэгийн хэмжээ, түлхүү хэрэглэх хүнсний төрөл, хязгаарлах шаардлагатай хүнс гэх мэт зөвлөмж нь олон нийтэд хэрэгтэй ч, хүн тус бүрийн бие махбодын онцлогийг бүрэн харгалзаж чаддаггүй.

Зөвхөн танд тохирох хооллолтын дэглэм ойрын ирээдүйд… (фото 2)

Тиймээс сүүлийн жилүүдэд хүний биеийн онцлог, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн түүхэнд үндэслэн “Personalized Nutrition” буюу хувь хүнд тохирсон хооллолтын ойлголт эрдэмтдийн анхаарлын төвд ороод байна. Испанийн шинжлэх ухаан, технологийн AZTI төвийн Хүнс, эрүүл мэндийн хэлтсийн дарга, доктор Ициар Туэросын хэлснээр, “Personalized Nutrition нь хүн бүрд зориулсан ерөнхий зөвлөмжөөс илүүтэйгээр тухайн хүний бие махбодын онцлогт нийцсэн хооллолтыг санал болгодог. Энэ нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх төдийгүй өвчний явцыг хянах, эмчлэхэд чухал ач холбогдолтой” ажээ.

“Personalized Nutrition”-ыг хэрэгжүүлэхэд гол тулгарч буй асуудал нь олон нийтийн хүртээмж юм. Учир нь хувь хүний бие махбодын онцлогт тохируулсан хоолны дэглэм боловсруулахад маш олон нарийн шинжилгээ, судалгаа шаардагдах тул өндөр үнийн дүнтэй болох юм. Харин ухаалаг цаг, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг бүртгэх утасны апп, хиймэл оюун ухаан зэрэг дижитал технологийн тусламжтайгаар энэ бүхнийг хэрэгжүүлэх боломж тун дөхөж буй юм. Гагцхүү дижитал технологи ямар ч алдаа мадаггүйгээр үйлчлүүлэгчдийн мэдээллийг зөв бүртгэн боловсруулах, хувь хүний нууцыг алдагдуулахгүй байх, эмч мэргэжилтнүүдийн хянах тогтолцоог улам төгөлдөржүүлэхэд анхаарч байна.

Зөвхөн танд тохирох хооллолтын дэглэм ойрын ирээдүйд… (фото 3)

Өөрөөр хэлбэл, ирээдүйн хоолны дэглэм зөвхөн юу идэх хэрэгтэйг зөвлөхөөс илүү “танд юу тохирох вэ?” гэдэг асуултад хариулдаг болох цаг мөч ойртож байна.

цааш үзэх