Энэ зуны маникюрын тренд: Цөцгийн тос шиг шар өнгө
Зуны сар эхлэхийн зэрэгцээ үдэш бүхэн зорин очих үйл ажиллагаа үргэлжилсээр. Цаашлан хөгжмийн фестивалиуд нээлтүүдээ хийж, наадмын амралтын өдрүүд “налайх” тун чиг ойртоод байна.
Энэ зун хэрэгжүүлж болох маникюрын шийдлүүдэд богинохон хэр нь тод өнгөөр онцолсон будалт, жижиг шигтгээ болон даруухнаар гялтганах будалт зэрэг сонголтууд тренд болж байгаа бөгөөд энэ дундаас түүвэрлэн хүргэсэн зургаан будалтын санааг уншигч танд хүргэж байна.
ТОДООС ТОД ЦЭНХЭР ӨНГӨ
Дөрвөлжин, алмонд эсвэл урт гээд ямар ч хэлбэртэй байсан будалт нь өөрөө гарыг чимж, аксесуар шиг л харагдах тод өнгийн цэнхэр будалтыг туршиж үзсэн үү? Энгийн цагаан футболк өмссөн ч, наадмын торгон дээлээрээ гоёсон ч хэтэрхий гял цал биш хэр нь цаанаасаа тансаг, цэвэрхэн харагдах тод цэнхэр өнгийн будалт энэ зуны эрэлттэй будалтуудын нэгээр үргэлжилж байна.
САРДИН ЗАГАС
2026 оны Pinterest-ын гаргасан тайлан дээр сардин загас тренд болж байгааг онцолжээ. Тодруулбал sardines breakfast хайлт 1,815 хувиар өссөн бол sardine toast recipes мөн 454 хувь хүртэл хайлтаараа тэргүүлсэн нь зөвхөн хүнсний сонголтоор зогссонгүй. Хумсны толио дээр жижигхэн сардин загас зурж, дээр нь өнгөгүй будаг давхарлан будахад мөнгөлөг өнгө нь гялтганан жирийн будалтаас илүү хөгжилтэй, зуны улиралд төгс тохирсон будалт болж байна.
ОРГИЛУУН ДАРС ШИГ!
Glazed donut будалтаараа цахим орчинд тренд үүсгээд байсан Хэйли Бибер энэ зуны шинэ трендээр оргилуун дарс шиг хром будалтыг танилцууллаа. Хурууг илүү урт харагдуулах цэвэрхэн, минимал будалт нь үдэшлэг, баяр наадамд төгс таарах гялалзсан будалт болох нь байна. Мөн хурим, найр гээд хүндэтгэлийн арга хэмжээнд ч чамин хэр нь сонгодог сонголт болох тул долоон сардаа төлөвлөгөөт ажил ихтэй хэн бүхэнд санал болгож байна.
БҮДЭГ ЯГААН
Энэ жил олон улсын фестивалиуд, хүлээн авалтууд дээр алдартнуудын маникюрын шийдэл энгийн буюу ямар нэгэн будаггүй, будсан ч даруухан ягаан өнгө сонгосон мөчүүд олон байлаа. Хумсаа будах дургүй ч маш энгийн хэр нь цэвэрхэн сонголт хайж байгаа хэн бүхэнд бүдэг ягаан өнгийн будалт санал болгож байна. Гол онцлог нь ямар ч бөгж, бугуйвч зүүсэн тохирох сонгодог сонголт тул фестивалийн чамин хувцаслалтаас эхлэн өдөр тутмын өнгө төрхөд ч харшихгүйгээр зохицох нь гарцаагүй.
ӨНГӨЛӨГ ШИГТГЭЭ
Будалтын суурь өнгө нь бүдэг даруухан өнгө сонгож, дээр нь хүссэн өнгийн жижиг шигтгээнүүдээр дүрс үүсгэн чимэглээд үзээрэй. Зургаан ширхгээр нь багцлан цэцгийн хэлбэр үүсгэх, эсвэл хүссэн өнгийн шигтгээнүүдээ нэг нэгээр нь шигтгэн чимэглэх гээд бүтээлчээр ажиллах олон хувилбаруудын жишээг та харж болно. Наадмын амралтын урт хоногуудад сонирхолтой маникюрын шийдэл туршмаар байвал энэ будалт жагсаалтын дээгүүр орох сонирхолтой байж чадна гэдэгт итгэж байна.
ЦӨЦГИЙН ТОСНЫ ШАР ӨНГӨ
Магад энэ зуны хамгийн эрэлттэй өнгөнүүдийн нэг цөцгийн тос шиг шар өнгө буюу пастел шар өнгө жагсаалтын дээгүүр бичигдсэн хэвээр байна. Урт богино аль нь ч бай эмэгтэйлэг, цэвэрхэн мөн дулааны улиралд тохирсон будалт тул элдэв чимэглэлгүй дангаар нь турших, мөн дээр нь нарийн ширхэгтэй хром саа түрхэх зэрэг хүссэн чимэглэлээр баяжуулахад асуудалгүй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт