Хавар яагаад хуйхыг сэргээж, үсээ зөв арчлах хэрэгтэй вэ?

Улирал солигдох нь зөвхөн цаг уурын үзэгдэл төдийгүй арьс, хуйх, үсний байр байдалд нөлөөлж байдаг хүчин зүйл юм. Энэ үед хэрхэн зөв, тохиромжтой арчилгааг хийх талаар арьс судлалын эмч Наталья Баруновагаас тодруулъя.


ХУЙХ БОЛОН ҮС НЬ УЛИРЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ЯМАР ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛДЭГ ВЭ

Агаарын температур, чийгшил, урт өдрийн гэрлийн ачаалал, хэт ягаан туяаны эрчим нэмэгдэх зэрэг өөрчлөлтүүд нь хүний биед дасан зохицох нарийн механизмыг идэвхжүүлдэг. Энэ нь мэдрэл, дархлаа, дотоод шүүрлийн тогтолцоонд нөлөөлөхөөс гадна хуйхны хамгаалах үүрэг болон үсний ургалтын мөчлөгт ч хүчтэй нөлөөлдөг.

Тосны булчирхайн үйл ажиллагаа нь андроген даавар болон цаг уурын нөлөөнөөс хамаардаг. Тиймээс дулаан улиралд тос ялгаралт нэмэгдэж, арьс илүү тослог болж, хөлсний булчирхайн идэвх нэмэгдэж, арьсны байгалийн чийгшүүлэгч хүчин зүйл өсдөг. Өөрөөр хэлбэл, арьсны гадаргуу дахь усанд уусдаг бодисууд нэмэгдэж, арьсыг хуурайшлаас хамгаалах чадвар сайжирдаг. Үүнээс гадна эсүүд дэх тосны хүчил болон сүүний хүчил нэмэгдэж, зуны улиралд хуйхны pH түвшин бага зэрэг хүчиллэг тал руу шилжиж буурдаг ба микрофлор илүү идэвхтэй үрждэг. Ингэснээр дерматит, үсний уутанцрын үрэвсэл, батга зэргийн асуудал сэдрэх магадлал нэмэгддэг.

Харин хүйтний улиралд нөхцөл байдал эсрэгээрээ өөрчлөгддөг. Тос ялгаралт багасаж, тосны хүчил цөөрснөөр арьсны хүчиллэг чанар буурахаас гадна чийг алдалт нэмэгдэж, арьс амархан хуурайшиж эхэлдэг. Мөн керамидын нийлэгжил буурснаар арьсны хамгаалах давхарга суларна. Үүний улмаас арьс илүү мэдрэмтгий, хуурай болж, үс амархан хугарах, салаалах хандлагатай болдог. Атопик дерматит, псориаз зэрэг архаг өвчнүүд сэдрэх эрсдэл ч нэмэгдэж болзошгүй.

Хавар, намар, ялангуяа үсний ургалтын мөчлөг өөрчлөгдөх үед мэдрэмтгий хүмүүс үс уналттай тулгарч болно. Энэ нь өмнө нь үс шингэрэх, унах асуудалтай байсан хүмүүст илүү мэдэгдэхүйц илэрдэг. Мөн ойр ойрхон ханиад хүрэх зэрэг нь байдлыг дордуулж болзошгүй.


ОНОШИЛГООГ ХЭРХЭН ЗӨВ ХИЙХ ВЭ

Хуйхны чийгшил, тослогийг хэмжих тусгай төхөөрөмжүүдээр зөв оношилгоог хийлгэх боломжтой. Үсний чанарыг трихологич эмч нар үсийг 20–200 дахин томруулан харах компьютер оношилгоо болох трихоскопи болон үсний нягт, диаметр, ургаж буй болон унаж буй үсний харьцааг тодорхойлох фототрихограм зэрэг аргуудыг ашиглан судалдаг.

Гэсэн хэдий ч тусгай оношилгоо хийлгэлгүйгээр ч хүмүүс өөрсдөө анзаарах боломжтой. Жишээлбэл үсээ илүү ойр ойрхон эсвэл эсрэгээрээ бага угаах хэрэгцээ гарч эхлэх, арчилгааны бүтээгдэхүүнээ солих шаардлага үүсэх зэрэг нь өөрчлөлтийн дохио болдог. Бид ихэвчлэн арьс, үсээ хамгийн гоё байсан үеийн байдалтай дотроо харьцуулж байдаг. Хэрэв тослогжилт хурдан нэмэгдэх, таталдах мэдрэмж төрөх, гялалзахаа болих зэрэг өөрчлөлт илэрвэл тухгүй санагдаж, туршиж үзэх аргаар тохирсон арчилгаагаа олох боломжтой.


 АРЧИЛГААГ ХЭРХЭН ТОХИРУУЛАХ ВЭ

Хүйтний улиралд арьсны гидролипидийн давхаргыг хамгаалах ~4.5–5.5 рH орчим түвшинтэй бүтээгдэхүүн хэрэглэх болон үсийг чийгшүүлэхэд анхаарах шаардлагатай. Харин зуны улиралд тослогийг хянах нь нэн чухал. Үсээ арай ойр ойрхон угаах шаардлагатай хэдий ч хэт шүлтлэгтэй шампунь хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Мөн зөвхөн шампунь хэрэглэлгүй, хуйханд зориулсан гуужуулагч, цэвэрлэгээний болон чийгшүүлэгч маск хэрэглэх нь чухал. Ялангуяа хаг, таталдах мэдрэмж, тухгүй байдал илэрч байвал илүү анхаарах хандуулах хэрэгтэй. Лосьон, тоник бүтээгдэхүүнүүд нь хүхэр, цайр, салицилын хүчил зэрэг тослог зохицуулах найрлагатай байж болно.

Хуйханд зориулсан бүтээгдэхүүнүүдэд антиоксидант, ниацинамид, ургамлын ханд нэмэх нь ашигтай. Шаардлагатай үед жимсний хүчил дээр суурилсан зөөлөн гуужуулалт хийж болно. Мэдээж үсийг нарнаас хамгаалж малгай өмсөхийг мартаж болохгүй. Харин улирал солигдох үед үс уналт ихсэх хандлагатай бол пептид кофеин, ниацинамид, аденозин, эмийн ургамал болон мөөгний ханд агуулсан эмчилгээний зориулалттай лосьон, серум хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ц. Усанболор

2026-04-28, 11:59