Netflix-ийн шинэхэн төсөл Physical: Asia нь олон улсын шилдгүүдийг нэг дор цуглуулсан онцгой шоу болж өнгөрлөө. Харин тэдний дундаас Монголын нэрийн өмнөөс хүч сорьж, монгол эмэгтэйчүүдийн тэсвэр, тэвчээр ямар байдгийг дэлхийд харуулсан нэгэн бол Монгол Улсын жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн билээ.
Иймд энэ удаагийн ярилцлагын буландаа бид А.Адьяасүрэнг урьж, тус нэвтрүүлэгт оролцох үедээ туулсан бодит мэдрэмж, сорилт, дурсамжууд, тамирчны замнал болон хувийн амьдралынх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Адьяасүрэн багадаа ямар хүүхэд байсан бэ? Анх Жүдогийн замнал нь хэрхэн эхэлсэн бэ?
Би багадаа их чимээгүй, даруухан хүүхэд байсан. Харин жүдогийн замнал маань 2014 оны есдүгээр сард Баян-Уул сумаас Улаанбаатар хотод шилжиж ирснээр эхэлсэн. Жүдо гэдэг спортыг ер нь мэддэг байсан ч бүр зориод, хичээллэе гэж огт бодож байгаагүй. Гэрийнхэн маань анх санал болгосон юм. Учир нь би үе тэнгийнхнээсээ харьцангуй том биетэй байсан болохоор ээж, аав “Барилдаад үзвэл яасан юм бэ?” гээд л. Ингээд л жүдогийн Г.Эрдэнэбат багштайгаа хичээллэж эхэлж байлаа.
Жүдогоор хичээллэснээр танд ямар зан чанар төлөвшсөн гэж боддог вэ?
Маш олон зүйл сурсан. Хүнийг хүндлэх, өөрийгөө хүндлэх, олны дунд биеэ авч явах чадвар гээд олон зан чанарыг надад суулгаж өгсөн гэж боддог. Мөн тууштай, тэсвэр тэвчээртэй байхыг их сурч авсан даа.
Одоо хоёулаа Парис хотноо болсон 2024 оны зуны Олимпын үеийг эргэн дурсъя. Олимпын зэрэглэлийн тамирчин болоход тулгарсан хамгийн том сорилт нь юу байсан гэж боддог вэ?
Тухайн үед би яг нэг хайрцаглагдсан мэт мэдрэмж авч байсан. Бүх зүйл надад маш шинэ, содон санагдаж байлаа. Тэгээд бүр биеэ бариад, өөрийгөө сайн илэрхийлж чадаагүй юм шиг санагддаг. Ер нь өөрийн боломж, нөөц бололцоогоо бүрэн гаргаж чадаагүй ээ. Миний хувьд хамгийн том сорилт нь шигшээ багт орох байсан. Шигшээ багийн ах, эгч нартайгаа анх бэлтгэл хийхэд үнэхээр хэцүү бөгөөд том сорилт болж байсан. Мэдээж шигшээ багт сонгогдохын тулд улсын аваргад алт эсвэл мөнгөн медаль авах шаардлагатай байдаг болохоор ер нь бүх зүйл маш том сорилт мэт санагддаг шүү.
Тэгвэл саяхан дэлхий нийтийг шуугиулж чадсан Netflix-ийн Physical: Asia нэвтрүүлэгт хэрхэн оролцох болсон бэ?
Маш олон хүнээс сонгон шалгаруулалт хийж байгаад сонгосон. Монгол дахь шалгаруулалтыг манай Spark Agency зохион байгуулсан юм. Хүн болгоноос өөр өөр тест авсан гэж дуулсан. Мөн жингийн хуваарилалт маш чухал байсан юм байна лээ. Жишээ нь би багт ороогүй байлаа гэж бодоход Г.Хандсүрэн эгч багт элсэхгүй болох гээд бид зургаагийн нэг хүний жин л өөрчлөгдвөл бусад оролцогчид ч өөрчлөгдөх боломжтой байсан гэсэн. Миний хувьд бол ярилцлагад ороод, тэнцсэн гэсэн хариугаа авсан.
Тэнцсэн гэсэн хариу аваад ямар мэдрэмж төрсөн бэ?
Үнэндээ шууд айгаад, болимоор санагдсан. “Өө, би чадахгүй ээ” гээд хэлчихсэн шүү дээ (инээв). Тэгээд багшдаа хэлсэн чинь “Яах юм бэ, тэмцээнтэй юм чинь” гээд бас нэг их дэмжээгүй. Би ч багшийнхаа үгнээс зөрж болохгүй болохоор “Би болилоо хө” гээд шууд хэлсэн. Гэтэл agency маань Жүдогийн үндэсний холбоотой маань яриад, цаад талд нь бүх зохицуулалтыг хийчихсэн байсан. Ингээд нэг ёсны хувь тавилан шиг л нэвтрүүлэгт орохоор болсон доо.
Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ?
Анх шоу гэж сонсоод аав маань нэг их дуртай байгаагүй. “Бэлтгэлдээ анхаар л даа” гээд л. Харин нэвтрүүлэг гарсны дараа охиныгоо ийм том шоунд орж, Монголын нэрийг дэлхийд гаргаж байгааг хараад үнэхээр их баярлаж, бахархсан.
Тэмцээний анхны өдөр, бичлэг эхлэх үед бусад орны оролцогчдыг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Би хүнд жингийн тамирчин учраас бүх баг хүнд жингийн эмэгтэй тамирчинтай байна гэж бодсон. Гэтэл очиход хүнд жингийн тамирчин эмэгтэй бараг байгаагүй. Ихэнх нь crossfit-ээр хичээллэдэг, лаг биетэй, хөөрхөн эгч нар байсан. Тэгээд би “За би юунд ч ороод ирэв дээ” гэж бодсон доо.
Тэмцээнд оролцож байхдаа их хариуцлага мэдэрсэн байх?
Ганцаараа биш, багаараа оролцож байсан учраас харьцангуй гайгүй байсан. Итгэл найдвар илүү ассан. Өөртөө итгэхээс илүү багийнхандаа маш их итгэж байсан.
Тэгвэл оноогдсон даалгавруудаас хамгийн хүнд нь аль нь байсан бэ?
Бүгд л их хэцүү байсан. Харин хамгийн хүнд нь мэдээж 100 тойрог. Хасагдах шат учраас нэг зогслоо л бол дуусна. Тэгээд би “яасан ч зогсож болохгүй” гэж өөрийгөө зоригжуулаад, “энэ шатанд алдаа гаргавал дараа нь өөрийгөө хараад маш их ичиж, шанална, урам хугарна” гэдгээ мэдэж байсан. Тиймээс хичээхээс өөр аргагүй. Хажууд Б.Орхонбаяр ах, Г.Хандсүрэн эгч хоёр намайг дэмжээд, би ч тэд хоёрыг дэмжээд үнэхээр зогсолтгүй л урагшилсан.
Тухайн шатанд Австралийн багтай тунаж үлдсэн. Гэхдээ эцэст нь ялагчийн гэрэл Монгол баг дээр туссан мөч ямар байсан бэ?
“Ёооё…” л гэж бодсон. Үнэхээр гоё байсан. Тэр элс, гарт зүүсэн байсан хүнд төмөр гээд бүгдийг шууд өшиглөж хаяад, гараад явчихмаар нэг тийм мэдрэмж төрсөн (инээв). Эцэст нь бүх юм дууссаны дараа уйлах мэдрэмж нь маш гоё байсан.
Хүмүүс Instagram, TikTok дээр Монгол багийг маш гоё эдитлэж оруулсан байсан. Тэдгээрийг үзсэн үү?
Үнэхээр гоё эдитүүд байсан. Намайг тэс өөр талаас нь харуулчихсан. Би өөрийгөө тийм дүр төрхтэй гэж мэддэггүй, мэдэрч байсан ч юмгүй. Ийм гоё шоунд оролцоод өөрийгөө нээгээд, хүмүүс намайг хүчтэй, монгол эмэгтэй хүн гэдгээр нь харсан болохоор бахархмаар мэдрэмж төрсөн.
Ялангуяа багана татдаг даалгаврын Туркийн багтай өрсөлддөг хэсэг маш их хандалт авсан байна лээ.
Тийм шүү. Тэр үед үнэхээр хэцүү байсан ч дараа нь харсан чинь бас л үзүүштэй харагдаж байна лээ. Netflix-ээр яг тэр ангийг үзэж байх даа “хөөх би чинь хүн рүү ингэж харж чаддаг байсан юм байж” гэж бодсон. (инээв)
Монголд өссөн тань энэ тэмцээнд давуу тал болж чадсан уу?
Мэдээж маш том давуу тал болсон. Угаасаа би хөдөө өссөн, нүүдэлчин хүн учраас хүйтэнд хөрж, халуунд халж чаддаг, дасан зохицох чадвар маань их тус болсон гэж боддог.
Бусад орны багуудаас хэнтэй нь хамгийн дотно болсон бэ?
Дотно гэхээс илүү миний маш хүндэлж, биширч явдаг жүдогийн тамирчин Соичи Хашимототой нэг тэмцээнд орсон доо маш их баяртай байгаа. “Янзын” гээд л тэ? Бид хэд бүр монгол үг заагаад өгчихсөн. Гэхдээ тэрнээс илүү багийн гишүүдтэйгээ их дотно болсон. Тэмцээнээс өмнө бид нэгнээ сайн ч танихгүй байсан шүү дээ. Тэгээд тэнд очиж танилцаад, яг л нэг гэр бүл мэт болсон доо. Үүнд л хамгийн их баярлаж байгаа.
Жүдогийн тамирчин байх нь танд энэ тэмцээнд ямар давуу тал өгсөн бэ?
Жүдогийн тамирчид олон төрлийн спортын дасгалыг хийдэг. Бидний онцлох зүйл нь атгалт сайн, хүч сайн. Тэр нь дээр суурилаад даалгавруудаа биелүүлэхэд давуу талтай байсан. Гэхдээ энэ хүч чадлаа бататгах гэж би 11 жил хичээллэсэн шүү дээ.
Тэмцээн хоорондын зай хэр байв? Амрах боломж олдсон уу?
Анх очиход Netflix-ийн зүгээс “Тэмцээн эхэлмэгц бэлтгэл хийх зав хомс болно шүү” гэж сануулж байсан учраас зураг авалтын өмнө аль болох багийнхантайгаа хамт бэлтгэл хийхийг хичээсэн. Харин тэмцээн эхэлсний дараа амраах цагийг бол хангалттай өгсөн. Дараагийн даалгавар бүрд бие, хүчээ сэргээх хэрэгтэй болохоор тэгж зохицуулдаг юм байна лээ. Харин бэлтгэл хийх зав бол үнэхээр ховор, бараг л гараагүй.
Netflix-ийн арын алба бол үнэхээр мундаг ажилладаг юм байна лээ. Даалгавар дуусгаад гарахад л “хаана нь өвдөж байна”, “булчин чинь яаж байна” гэж байнга асууж, иллэг хийж өгөөд л, нөхөн сэргээх бүх зүйлийг маш сайн хийж өгсөн. Мөн Монголоос бид хэд сэлгээний хоёр тамирчинтайгаа нийт 8 хүн л явсан юм. Тэгээд дотроо “Очоод бид яаж ойлголцох юм бол доо. Орчуулагч авахгүй юм байх даа?” гэж их санаа зовж байлаа. Гэтэл тэнд очиход монгол орчуулагч бэлдчихсэн. Даалгавар бүрийн өмнө чихэвчээр “Одоо ийм даалгавар, ийм дүрэм” гээд хэлээд өгнө. Харилцаа холбоо дээр хүртэл ямар ч асуудал гараагүй.
Камерын дуранд өртөөгүй үлдсэн тэмцээнтэй холбоотой хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?
Камерын ард бид хэд чинь их хөгжилтэй байдаг шүү дээ. Хамгийн хөгжилтэй, инээдтэй юм ярьдаг нь Э.Дөлгөөн ах. Харин хөгжилтэй үйлдэл гаргадаг хүн бол Б.Энх-Оргил ах. Манай Б.Энх-Оргил ах маш эерэг, цайлган хүн л дээ. Тэгээд бид хэд ч гэсэн ахыгаа их шоглох дуртай. Хамгийн инээдтэй нэг мөч гэвэл өрсөлдөгч багийнхантайгаа танилцаад, нөгөө багуудынхаа тухай яриарай гээд чихэвчээр хэлсэн юм. Тэгсэн чинь Б.Энх-Оргил ах маань шууд “За одоо үзье ээ, эхэлцгээе!” гээд л дайрахаар зэхсэн юм шиг хэлээд бид хэд ч “хахаха” гээд л инээгээд унасан.
Анхны дугаар цацагдахад ямар байсан бэ?
Анх оролцоход хүмүүс “За та хэд ингээд од болно” гэж хэлээд байсан юм. Гэхдээ би нэг их хүлээлт үүсгээгүй л дээ. Гэтэл эхний дугаар цацагдсаны дараа гэрээсээ гарахад л хүмүүс таньдаг болчихсон байсан. Ялангуяа жүдогоор хичээллэдэг бяцхан хүүхдүүд хүртэл “нөгөө эгч байна!” гээд шивнэлдэнэ. Тэр мөчид “Өө, миний үйлдэл бүр хүмүүсийн хараанд байгаа юм байна. Хүүхдүүд хүртэл надаас үлгэр дуурайлал авч байна шүү дээ. Би маш сайн хичээх хэрэгтэй юм байна” гэж бодсон доо.
Тэмцээний дундуур шантрах үе байсан уу?
Өө, манай багийнхан надад тийм завдал өгөөгүй шүү дээ. Жаахан “ээ…” гэхээр л “Чи юу яриад байгаа юм, чи ийм аймаар хүчтэй байж юунд ядраад байгаа юм?” гээд л, надад өөртөө итгэхгүй байх ямар ч боломж олгодоггүй байсан.
Тэмцээний төгсгөлийн шатанд шалгараад хасагдах мөч ямар байсан бэ?
Би хэд хоорондоо ярилцаад хамгийн зөв гэсэн тактикаа ашиглаж, хамаг чадлаараа хичээсэн ч үнэхээр л бараагүй. Солонгосын баг маш тактик сайтай, сайн баг байсан. Бүх чадлаараа хичээсэн болохоор харамсах мэдрэмж ердөөсөө төрөөгүй ээ. Сайхан туршлага болсон. Одоо бодоход “Үнэхээр би ийм том тэмцээнд оролцсон байна шүү дээ” гэж өөртөө итгэмгүй санагддаг.
Тэгвэл төгсгөлийн дугаар цацагдах үед ямар байсан бэ?
Нэг л мэдэхэд төгсгөлийн дугаар цацагдсан байсан. Ялангуяа зураг авалтын үеэ их дурссан. Бид хэд 20 гаруй хоног зураг авалтад орсон юм. Тэгээд төгсгөлийн дугаараа бичүүлээд гэртээ харих болсон чинь их хорогдсон. Орчуулагч, мэйк-ап артист, Netflix-ийн баг гээд бүх хүмүүстэй их дотно болчихсон байсан болохоор сална гэхээр их хэцүү санагдаж байлаа.
Хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг хэр уншиж байна вэ?
Надад сэтгэлийн дэм болж, магтаал, урамшуулал хэлж байгаа хүмүүст үнэхээр баярлаж, талархаж байгаа. Гэхдээ тэр хэрээрээ маш их хариуцлага мэдрэх болсон. Хүмүүсийн надад өгч байгаа энэ их хайрыг яаж даах вэ гээд л… Жүдо гэдэг маань өөрөө дэлхийд их шүтэн бишрэгчтэй спорт шүү дээ. Заримдаа тэмцээнд ялагдахад бага зэрэг шүүмжилсэн сэтгэгдлүүд ирдэг. Уншмааргүй байсан ч сөрөг сэтгэгдлийг цаанаасаа л нэг уншмаар санагдаад байдаг юм. Тэгээд харахаар бүр аймаар гомдмоор зүйл бичсэн байх нь элбэг. Одоо бол үнэхээр сөрөг сэтгэгдэл бараг алга. Гэхдээ алддаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Хэрвээ намайг ямар нэгэн алдаа гаргавал тэр үед маань та бүхэн надад зөөлөн хандаасай гэж хүсэж байна.
Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Жудочид ер нь амралтгүй маш их бэлтгэл хийдэг учраас цаг чөлөө гарвал сайхан хоол хийж идээд, найзуудтайгаа уулзаад, кино үзэх дуртай. Би “Hawaii 5-0” гээд кинонд маш их дуртай. Багадаа цагдаа болохыг их хүсдэг байсан, тийм болохоор бүр багаасаа л үздэг байсан юм. Сүүлд бүр бүх бүлгийг нь үзэж дуусгасан.
Найз залуутай юу?
Өө, үгүй. Байхгүй ээ. Ер нь би алдартай хүн ч crush-ладаггүй. Үнэхээр л байдаггүй. (Инээв)
Жүдогоор хичээллэж буй, мөн хичээллэхийг хүсэж буй хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгөөч.
Зорилготой, тууштай байгаасай гэж хүсэж байна. Чамд төсөөлснөөс чинь илүү их хүч байгаа гэдэгт заавал итгээрэй гэж хэлмээр байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт