Хайх

Венецийн биеннальд монгол уран бүтээлчид үзэсгэлэнгээ амжилттай танилцууллаа

Венецийн биеннальд монгол уран бүтээлчид үзэсгэлэнгээ амжилттай танилцууллаа

Text: М. Анухатан


Бүгд Найрамдах Итали Улсын Венец хотноо зохион байгуулагддаг дүрслэх урлагийн 61 дэх удаагийн биенналь энэ жил 2026 оны тавдугаар сарын 9-нд амжилттайгаар нээлтээ хийлээ. Дэлхийн урлагийн олимп хэмээн нэрлэгдэх эл наадамд Монгол улс анх 2015 онд уран бүтээлч Т.Энхболд, Х.Үнэн-Энх нарын хамт “Other Home“ сэдвийн дагуу бүтээлээ толилуулж байсан бол түүнээс хойш тасралтгүйгээр зургаан удаа оролцож амжилтаа үргэлжлүүлсээр байна.


Энэ жилийн биеннальд монгол улсаас дөрвөн уран бүтээлч баг болон оролцсон бөгөөд өөрсдийн бүтээлийг “Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” сэдвийн дор зангидан хүргэжээ.

Венецийн биеннальд монгол уран бүтээлчид үзэсгэлэнгээ амжилттай танилцууллаа (фото 1)
Photo by Roh Yoo Seung

Монгол павильоны үзэсгэлэнгийн тайлбарт: “ ‘Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос’ үзэсгэлэнд Евроазийн түүхэн баримтад тулгуурласан соёлын хэлхээг өөрсдийн бүтээлээрээ тодотгон харуулж буй Монголын орчин үеийн дөрвөн уран бүтээлчийн үзэсгэлэнг дэлгэж байна. Уран бүтээлчид оноосон сэдвийн хүрээнд тус бүрийн эрэлхийллээс олсон хариултыг дэлгэсэн нь хүн ба байгаль, бодит ба хийсвэр, өнгөрсөн ба одоо үеийн хоорондох нарийн зааг гэсэн сэдвүүд дээр хөндөлсөж байна...” хэмээн үзэсгэлэнгийн кураторууд АНУ-ын Индиана их сургуулийн багш, урлаг судлаач, доктор Ц.Уранчимэг, хамтарсан куратор Герман Улсын куратор, уран бүтээлч, онолч Томас Эллер нар онцолжээ.

Венецийн биеннальд монгол уран бүтээлчид үзэсгэлэнгээ амжилттай танилцууллаа (фото 2)
Photo by Roh Yoo Seung

Биенналийн хувьд хоёр жил тутам зохиогдохдоо зөвлөлөөс оноосон сэдвийн хүрээнд уран бүтээлчид оролцох ба энэ удаагийн сэдэв хөгжмийн онолын нэр томьёоноос санаа авч "In Minor Keys" хэмээн зарлагдсан байв. Хөгжимд "minor key" буюу бага тонтыг ихэвчлэн гунигтай, мөрөөдөмтгий, зөөлөн эгшгээр дүрсэлдэг. Товчхондоо, нийгмийн шуугианаас түр амсхийж, байгаль орчны лугших зүрхийг чагнаж, урлагаар дамжуулан хамгийн эмзэг атал хамгийн хүчирхэг мэдрэмжүүдийг хэрхэн өгүүлж буйг онцлохыг зорьсон хэмээн эх сурвалжууд дээр дурдаж байлаа. Эл сэдэвт маргаангүйгээр тохирсон гэмээр монгол павильон нүүдэлчин үндэстний сэтгэлгээ буюу байгалиа сонсох, эрэн хайж буй асуултын хариултыг байгалиас хайх, хайх замдаа өөр лүгээ өнгийн харах гэхчлэн санааг тусгасан нь үзэгчдээс өндөр сэтгэгдэл аваад байна.

Венецийн биеннальд монгол уран бүтээлчид үзэсгэлэнгээ амжилттай танилцууллаа (фото 3)
Photo by Roh Yoo Seung

Энэ жилийн биеннальд баг болон оролцсон дөрвөн уран бүтээлчид бол Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм. Шалгаруулалтын комиссоос нэг бүрчлэн сонгогдсон тэдний хувьд тус бүрийн арга барилаар ялгарах ч үзэсгэлэнгийн дэглэлтийн хамт нэгэн цогц санааг хүргэж чаджээ. 

Венецийн биеннальд монгол уран бүтээлчид үзэсгэлэнгээ амжилттай танилцууллаа (фото 4)
Photo by Roh Yoo Seung

Б.Номин, Г.Гэрэлхүү уран бүтээлчдийн хувьд монгол зургийн техник эзэмшсэн ба хавтгай суурин дээр өөр цаг хугацаа, олон орон зайг нэгэн зэрэг хөдөлгөөнтэйгөөр өгүүлэх арга барилыг өөрчлөн ашигласан нь сонирхолтой бөгөөд баялаг болжээ. Б.Номин уран бүтээлч уг алслалтын аргыг ашиглан бурхны шашны сургаалыг араг ясны дүрслэл бүхий хамгаалагч сахиуснуудаар хүргэж, зургаас гадна оёдол болон хатгамал, зөөлөн баримал, холимог техникээс бүтсэн бүтээлүүд дэлгэжээ.  Г.Гэрэлхүүгийн бүтээлүүд монгол домгийн баатрууд болоод монголын түүхийн магад хамгийн хүчирхэг үе гэгдэх XIII-XIV зууны үеийг “өөр ертөнцөөс ирсэн гэлтэй тийм хүчирхэг үе байсан” гэж дүрслэхдээ неон өнгөөр онцолсон зурагт номын баатрууд адил дүрсэлсэн байв. Үүний сацуу Герман улсын Bamberg Museum-д хувийн цуглуулгад багтсан түүний Pope's Robe бүтээл эл үзэсгэлэнд дэлгэгдсэн нь олон улсын үзэгчдийн магад хамгийн их сонирхож үзсэн бүтээлүүдийн нэг байлаа.

Венецийн биеннальд монгол уран бүтээлчид үзэсгэлэнгээ амжилттай танилцууллаа (фото 5)
Photo by Roh Yoo Seung

Ё.Төгөлдөр болон Д.Дорждэрэм уран бүтээлчдийн хувьд инсталяц буюу биет бүтээлүүдээ буулгахдаа эсгий, даавуу, тунгалаг суурь болон металь зэрэг материалуудыг ашиглаж өөрийгөө сонссон өдрүүдийн тэмдэглэл, түүгээр дамжуулж үзэгчдэд мөн бодох “агаар” бүхий орон зайг үлдээжээ. Ё.Төгөлдөр уран бүтээлч морз код бүхий амьтны арьсан бүтээлийг гүрвэлийн ар нуруу адил тэгш хэмт хээтэй цагаан нөмөргөн дээр тохсон нь байгаль хийгээд ан амьтад, тэр бүхнийг дүрслэн буулгахдаа аман зохиол, домог зүйн сэтгэлгээгээр дамжуулан хүргэдэг онцлогийг харуулсан гэлтэй. Д.Дорждэрэмийн хувьд нүүдэлчин соёл хэрхэн өөрчлөгдөн хувьсаж буй, дан ганц нүүдэлчид биш дэлхий даяараа хаашаа тэмүүлж буйг асуух бүтээлүүд нь чимээгүй хэр нь хамгийн түрүүнд анхаарал татахаар байв. 

Венецийн биеннальд монгол уран бүтээлчид үзэсгэлэнгээ амжилттай танилцууллаа (фото 6)
Photo by Roh Yoo Seung

Энэ удаагийн биенналиас мөн онцлох нь үзэсгэлэнгээ дэлгэх бүхий л хэсэг буюу тогтоолтоос эхлээд арын албанд уран бүтээлчид өөрсдөө ажиллажээ. 

Венецийн биеннальд монгол уран бүтээлчид үзэсгэлэнгээ амжилттай танилцууллаа (фото 7)
Photo by Roh Yoo Seung

Үзэсгэлэнгийн бэлтгэл хэрхэн өрнөсөн талаар зохион байгуулагчдын зүгээс: "Биенналийн бэлтгэл ажил буюу үзэсгэлэнгээ дэглэх, тогтоох, бэлдэх гээд бүрэн бэлэн болгоход нийт арван тав гаруй хүмүүс ажилласан. Дөрвөн бүтээлчид маань сонгогдон ирсэн ч үзэгчдийн өмнө бүрэн цогц үзэсгэлэн дэлгэхэд бэлтгэл ажил нь төдий хэрээр чухал буюу мөн ачаалалтай байдаг гэж хэлж болно. Энэ хариуцлагатай ажил дээр уран бүтээлчдийн хамт амжилттай дуусгалаа. Нээлтдээ амжиж бүх зүйлээ бэлдсэн тул хүмүүсийн сэтгэгдэл ч их өндөр байсан. Энэ дунд анзаарсан зүйл нь цаашид ч бид мөн дэлхийн хэмжээний үзэсгэлэнд ажиллахад төдий хэрээр бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин заавал хэрэгтэйг анзаарсан. Бусад улсууд дийлэнх нь урлагийн бодлогын дагуу павильоныг улсаас түрээслэн бэлдэж өгдөг бол бидний хувьд өөрсдөө санхүүжилтээ босгож бэлдсэн. Манай уран бүтээлчдийн хувьд чамлахааргүй сайн ажиллаж байгаа бөгөөд түүнийг хүргэх мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг онцолъё" хэмээн дэлгэрүүлж байлаа.  

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх