13 жилийн дараа Цахар Тугчийн Урна Монголын тайзнаа

Өнөөдөр Түмэн Эх чуулгын их танхимд Цахар Тугчийн Урна өөрийн ая дуугаар Монгол түмэнтэйгээ 13 жилийн дараа дахин мэндчилэх гэж байна. Fat Cat Concert Series санаачилгын хүрээнд зохиогдож буй түүний ганцхан удаагийн тоглолтыг тэсэн ядан хүлээсэн хүмүүс олон. Мөн дуучин Урна Монгол түмэнтэйгээ учран золгож байгаадаа туйлын сэтгэл хангалуун байгааг дашрамд дурдах нь зүйтэй болов уу. Чингээд тоглолтынхоо өмнө цаг гарган бидэнтэй хуваалцсан ярилцлагыг хүргэж байна.


Сайн байна уу? Монголд тавтай морил, та Монголд ирээгүй хэр удав? (Анхны асуултаар мэнд мэдэхэд тэрээр нүүр дүүрэн инээдээр намайг тосон мэндчиллээ)

Сайн байна уу, Монгол зон олон минь ээ. Mэдээж баяртай байлгүй яах вэ. Би саяхан 8 дугаар сард настай ээжийгээ аваад Хөвсгөл рүү аялаад ирсэн. Надаас илүү ээжийн минь магнай тэнийж, сэтгэл нь их хөдөлж явааг харах их сайхан байсан. Хөгшин ээж маань их гоё дуулдаг хүн байдаг юм аа, байгалийн сайхныг хараад ээж минь өөрийн эрхгүй дуу аялж явсныг хараад надад их сайхан санагдсан, эхийгээ баярлуулж байгаа охины хувиар үгээр хэлэмгүй аз жаргалтай аялал болсон доо.

Хөвсгөл нуур маань үнэхээр гайхам сайхан шүү.

Гайхам сайхнаар барах уу даа, байгаль ээж өөрөө ийм л аугаа юм. Хараацай шувууд сүрэглэн нисээд ээжийн минь дуулах дуунаар түмээрээ тойрч нисээд, буцаад явахад хагас бээр хиртээ хойноос дагаж үдэж өгсөн, сайхан хувь тохиол байгаа биз.

Байгаль ээж аугаа, таны дуунуудаас ч эх үрийн холбоо цаашлаад байгаль болон хүн хоорондын шүтэн барилдлага мэдрэгддэг.

Тэгэлгүй яах вэ. (инээв) Бид чинь, би чинь хөдөө талд өсөж төрсөн хүн. Хүүхэд байхад аав ээж мал хуйндаа явчихна, би чинь гурван дүүгээ хардаг айлын том охин. Ахуй амьдралаа залгуулахад таван хошуу мал, байгалиасаа л үр шим хүртэж өдийг хүрсэн учир эргээд байгалиа гэх сэтгэл, байгалиа хайрлах сэтгэл, өгөх авахын ухаан хүүхэд ахуй цагаас минь суусан. Уран бүтээлүүдээ туурвихад байгаль надад нөлөөлдөг. Байгаль өөрөөсөө үргэлж долгион гаргаж түүнийг нь хүмүүн бид өөрсдийнхөөрөө хүлээн авч өөрийн долгионтойгоо найрсуулж дуу болгон гаргах нь сайхан.

Үнэхээр л долгион гэж хэлэх юм байна, тэгээд дуулж гаргана гэдэг бүр ч гоё байхаа.

Бүх хүнийг л дуулдаг байгаасай гэж би хүсдэг, хойч үеийнхнийгээ ч дуулж яваарай гэж захидаг даа.

Уйлах ч гэсэн бас нэг сэтгэл хөдлөл, бас нэг долгион гэж хэлж болох байх, тийм ээ?

Тийм, яг тийм. Тогтолтыг минь үзсэн зарим хүмүүс “Нулимсаа залгиж үзлээ” гэдэг. Уйлмаар байсан бол уйлчихсан ч болно шүү дээ. Хүн дотогшоо бугшаад байх дэмий.

Өөрийнхөө дууг дуулж байхдаа өөрийгөө дахин шинээр олж хардаг удаа байдаг болов уу?

"Тайзнаа дуулах үед надаас янз бүрийн эрчим гардаг, орчлонгийн нэгээхэн содон орон зай бүрэлдэж би түүндээ автдаг. Бие, сэтгэл, сүнс гурваараа нэгэн цул болж олон өөр долгионыг гаргадаг. Шинээр олж харах гэхээс илүүтэй тухайн мөчид миний сэтгэлийн ундарга хэрхэн ундарч байна түүгээрээ л бусдыг халгиулдаг."

Таны дуулалт тухайн мөчид өөрчлөгддөг нь магадгүй зүрх сэтгэлийн долгисол олон янзаар үелздэгтэй холбоотой байх аа.

Би дэлхийн олон орноор тоглолт хийж явлаа. Бүгдээрээ ондоо. Тухайн нэг дууны ерөнхий бүтэц нэг хэдий ч миний өргөлтүүд, шилжилтүүд бүр тоглолт болгонд ондоо байдаг. Энэ бол тэр цаг мөчид надаас гарч буй үнэн мэдрэмж, сүнсний минь хүсэл. Урна эгчээ та яг студийн бичлэг шигээ дуулаач гэж асуувал би бараг чадахгүй гэж хариулна. Чадах, чадахгүйдээ биш тэр үеийн долгисол, найрсал өөр өөрийн гэсэн сүнслэг оршихуйтай байдаг учраас тэр юм.

Тоглолтыг тань үзэж буй хүмүүсийн найрсал бас чухал ч юм шиг.

Тийм. Тоглолт бүрийн өнгө өөр байдаг нь үзэгчидтэй ч мөн холбоотой. Би дуугаа амилалт гэж нэрийддэг. Тухайн тэр цаг мөчид дуу минь дахин шинээр амилдаг гэсэн үг. Дуугаа дуулж байтал гэнэтхэн дотроос минь нэг содон өнгө гараад ирдэг, магадгүй тэр бол тухайн тоглолтын ирсэн хүмүүсийн долгион, бид хамтдаа нэгэн цул болж байгаагийн илрэл байж болох юм. Энэ бол тухайн дууны шинэ амилал.

Дэлхийн олон орнуудад тоглолт хийж, аялж явахдаа авдаг мэдрэмжүүдийг асуувал?

Бидний энэ дэлхий асар уудам, дэлхий дээр оршин буй бүх зүйл өөрийн гэсэн амьтай. Амьтай зүйл болгон холбоотой, холбогддог. Олон сайхан газар орныг таньж мэдэж, олон зүй тогтлыг анзаарч ажиж явахдаа хайр гэдэг зүйлийг л хамгийн ихээр мэдэрдэг ээ.

Хайр гэж таны бодлоор?

Хайр бол асар том долгион гэж боддог.

Гоо сайхан гэдэг таны хувьд?

Байгаль эх, цэвэр тунгалаг сэтгэл.

Таны дараагийн цомог хэдийгээр гарах төлөвлөгөөтэй байна вэ?

Эгч нь ердөө тийм юмыг төлөвлөдөггүй дээ (инээв). Урлагийн найзууд, шавь нар маань ч бас хэлдэг юм. "Урна багшаа та цомог гаргаач ээ" гээд. Үнэхээр цаг нь ирвэл гарах байлгүй дээ. Цаг нь ирэхээр бүх юм дэлгэрдэг гэдэг үг байдаг.

Сүүлийн цомгоо та хэрхэн бүтээсэн бэ?

Төлөвлөөгүй явж байгаад л гэнэтхэн болчихсон. Амьдралын зам баялаг сайхан, бүх юм нь огтлолцоод таарчихсан. “Сансрын дуун” гээд сайхан бүтээл гаргасан, тэр дуу бол яг л дуугаа бичүүлж байхад үүссэн. Тэгэхээр бие сэтгэл минь ч цаанаасаа дэлгэрсэн мөч байсан.

Та дуугаараа сэтгэлийн амар амгалан, бие биеэ хайрлан хүндэтгэх сэтгэлийг уриалдаг гэж би боддог.

Уриална аа, өөрийн ая дуугаа өргөж яваа минь надад хамгийн том хувь заяа. Төрсөн нутаг, өвөг дээдэс, төрөл садан, үзэгчид сонсогчдодоо би талархаж явдаг. Хүн бүрт өөрийн гэсэн язгуур чанар гэж бий, миний дуунуудаас өөрийн төрөлх мөн чанарыг олж, сэтгэлийн амар амгаланг мэдэрч түүнээсээ амарлиж чадаж байвал бид бүхэн бие биеэ хайраар ивээж, энх цагийг өөрөөсөө болоод өрөөлөөс дуудаж болно оо.

Өнөөдөр болох гэж буй тоглолтын талаар хуваалцахгүй юу? 

Fat Cat Jazz Club-ийнхан маань намайг урьж, би гэдэг хүн ийн Монгол түмэнтэйгээ учран золгох гэж буй маань сайхан байна. Морин хуурч, төгөлдөр хуурч, гитарчид гээд мундаг хуур тоглодог дүү нартайгаа хамтарч байгаа нь энэ тоглолтын гол онцлог болов уу. Бид их сайхан найрсаж бэлтгэлээ дуусган үзэгчидтэйгээ мэндчилэхэд ийн бэлэн боллоо.

Та их сайхан дээл өмсөж ээ, цэцгэн хатгамал нь үнэхээр уран болж.

Өө нээрээ тийм байгаа биз. Алтан Утас оёдлын газрын Сарнай гэдэг бүсгүй надад хийж өгсөн юм. Уран гартай эмэгтэй байгаа юм аа.

Ярилцлага өгсөн танд баярлалаа, таны тоглолтод амжилт хүсье. Гайхалтай орой болох нь ээ.

Баярлалаа та нартаа, Монголчууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Ж.Булган

2026-10-09, 13:57