Buro 24/7 тойм: 3.1 Phillip Lim, pre-fall 2016

Онцгой

3.1 Phillip Lim-ийн шинэ цуглуулга дизайнерын хэлснээр их хотын бүсгүйн төгс хувцасны шүүгээ гэнэ. Тэр энгийн өдөр тутмын хувцсыг бүтээлч бас зугаатай хэв маягт оруулжээ

Бомбер хүрэм, өргөн өмд, пижам хэв маягийн хувцаснууд, комбинзон, трапеци хэлбэрийн юбка, хоолойтой цамц зэрэг нь бүхий л бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд байдаг, шинэлэг зүйлгүй хувцаснууд билээ. Харин Филлип Лим тэдгээр загваруудад шинэ амь оруулж чадлаа.

Тэр ихэнх дизайнеруудын адил сүүлийн үед тренд болоод буй сарафан даашинз, спорт хослол гэх мэт загварууд танилцуулсан ч, бүх зүйл нэг л онцгой харагдаж байсан юм. Энэхүү мэдрэмжийг хувцасны нарийн деталиуд төрүүлж байлаа. Филлип Лим beige өнгийн нисгэгчийн комбинзон дээр хээтэй тууз оёж, хамгийн энгийн загвартай бомберын нуруу хэсэгт бөөрөнхий хайчилбар нэмж, мөн ханцуйгүй топын цээжийг муруй ба бүдүүлэг утсаар чимсэн нь цуглуулгад өвөрмөц шинж чанар оруулжээ. Түүнчлэн дизайнерын хувцаснуудаа хооронд нь хослуулсан аргачлал нь бусдаас онцгой байлаа. Тухайлбал цайвар бор өнгийн комбинзон өмссөн загвар өмсөгч нарийн бэлхүүсэндээ хөнгөхөн цамц биш, харин ижил өнгийн аварга том хүрэм ороосон байв. Ерөнхийдөө цуглуулгын амжилттай болсон нууцыг тайлах гэж оролдохын оронд зүгээр л таашаал авцгаая.

Ө.Тодгэрэл

2015-12-09, 15:00

  • Зураг: