Бюро 24/7 тойм: Boss, pre-fall 2017

Хамгийн гол нь биед эвтэйхэн

Boss брэндийн бүтээлч захирал Жейсон Вугийн pre-fall 2017 цуглуулгыг хичээл зүтгэл гаргаагүй, энгийн бас хялбар гэх үгнүүдээр тодорхойлж болно. Зуны өнгөнүүд давамгайлсан эмэгтэйлэг даашинзууд цагаан өнгийн кет эсвэл хар өнгийн сонгодог лофертой хосолсноор маш энгийн атлаа дэгжин төрх бий болгосон байлаа. Цуглуулгын нэг ч даашинз өндөр өсгийттэй хослоогүй байсныг энд онцлох нь зүйтэй юм.

Ерөнхийдөө Жейсон Ву брэндийн бүтээлч захирлаар томилогдсоноос хойш олон төрлийн хэв маягийг туршиж үзсэн. Анх тэгш өнцөгт бүхий эсгүүртэй, саармаг өнгийн загварууд онцолдог байсан тэрбээр аажмаар улаан хивсний сүрлэг хувцас урлаж, хамгийн сүүлд бага зэрэг спортлог уур амьсгалтай өдөр тутмын загвар дээр төвлөрсөн байгаа.

Энэ удаагийн цуглуулгад дизайнер өвдөг давсан урттай, хуниастай даашинз ба сүлжмэл хийцтэй хувцаснууд онцолсон харагдлаа. Тэр улирлын гол тренд болох цайвар ягаан, бүүдгэр шар, тоосгон улаан гэх зэрэг зөөлөн өнгөнүүдийг сонгож, бүхэлдээ маш баяр баясгалантай цуглуулга бүтээжээ.

 

Ө.Тодгэрэл

2017-05-03, 17:00

  • Зураг: