Dolce & Gabbana брэндийн бүтээлч дизайнерууд болох Стефано Габбана, Доменико Дольче нар цаг үргэлж өөрсдийн төрөлх нутаг Сицил арлын гоо үзэмж, соёл ахуйг загварын бүтээлдээ шигтгэн урласаар ирсэн билээ. Энэ удаагийн Милан 2027 хавар-зун эрэгтэй загварын долоо хоногийн үеэр танилцуулагдсан цуглуулга нь ч мөн адил макрам нэхмэл, цэцгэн хатгамал, өнгөт чулуун шигтгээгээр загваруудаа чимж өгснөөр гоёмсог, тансаг өнгө аясыг цогцлоожээ. Мөн далайн эргийн элс мэт бэйж өнгөнөөс авхуулаад сонгодог хар, цагаан өнгө, сүүн цагаан өнгө тэр бүү хэл улбар шар, хүрэн улаан, ягаан зэрэг дулаан өнгөнөөс гадна гүн цэнхэр, ногоон зэрэг хүйтэн өнгөнүүд ч ажиглагдсан нь Сицилийн гудамж харгуйг өнгөлөг залуучуудаар чимэх гэсэн мэт байлаа. Мөн ил захидлын зураг мэт принт, босоо судалтай хээ, чулуун шигтгээ, хатгамлуудын аль нэгийг нь илт давамгай бус, тэнцвэртэйгээр хослуулжээ.
Уг загварын долоо хоногт Ralph Lauren брэндийн цуглуулга цэх шулуун эр төрхийг тодотгосон, зөв өмсгөлтэй, сонгодог хослолуудаар эхэлнэ. Аажимдаа өмсгөл нь суларч, чөлөөтэй хэв маяг руу шилжихийн хэрээр өнгө нь тодорч, судал принтээр алаглаж ирэх бөгөөд нухацтай эрчүүдээс, эрх чөлөөт эрчүүд хүртэлх олон хэв шинж, өнгө төрхийг нэгэн цуглуулгаар илэрхийлэхийг зорьсон бололтой. Олон тод өнгөнүүдийг хооронд нь зүйж оёсноор маш хөгжилтэй төрхийг бүрдүүлэх бөгөөд зарим цамцны энгэрт “polo bear” хүртэл дүрслэгдэж, цэцгэн баглаа сугавчилсан байсан нь цуглуулгын эхэнд танилцуулагдсан чанд ихэмсэг төрхийг яльгүй зөөллөж, америк преппи хэв шинжийг италийн өнгөлөг хувцасны элементтэй нийцүүлэн бүтээжээ.
Загварын салбарт мартагдах дөхөөд байсан эрэгтэй бариу силуэтийг Prada брэнд эргүүлэн авчирснаар “oversize” өмсгөл ноёрхсон өнөөгийн эрэгтэй загварын ертөнц дэх зоригтой шийдэл байлаа. Миланы 2027 хавар-зуны эрэгтэй загварын долоо хоногийн үеэр танилцуулагдсан Prada брэндийн уг цуглуулга нь савхин, даавуун, торон, сунадаг гэх мэт материалын сонголтууд туйлын баялаг байх бөгөөд өмдний суудал нь далий эсвэл өргөн бүс, торгон алчуураар бүсэлхийг ороох зэргээр өмдний манжаат хэсгийг сонирхолтойгоор шийдэж өгснөөр 2010-аад оны эхээр трэнд болж байсан скинни өмдийг илүү модерн хэв шинжтэй болгосон байлаа. Гол төлөв монохроматик байдлаар нэг өнгөөр дагнасан хувцасны стиль бүрдүүлэлт зонхилж байсан ч, зарим үед нэг л хурц тод өнгөөр өмд болон жижиг цүнхэнд акцент өгчээ.
Giorgio Armani брэндийн эрэгтэй загварын бүтээлч дизайнер албан тушаалд томилогдсоноос хойш хоёр дахь бүрэн хэмжээний цуглуулгаа танилцуулж буй Лео Дель’Орко нь домогт загвар зохион бүтээгч Жоржо Арманигийн үүсгэсэн загварын дэгийг ягштал баримталдгаа дахин нэг харууллаа. Он цагийн туршид үнэ цэнээ үл алдах чөлөөт хэв маягийн тухтай өмсгөлтэй хүрэм, хуниастай тааран өмд, кардиган цамц, торгомсог ноолууран цамцыг завсрын саарал, бэйж өнгүүдээр шийдэж өгчээ. Мөн энгэрийн шийдэл, захны оруулга, товчны далий байрлал, давхар халаас зэрэг жижиг деталь ажиллагаанд илүүтэй анхаарч, хүнд дүрслэлтэй хээ болон принтнээс татгалзсанаар шинэ цагийн сонгодог эрчүүдийн төрхийг тодорхойлжээ.
Миланы эрэгтэй загварын долоо хоногт анх удаагаа оролцож буй Thom Browne брэндийн цуглуулга эрэгтэй загварын үндсэн эсгүүр, бүтцийг эвдсэн нь нэлээдгүй экспериментал хэв шинжтэй болсон байв. Тус брэндийн үүсгэн байгуулагч, бүтээлч директор Том Браун A Bug’s Life хүүхэлдэйн кино болон Мэлхий, гүнж хоёр үлгэрээс сэдэлжүүлж энэхүү коллекцио бүтээжээ. Африкт ажиллахаар ирсэн өрнөдийн шавж судлаач мэт өргөн саравчтай сийрсэн малгай, хүүхэлдэйн киноны гэрэлтсэн тод пастель өнгөнүүд, шавжийн зураглалтай хүрэм, чек хээ, юбкатай хослолоос бүтэх энэхүү коллекц нь уламжлалт эрэгтэй хувцасны хил хязгаарыг давж, шинэ элементүүдийг туршсанаараа онцлог байлаа. Түүгээр ч зогсохгүй нэхмэл гурвалжин энгэртэй цамцыг бэлхүүс хүрэх урттайгаар оодгор болгож, зангиаг захны дотуур бус гадуур зангидаж, оймсыг дээш татаж өмсгөсөн нь цуглуулгын өвөрмөц, шинэлэг байдлыг улам тодотгож байв.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт