Өнгөрсөн ба ирээдүйг нэгтгэсэн Louis Vuitton брэндийн намар-өвлийн цуглуулга

Парисын загварын долоо хоногийг хааж Louis Vuitton брэнд цуглуулгаа танилцууллаа. Загварын шоу Луврын музейн Дарю болон Микеланджело галерейд болсон байна. Грек, Ромын эртний эд зүйлсийг хадгалдаг түүхэн газарт футуристик төрлийн загваруудыг танилцуулсан нь шоуны оргил хэсэг байсан юм. Загвар зохион бүтээгч Жескьер түүхэн цаг үеэс сэдэл авч, футуристик загварууд бүтээсэн нь дахин давтагдашгүй байдлыг нь илэрхийлсэн явдал болжээ. Цуглуулгад Францын хаадыг санагдуулам нөмрөг болон Регенцийн эрин үеийн солонгорсон даашинзууд багтсан байлаа. Үүнтэй зэрэгцэн сансрын хувцсыг санагдуулам куртка, ирээдүйгээс илгээсэн мэт гутал болон футуристик төрлийн гэмээр өвөрмөц халаастай цамцнууд харагдаж байв. Мөн Италийн Fornasetti брэндтэй хамтран Ромын домгийн принттэй пальто, костюмын хантааз, хилэн даашинз болон цүнхнүүдийг гаргажээ. Дүгнээд хэлэхэд Louis Vuitton брэнд энэ жилийн цуглуулгаа цаг хугацаа болон үйл явдлуудын огтлолцол дээр оршиж байгаа мэтээр танилцуулсан байна.

Buro.Mongolia

2021-03-11, 10:27