Бюро 24/7 тойм: Tom Ford, хавар-зун 2018

Том Форд эргэн ирлээ

Нью-Йоркийн загварын долоо хоногт хоёр жилийн турш оролцоогүй Том Форд энэ хугацаанд зүгээр суусангүй. Дизайнер энэ үеэр "Nocturnal Animals" гэх Оскарт нэр дэвшсэн бүрэн хэмжээний киног найруулж, зохиолыг нь бичиж, зураг авалтыг нь бүхэлд нь хариуцсан. Том Форд бол загварын ертөнц дахь жинхэнэ шүтээн юм. Тэрээр Gucci-гийн бүтээлч захирлаар ажиллаж байх хугацаандаа тачаангуй байдлыг эргээд моодонд оруулж, 1990-ээд оны загварыг тогтоосон цөөн дизайнеруудын нэг болсон. Мөн энэ бүх амжилтаа Том Форд нэрийн брэнд рүүгээ шилжүүлэн авчирч, одоо хэрэн салбарынхныг гайхшруулсан хэвээр байгаа.

Сүүлийн улирлуудад загварын тайз дээр шинэ дизайн гэхээсээ илүү стилистик аргачлалын ачаар шинээр амилсан дүр төрхүүд ноёрхож байсан. Энэ үед бүгд л Том Фордоос ямар нэгэн хариу үйлдэл хүлээж байлаа. Удаан хүлээлгэсний эцэст дизайнер хүмүүсийн найдлагыг биелүүлж чадлаа. Тэрээр Gucci-д байх үеийнхээ гоо зүйн чиглэлийг эргэн дурсаж, хамба хилэн пиджак, нарийн зураас мэт харагдах хөхний даруулга, нам суудалтай брюк өмд, гялалзсан материалтай хүрэм гэх зэрэг өөрийн гэсэн этгээд уур амьсгалтай загварууд тайзнаа гаргалаа. Эдгээр загварууд нь 1996 оны Gucci, 2004 оны Saint Laurent-ыг санагдуулж байсан бол, хэтэрхий өргөн мөртэй пиджак, атлас материалтай хослол ба богино гялалзсан даашинз нь 1970-аад оны телевизийн цувралуудаас санаа авсан байлаа.

Том Фордын эргэн ирэлтийг дуулиантай гэж нэрлэхгүй. Гэхдээ дизайнер яг энэ үед бидэнд шаардлагатай байсан шинэ уур амьсгалыг авчирч чадсан нь үнэхээр магтууштай.

Buro.Mongolia

2017-09-08, 17:00