Velin сэтгүүл: Кино дүр бүтээхэд Патриша Филдийн оролцоо

Кино урлагт тухайн дүрийг үзэгчдийн сэтгэлд мөнхрүүлж чаддаг зүйлийн нэг нь яах аргагүй тухайн дүрийн хувцаслалт байдаг. Эмэгтэйчүүдийн дунд ч киноны дүрийн хувцаслалтаас санаа авч өөр дээрээ хэрэгжүүлэх тохиолдол түгээмэл. Угтаа амьдрал дээр даган дуурайж болох дэгжин эмэгтэйчүүдийн тухай кино цөөнгүй гэдгийг ч бид бүгд мэднэ. Тэр дундаа бүсгүйчүүдийн нөхөрлөлд тулгуурлан амьдралыг дөрвөн өөр өнцгөөс өгүүлэх Sex and the city, Netflix платформоор гарсан даруйдаа багагүй шуугиан тарьсан Emily in Paris, загварын ертөнц дэх бодит үйл явдлыг гайхалтай харуулсан Devil wears Prada киног охид хүүхнүүд андахгүй сайн мэдэх биз ээ. Эдгээр дэлгэцийн бүтээлүүдийн ард харин нэгэн эмэгтэйн авьяас хөдөлмөр шингэсэн байдаг бөгөөд тэр бол Америкийн алдарт стилист, дизайнер Патриша Филд билээ.

Патришагийн хүүхэд насны дурсамж хийгээд түүний туулсан зам тийм ч олон салаа байсангүй. Түүний хувцас загвартай нөхөрлөсөн түүх тун энгийн бөгөөд Патришагийн эцэг эх хими цэвэрлэгээний газар ажиллуулдаг байсантай нь холбоотой. Тэр үед л бяцхан охин хувцас хүнийг хэрхэн тодорхойлж болдог талаар гүн сэтгэгдэл өөртөө шингээжээ. Харин түүн шиг хувцас загварын салбарт ажиллах сонирхолтой хүмүүс хэдэн саяараа байдаг Нью-Йорк хотод хүн өөрийн байр суурийг олж, тогтоон барих нь маш ярвигтай хийгээд өрсөлдөөнтэй. Учир нь АНУ-ын өнцөг булан бүрээс залуус өөрсдийгөө олох гэж Нью-Йоркийг зоридог. Нэмээд олон улсаас ирж урлагийн салбарт хүч үзэх сонирхолтой олон сая залуучуудыг мартаж болохгүй. Патришагийн хувьд бага залуугаасаа л хувцас дизайнераар ажиллах сонирхолдоо хөтлөгдөж тэр дундаа кино урлагтай холбогдсон нь хувь тавилан хэлж ч ирсэн, бас хийсэж ч ирсэн гэлтэй. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Ээжид маань надад зарцуулах цаг тун бага байсан. Би бүх шийдвэрүүдийг өөрөө гаргадаг байсан л даа, тухайн үед би өөрийгөө бусдаас илүү онцгой гэж боддоггүй байсан ч яг одоо өөрийнхөө бага насыг эргээд бодоход би үнэхээр бусдаас өөр хүүхэд байсан юм билээ" хэмээн дурсжээ.


Patricia Field outside of her store on 8th Street 1987
Patricia Field and Myra Lewis 1980s

1966 онд тэрээр анхны хувцасны дэлгүүрээ Pants Pub нэртэйгээр нээсэн бөгөөд өөрийн нэрийн дэлгүүрийн байршлыг хэд хэдэн удаа сольсны эцэст, Нью-Йоркийн 8 дугаар өргөн чөлөөнд Patricia Field хэмээн өөрийн бүтэн нэрээр дэлгүүрээ нэрлэн ажиллаж эхэлжээ. Түүний худалдаалдаг хувцас, гоёл чимэглэлүүд их хотын залууст багагүй танигдаж тэр дундаа бэлгийн цөөнхүүд дунд нэлээдгүй алдаршсан нь Патриша хамгийн этгээд, чамин зүйлсийг худалдаалдаг байсантай нь холбоотой. Нью-Йорк хотын шөнийн цэнгээний дэгжин залуус, драг үзүүлбэр үзүүлдэг хатад ч Патришагийн байнгын үйлчлүүлэгчид байв.

Патриша Филд 80-аад оны дундуур алдартай загварын редактор Канди Праттс Прайсын зөвлөсний дагуу өөрийн нэрийн брэндийг гаргах ажилд зориг шулуудан ажиллаж байлаа. Яг энэ үетэй зэрэгцэн Lady Beware нэртэй сэтгэлзүйн триллер кино хийх болсон тухай Universal студи мэдэгдэв. Найруулагчид кино баг бүрдүүлэх явцдаа хувцасны дизайнер хайж буй талаар загварын редактор Праттс Прайс руу утас цохиж хүн сураглажээ. Харин Праттс тэдэнд дотно найз Патришаг санал болгосноор кино урлагт анхны алхмаа амжилттай хийж, 1987 он түүний хувьд эргэлт өөрчлөлтийн жил болов. Учир нь тэр үеэс түүний карьер кино урлагтай нягт холбогдож эхэлсэн байдаг.


Sex and the city

1995 онд Патриша Miami Rhapsody романтик инээдмийн кинонд стилистээр ажиллаж гол дүрийн жүжигчин болох Сара Жессика Паркертай анх танилцсан нь тэдний урт удаан нөхөрлөлийн эхлэл болов. Өнөөдөр бүсгүйчүүд дурсамж яриандаа Патришагийн замнал жүжигчин Сара Жессика Паркертай нягт холбоотой гэдгийг олонтоо дурддаг бөгөөд ажил хэрэг гэлтгүй амьдрал дээр ч тэд дотно найзууд юм. Дэлхий дахинд шуугиан тарьсан алдарт Sex and the City цувралын стилистээр Патриша гарамгай сайн ажилласан нь түүнийг олон улсад танигдах үүд хаалгыг нээж өгсөн билээ. Киноны гол дүрүүд болох Саманта, Шарлот, Миранда мөн Кэрри гэх дүрүүдийг хувцаслалт, имиж бүрдүүлэлтээр тодотгож, дүр хөгжүүлэлтийг маш сайн илэрхийлснээр Патриша өөрийгөө ямар торгон мэдрэмжтэй гэдгээ харуулж чадсан юм. Нөгөө талаараа Патриша байгаагүй сэн бол кино амжилтад хүрэхгүй байх байсан гэх ч шүүмж бишгүй байдаг билээ.

Patricia Field and Kim Victoria Cattrall

Дөрвөн эмэгтэйн хувийн амьдралын тухай өгүүлэх тус цувралд бүсгүйчүүдийн дунд түгээмэл тохиолддог сэдвүүдийг хөндөж, хосын болон гэр бүлийн харилцаанд үүсдэг асуудлуудыг илэн далангүй нээлттэйгээр харуулж, эмэгтэй хүн нийгмийн хувьд хэн байх, эрэгтэй хүнтэй болон эрчүүдгүйгээр эмэгтэй хүн ямар зам туулж болохыг ч мөн киноны үйл явдал харуулдаг. Гол дүр болох Кэрри сэтгүүлд өгдөг нийтлэлээрээ дамжуулан өөрт болон найзууддаа тохиолдож буй асуудлуудыг “нүцгэн” үнэнээр нь хүүрнэж уншигчдадаа асуулт болгон үлдээхээс гадна гарц гаргалгаа бүхий бусдын хариултыг ч давхар өгүүлж буйгаараа шинэлэг болж чадсан юм. Харин Нью-Йорк хотын дөрвөн найз бүсгүйчүүд юу өмсөх вэ гэдэг асуултын хариултыг Патриша бүтээлчээр харуулж чадсан бөгөөд дүр бүрийн зан чанарт тохируулан хувцаслалтыг нь бүрдүүлсэн түүний ажил үнэхээр гайхамшигтай.


Миранда Хопс

Миранда Хопсын дүр бол өөрийн карьерыг босгож буй жирийн хуульч эмэгтэйн дүр бөгөөд тэрээр аливааг хөгжилтэйгөөр егөөдөж чаддаг нэгэн. Найзуудаасаа хамгийн түрүүнд ээж болсон тэрээр ажлын амжилт болон эх хүн байх үүргээ тэнцүүхэн авч явах боломжтой юу гэдгийг үзэгчдэд харуулдаг. Мирандагийн хувцаслалт бол ажил хэрэгч атлаа минимал төрхийг илэрхийлдэг бөгөөд амралтын өдрийг тэрээр аль болох өөрт амар хувцсыг сонгож юу тааралдсанаа өмсөж найзуудтайгаа цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалдаг бол үдэшлэг, болзоонд өвдөг давсан даашинзаар гангарах нь элбэг.

Cynthia Nixon

Саманта Жонс

Тэрээр эр хүнээс илүүтэйгээр өөртөө хайртай байхыг эрхэмлэдэг нэгэн. Эрчүүд бол зөвхөн хэрэглээ төдий ойлголт хэмээн боддог тал ч түүнд бас бий. Богино харилцаа, нэг шөнийн явдалд тэрээр нээлттэй ханддаг ч чухал харилцаанд өөрийгөө аварч үлдэхийг чухалчилдаг. Саманта эмэгтэйчүүдийн байр суурийг үргэлж нэгт тавьж, найз бүсгүйчүүдээ ч бусдаас хамгаалдаг дайчин бүсгүй. Харин тухайн дүрийг Патриша хувцаслалтаар үнэхээр гайхалтай тодотгож чадсан. Нээлттэй бүсгүй юу ч өмсөж чадна гэдгийг харуулж секси дүр төрх, галбир тодотгосон хослол, хараа булам макси үнэт эдлэл, гурвалжин энгэртэй хувцас гагцхүү Самантагийн сонголт. 

Kim Victoria Cattrall

Шарлотт Йорк

Шарлоттын дүрийг Патриша чамгүй удаан судалсны эцэст түүнийг классик гэрийн эзэгтэйгээр төлөөлүүлж хувцаслах бус харин сэхээтэн гаралтай, урлагийн чиглэлээр ажилладаг даашинзаар гоёх дуртай нэгэн гэдгийг нь онцлохыг хүсжээ. Цагаан морьтой ханхүүгээ хүлээдэг тэрээр өөрөө яг л гүнж шиг хувцасладаг гэдгийг харин бид анзаарах хэрэгтэй. Болзоо шиг болзоо, гэрлэлт шиг гэрлэлт хүсдэг тэрээр найзуудынхаа буруу зөвийг ч мөн хэлж ойлгуулдаг нэгэн. Түүний хувцаслалтыг харин загварын ордны винтеж даашинзнуудгүйгээр төсөөлшгүй.

Kristin Davis

Кэрри Брэдшоу

Кэрригийн дүр бол хувьсамтгай. Тэрээр жинхэнэ хайрыг хайх хэдий ч хосын харилцаанд олонтоо давтагддаг сэдвүүдийг өөрийн биеэр туулдаг. Түүний хувцасны шүүгээнд бараг бүх л брэндийн хувцаснууд байх ч хамгийн их шунан дурладаг зүйл нь өсгийтэй гутал, тэр дундаа Manolo Blahnik. Нью-Йоркийн хамгийн мундаг нийтлэгч гэж түүнийг өргөмжилдөггүй ч хувцаслалтын хувьд хотынхоо хамгийн загварлаг хүүхнүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Тус дүрийг гаргахын тулд Патриша олон брэндүүдийг хооронд нь хольж дэлхийн загварын сэтгүүлүүдийн мэргэжилтнүүдээс ч илүү авьяаслаг гэдгээ харуулж чадсан билээ. Кэрри зарим хувцсаа хуучин хувцас худалдаалдаг дэлгүүрээс авснаа киноны хэсэгт дурддаг бол яг бодит амьдрал дээр ч Патриша үнэхээр хуучин хувцасны дэлгүүрээс хувцас авч өмсүүлж байжээ. Стилистийн ажиллагаа талаасаа винтеж хувцас болон шинэхэн загваруудыг хольж, гудамжны хэв маягийг шик дүр төрхтэй хослуулж зоригтой тоглолтуудыг хийж Кэрригийн дүрийг улам баяжуулж, түүгээр ч зогсохгүй өнгөний хослол, хувцасны деталь, хэв маяг бүрээр туршилт хийж, хэний ч төсөөлөөгүй эвлүүлгүүдийг бүтээж чадсан нь дүрийг илүү амьд, уран сэтгэмжтэй, дахин давтагдашгүй болгосон. Мөн энэхүү Патришагийн санааг жүжигчин Сара Жессика Паркер гүнээ ойлгож яг л Кэрри гэх эмэгтэйг бодит амьдрал дээр ийн буулгаж, амьдруулж чаджээ. 

Caroline Marie Bradshaw

Devil Wears Prada

Devil Wears Prada кино ижил нэрт номоос сэдэвлэж, үнэндээ тэр ном бодит явдлаас сэдэвлэсэн билээ. Vogue сэтгүүлийн ерөнхий редакторын туслахаар ажилд орсон бүсгүй өөрөө бичиж ном болгон гаргасан бөгөөд энэхүү номыг кино болгон дэлгэцэд буулгахад Патришагийн оролцоо маш их байсныг заавал дурдах нь зүйтэй. Нэг зуун мянган ам.долларын хувцасны төсөвтэй байсан ч Патришагийн найзууд болон бусад брэндүүдийн оролцооны дүнд бүх жүжигчдийн өмссөн хувцаснууд нийтдээ нэг сая ам.доллароор үнэлэгджээ. Миранда Престлейгийн дүр бол угтаа Анна Винтур юм. Гэсэн хэдий ч тус дүрийг бүтээхдээ Аннагийн хувцаслалтыг дуурайлгүй, хувцас загварын салбарыг атгадаг нөлөө бүхий эмэгтэйн хувцаслалтыг тэрээр шинээр бүрдүүлэн зохиомжилсон гэдэг. Гол дүр болох Мирандагийн өмсөж буй гутлууд дийлэнх нь Prada брэндийнх байсан төдийгүй киноны багахан хэсэгт гардаг Мирандагийн зүүсэн хүзүүний зүүлт гэхэд нэг зуун мянган ам.долларын үнэ бүхий Fred Leighton-ы үнэт эдлэлийн дэлгүүрийнх байсан нь Патришагийн холбоо сүлбээ Нью-Йорк хотод аалзны тор шиг л байсныг давхар илтгэнэ. Кинонд зориулж зээлээр авах тохиолдол ч байсан учир Мэрил Стрийп заримдаа хувцсаа толбо болгохгүйн тулд хоол идэхгүй байх тохиолдол гарч байсан гэдэг.

Meryl Streep and Patricia Field

Emily in Paris

Патриша Sex and the City, Just like that цувралд үргэлжлүүлэн ажиллаж чадаагүй учир нь тэрээр Emily in Paris телевизийн олон ангит кинонд ханцуй шамдан орсонтой нь холбоотой. Киноны гол дүр болох маркетингийн мэргэжилтэн бүсгүй Эмили байгууллагынхаа Парис хотын салбарт томилогдон ажиллаж буйгаар киноны үйл явдал эхэлдэг. Үүгээр хувцас загвар болон соёлын зөрчилдөөн эхэлж тэрээр парис бүсгүйчүүд шиг хувцаслах шийдлийг америк дэгжин байдалтайгаа хослуулдаг. Эмили эхэндээ Парис хотын гял цал орчинд гадаад хүн шиг өхөөрдөм хэтрүүлэгтэй хувцаслалтаар гангардаг ч, улмаар Парисын хэв маягт уусахдаа тэнцвэртэй, глам шик дүр төрхийг олж авдаг. Ердөө энэ үйл явдлаас л харахад тухайн дүрд тохирсон хувцаслалт ямар чухал гэдгийг анзаарах нь зүйтэй.

Ж.Булган

2026-10-13, 16:48