JW Anderson X Johnstons of Elgin брэндүүдийн хамтрал

Алдарт дизайнер Жонатан Андерсоны үүсгэн байгуулсан JW ANDERSON брэнд болон Шотландын ноос, ноолууран хувцасны Johnstons of Elgin хамтран шинэ капсул цуглуулгаа танилцууллаа.


229 жилийн түүхтэй Шотланд гар урлалын Johnstons of Elgin-ий уламжлалт арга техник, JW ANDERSON брэндийн бүтээлч санаа, график хээгээр баяжуулсан тус цуглуулга нь пальто, ноосон цамц, ороолт зэргээс бүрдэнэ.


Улаан өнгийн хоёр эгнээ товчтой пальто нь Шотланд дөрвөлжин хээг илүү томоор буулгаж, бүдүүн ширхэгтэй нэхээс энгэрийн зах хэсгээр сэмэрсэн мэт байдлаар зохиомжилжээ.


Жаккард ноосон цамцны хувьд мөн адил дөрвөлжин хээтэй загвартай бөгөөд Шотландын Хауик хот дахь Johnstons of Elgin-ийн үйлдвэрт сүлжин боловсруулсан байна.


Ороолтын хувьд цэвэр ноолуураар бүтээгдсэн бөгөөд Johnstons of Elgin брэндийн 1930-аад онд гаргаж байсан хурганы дүрсийг JW Anderson-ий 2026 оны ресорт цуглуулгад танилцуулсан Ribbon Anchor хээтэй хослуулсан байна.

Ж.Булган

2026-11-18, 16:54