Загварын хорхойтон хэн бүхний догдлол дүүрэн хүлээдэг мөчүүдийн нэг Met Gala үдэшлэг энэ жил “урлаг” болоод “загвар”-ын төгс нийлэмжийг сэдвээ болгосон нь дэлхий даяар өндөр хүлээлт тогтоогоод буй. Уран зургийг амьд болгох, эсрэгээрээ оршин буйгаа дүрсэлж буулгах гэхчлэн улаан хивснээ ямар нэг содон зүйл хүлээх хэн бүхэнд хувцас загвараас гадна нүүр будалтын шийдлүүд анхаарал татаад байна. Fashion is Art буюу загвар бол урлаг хэмээх сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй Met Gala-д ирсэн зочдоос онцлох гоо сайхны өвөрмөц шийдлүүдийг уншигчдадаа хүртээл болгож байгааг хүлээн авна уу.
Христийн шашны урлагт "Sorrowful Mother" дүрслэл буюу Мэри Магдалиныг асар их уй гунигт автаж буй төрхийг том нулимс дуслуулан мэгшиж буйгаар дүрсэлдэг. Загвар өмсөгч Анок Яй энэ үдэш алтан суурьтай нүүр будалт дээр том дусал бүхий нулимс урсган, богино үсээ буржийлган янзалсан нь зэс баримал адил үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Оролцсон жил тутамдаа өөрийн дүр төрхөөр “шинэ стандарт” тогтоон, Met Gala үдэшлэгийн хатан хэмээн өргөмжлөгддөг Рианна энэ удаа мөн адил сүр жавхлантайгаар хүрэлцэн ирлээ. Maison Margiela брэндийн даашинзаар гоёсон тэрбээр арт деко хэв маягийн үс засалтыг алтан өнгөөр тодруулж, очир эрдэнийн чимэглэлийн хамт хослуулжээ. Брэндийн 2025 оны гар урлалын цуглуулгаар танилцуулагдсан эл даашинз Нидерландын архитектурын дүрслэлээс санаа авсан ба христийн шашинд дүрслэгддэг чимэг, зүүсгэл нэмэлтээр шигтгэж өгсөн нь өвөрмөц байлаа.
“Энэ дүр төрхийг бүрдүүлэх гэж 53 жилийн турш бэлдлээ” хэмээн хошигнох дуучин Бэд Банни эл үдэш нүр хувиргалтын мастер Майк Мариногийн хамт өөрийн нас нэмсэн дүр төрхөөр айлчиллаа. Cartier брэндийн архивд багтах 1995 оны цагаар гангарч, алтан иштэй таяг тулсан тэр бээр нас нэмж ухаан сууна гэдэг огтхон ч санаа зовох зүйл биш. Харин ч бахархах ёстой амьдралын нэгээхэн хэсэг гэдгийг онцолсон буюу “амьдрах урлаг”-ийг харуулсныг хэвлэл мэдээллийнхэн онцолж байв.
Эл үдшийг чимэх зочид дунд жүжигчид цөөнгүй хүрэлцэн ирлээ. Тэгвэл “өөрсдийн нүүр царайгаар урлаг бүтээнэ” гэх ойлголтыг амилуулан, жүжигчин Гвендолин Кристи өөрийн төрхийг баг болгон сийлжээ. Түүний хувьд баг нь зөвхөн өөрийг нь халхлах биш харин ч өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө тольдох, бүр өөрийгөө хамгаалах ч хэрэгсэл байж болно гэсэн санааг агуулж байгааг дурдаж байв.
Энэ удаагийн Met Gala тайзан дээр духны урдуур нямбайлан буржийлгасан үс засалтууд Франц шик төрх цөөнгүй алдартнуудын сонголт болжээ. Одесса Эзайон болон Зои Кравиц, Жэнни, Кайли Жэннэр гэх алдартнууд үсний ширхгийг нэг бүрчлэн сийлсэн эсвэл нэг бүрчлэн зурсан мэт янзалсан нь баримал адил үзэсгэлэнтэй харагдуулахаар зорьсон байна.
Цэнхэр будагт дүрчихсэн мэт гар, чулуун баримал болон хувирч буй юм шиг саарал мутар, хамба хилэнгээр бүрсэн эсвэл төмрөөр цутгасан хэлбэртэй гээд энэ бүхнийг бүтээж буй “гар” өөрөө энэ үдшийн хамгийн чухал биеийн хэсэг байсан гэлтэй. Урлаг болоод загвар алийг нь ч дурдсан энэ бүхнийг хүн сэтгэж, хүн бүтээж буйг сануулах адил гарыг онцолсон хэсгүүд магад энэ үдэш урлагийг илэрхийлсэн хамгийн бүтээлч илэрхийллүүдийн нэг болсон гэхэд хилсдэхгүй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт