НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17-р бага хурал (COP17) Монгол улсад ид өрнөж байна. 2020 оны цөлжилтийн үнэлгээгээр манай орны нийт газар нутгийн 76.9% буюу 120.3 сая га газар доройтсон хэмээн гарсан нь зөвхөн Монгол улсад л нүүрлэж буй аюул биш билээ. Учир нь дэлхийд жилдээ дунджаар 24 мянган тонн ноолуур үйлдвэрлэгддэгээс 40%-ийг нь Монгол улс дангаараа нийлүүлдэг бөгөөд ноолуурын эх үүсвэр болох ямаан тоо толгойноос үүдэлтэй цөлжилт нь манай орноос ноолуур импортлон авдаг дэлхийн загварын салбарын томоохон брэндүүдийн ч асуудал мөн билээ. Цөлжилтөөс шалтгаалан Монгол орны мал аж ахуй хямарснаар загварын топ брэндүүдийн ирээдүйн тогтвортой үйл ажиллагааг хангахад болон нэмүү өртөг шингээн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, цаашлаад ашиг хүртэхэд нь ч нөлөөлж болох тул зөвхөн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй сайн үйлийн аян бус, компанийн цаашдын ирээдүйг шийдэх бодлогын чухал хэсэг байх ёстой юм.
Тэр ч утгаараа дэлхийн загварын ертөнцийн оройн манлайд заларсан LVMH групп, Италийн ноолууран хувцасны Loro Piano брэнд, Английн ноос, ноолууран бүтээгдэхүүний Jonhston Of Elgins зэрэг компанийн төлөөллүүд СОР17 хуралд оролцож буй нь зүйн хэрэг бөгөөд загварын салбарын тогтвортой хөгжлийг хангахад, мөн Монгол улсаас дэлхийн зах зээлд ноолуурыг хэрхэн тогтвортой нийлүүлэхэд, цаашлаад энэхүү төсөл хөтөлбөрүүд нь бэлчээрийн талхлалтад хэрхэн эергээр нөлөөлж болох талаар өөрсдийн байр суурь, хэрэгжүүлж буй бодлого, цаашдын төлөвлөгөөгөө нээлттэй семинар болон панел хэлэлцүүлгийн үеэр ярилцлаа. Гагцхүү дэлхийн ноолуур үйлдвэрлэлийн 40 хувийг дангаараа эзэлж буйгаараа монгол ноолуураар бүтээсэн үнэ цэнийг зөвхөн өөрсдөдөө бүтээх бус, эцсийн үр ашиг нь ч Монгол улсад л үлдэх ёстой. Тиймээс ойрын ирээдүйд томоохон брэндүүд ноолууран бүтээгдэхүүний салбар үйлдвэрлэлээ Монголд байгуулж, туршлага арга барил, технологио бидэнтэй хуваалцан, малчдад малаасаа хүртэх ашгийг нэмэгдүүлэн, ноолуураас үүдэлтэй цөлжилтийн эсрэг арга хэмжээнд уриа лоозонгийн чанартай бус, бодитоор гар бие оролцоно гэдэгт найдаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт