Зургаадугаар сард танилцуулагдсан онцлох брэнд хамтралууд

Gen Z үеийнхний хамгийн дуртай брэндүүдийн нэг Gentle Monster алдарт загварын ордон Prada-тай хамтарсан бол Reebok брэнд сонгодог загвараа шинэчлэн Парисын загварын тайз дээр танилцууллаа. Брэндүүд өөрсдийн таних тэмдэг болсон өнгө төрхийг баяжуулдаг нь зөвхөн борлуулалтын зорилгоор бус, бүтээлч ажлыг үнэлэх томоохон хөшүүргүүдийн нэг байдаг. Ингээд зургаадугаар сард танилцуулагдсан таван бүтээлч хамтралуудыг түүвэрлэн хүргэе.


Prada x Gentle Monster

Азийн зах зээлд хэрэглэгчдэдээ тохирсон бүтээгдэхүүн хийж эхлэх зорилгоо давуулан биелүүлж, сурталчилгаа болон сав баглаа боодол гээд бүхий л хэсэгтээ өөрсдийн бүтээлч өнгө аясаар ялгарч чаддаг Gentle Monster брэнд тансаг зэрэглэлийн Prada брэндтэй хамтарлаа. Гурван тусдаа загвараас бүрдэх энэ шил хурц өнцөгт хүрээ, нүүрэнд хөнгөн тогтож чих болон хамар дээр бага ачаалал өгөх титан материалаар хийсэн гоёмсог нум зэрэг шийдлүүдийг багтааж өгчээ. Gentle Monster брэндийн хувьд сурталчилгааны ажлуудаараа ямагт шинэлэг, содон өнгө аяс илэрхийлдэг ёсоор энэ удаагийн сурталчилгааг Жеймс Ж. Робинсон найруулсан байна. Сурталчилгаанд Prada брэндийн албан ёсны элч төлөөлөгч, Японы алдартай жүжигчин Кэнтаро Сакагүчи тоглосон ба хорвоо ертөнц дээр бүгдийг хөдөлгөх 5 хүч бол шороо, ус, гал, хий болон хайр гэсэн өгүүлэмжээр аялуулах аж.

Уг цуглуулга долоодугаар сарын 6-нд албан ёсны дэлгүүрүүдэд, харин 7-ноос цахим хаягаараа худалдаалж эхлэх хуваарь тавигдсан ба Азийн сонгогдсон улсуудад цөөн тоогоор хязгаарлагдмал хугацаагаар борлуулах билээ.


Rick Owens x adidas

Adidas брэнд бүтээлч хамтралуудад хэзээд нээлттэй хэр нь өөрсдийн өнгө аясыг алдагдуулалгүйгээр шингээж чаддагаараа алдартай. Энэ удаад тэд Rick Owens брэндтэй хамтарсан цуглуулгаа Парисын 2027 оны хаврын эрэгтэй хувцасны загварын шоуны үеэр танилцууллаа. Palais de Tokyo-ийн арын талбайд зохион байгуулагдсан уг шоу нь хоёр брэндийн анхны хамтрал биш бөгөөд 2013 оноос 2017 оны хооронд adidas-тай хамтран гүйлтийн болон өдөр тутмын загварууд гаргаж байсан билээ. Чамин хэлбэр дүрс болон илүү авангард, techno futurist дизайны хослолууд нь өнөөдрийг хүртэлх тансаг зэрэглэлийн болон спорт хувцасны хамгийн нөлөө бүхий, үр өгөөжтэй хамтралуудын нэг хэвээр байсан юм. Ийнхүү арван жилийн дараа дахин хамтарч, мөн анх удаа загварын тайзан дээр загваруудаа танилцуулсан нь загварын шүтэн бишрэгчдийн хувьд онцгой мөч болсныг эх сурвалжууд дээр онцолжээ. Цувыг илүү нүсэр болгох үүднээс дотор нь сэнс тавьж өгсөн нь тэсэхийн аргагүй хэмээн тодорхойлогдож буй энэ халуун өдрүүдэд төгс тохирсон загвар болсон талаар мөн хэрэглэгчид үнэлээд байна.


META glasses x Kylie Jenner

2026 оны 6-р сарын 23-ны өдөр албан ёсоор худалдаанд гараад буй Meta болон Кайли Женнер нарын хамтарсан ухаалаг нарны шил дээр Кайли зөвхөн загварыг нь гаргаад зогсохгүй сонирхолтой шийдлүүд нэмжээ. Шилний доторх Meta AI туслах нь Кайли Женнерийн өөрийнх нь хоолойгоор хариулах бөгөөд шилээ зүүхэд түүний влог дээрээ хэлж байсан хөгжилтэй үг болох "Rise and shine" гэх мэндчилгээгээр асдаг байна. Төхөөрөмж гэхээсээ илүү загварлаг аксесуар мэт харагдуулахын тулд минималист, классик хэв маягийг тусгасан нарийн, зууван хэлбэртэй загварууд танилцуулагдсан бөгөөд шилний хамарт будаг наалдахаас сэргийлсэн металл хамрын наалттай, шилний цэнэглэгч гэр дотроо толь зэрэг нэмэлт оруулгууд хийж өгсөн нь хэрэглэгчдээс өндөр магтаал хүртээд байна. Төхөөрөмжийн технологийн үзүүлэлтийн хувьд 3K нягтралтай зураг болон видео авах ultra wide (100-градус) камер, дуу сонсох спикер, 6 ширхэг микрофон багтжээ. Мөн Meta-гийн 2026 оны дөрөвдүгээр сард танилцуулсан Muse Spark хэмээх шинэ AI модел дээр суурилсан тул шууд дуут командаар орчуулга хийх, дуудлага хүлээн авах чадалтай.


Celine x Reebok

Бүтээлч захирал Майкл Райдерын танилцуулсан уг цуглуулгад Reebok брэндийн алдарт Freestyle пүүзийг цагаан, бараан бор болон хар өнгөтэй, зориуд элэгдүүлсэн мэт харагдуулахаар хурганы арьсаар шинэчлэн урлажээ. Анх 1982 онд танилцуулагдаж байсан Freestyle загвар нь тусгайлан эмэгтэйчүүдэд зориулж гаргасан анхны спортын гутал гэдгээрээ түүхэнд бичигдсэн байдаг. Өдөр тутамд өмсөхөд төгс тохирсон хэлбэртэй уг загварын пүүзний хэл, өсгий, ул болон зүүлт шошго дээр Celine брэнд өөрсдийн хэв маяг бүхий минимал чимгийг нэмж, хоншоор хэсэгт өөрсдийн логог онцолжээ. WWD сэтгүүлд бичсэн шүүмж дээр: "Түүний шоуны хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг нь гутлууд дээр тод туссан олон төрлийн хэлбэр дүрс, хэв маяг байлаа. Райдерын өмнө нь гаргаж байсан эрэгтэй үдээстэй балетын гутал маш их нөлөө үзүүлж байсан бол, энэ удаад хавтгай ултай шаахай хэлбэрийн гутал, түрийтэй гутлууд, хуучирч элэгдсэн мэт пүүзнүүд, пастел өнгийн сандаал болон чамин хийцтэй хоёр өнгө хосолсон монк гутал гээд шинэ төрлийн баялаг сонголтуудыг дэлгэлээ" хэмээн тэмдэглэжээ. Freestyle цуглуулга худалдаанд гарах албан ёсны огноо одоогоор тодорхойгүй байгаа ч 2027 оны хавар-зуны улирлаас албан ёсоор борлуулагдах хүлээлттэй байна.


Oakley x Kiko Kostadinov

Парист болсон Kiko Kostadinov-ийн 2027 оны хавар-зун эрэгтэй хувцасны загварын шоуны үеэр Oakley брэнд шинэ үеийн нүдний шилний туршилтын загвараа танилцууллаа. Үүний зэрэгцээ өмнөх Terraforma загвараа шинээр баяжуулсан хувилбарууд болон шинээр олон өнгөний хослолуудыг бэлдсэн байна. Цуглуулгын үндсэн концепцын үргэлжлэл болж гарч ирсэн уг нүдний шилнүүд нь зөвхөн гоёл чимэглэл, аксесуарын үүрэг гүйцэтгэхээс хальж, дизайны инновацын гол илэрхийлэл болж байв. Oakley брэнд өөрсдийн архивт хадгалж буй 1990 болон 2000-аад оны futuristic, содон загваруудаа орчин үеийн streetwear хувцаслалтад тохируулан сэргээж, Oakley Factory Team хэмээх бүтээлч төслийг эхлүүлсэн билээ. Тийм ч учраас уг зорилгод таарсан бүтээлч ажлууд эрэлттэй байгаа бөгөөд уг лаборато Kiko Kostadinov-ийн багтай ойр ажилладаг тул үр дүнтэйгээр туршилтын загваруудаа танилцуулж чадсан байна.

М. Анухатан

2026-07-03, 16:43