2026 оны хавар-зуны голлох чиг хандлага

Брэндүүдийн шинэ эрин эхэллээ

2026 оны хавар-зуныг тодорхойлох эхний шоу Micheal Kors брэндийн цуглуулгаар эхэлсэн бол Coach өөрсдийн загваруудаараа олны анхаарлыг нэлээдгүй татсан билээ. Мөн Америк улсаас гаралтай Ralph Lauren хэдхэн өнгөний тоглолттойгоор цуглуулгаа танилцуулж, Dolce & Gabbana унтлагын хувцсыг өдөр тутамдаа өмсөж болохуйцаар толилууллаа.

Өнгөрсөн жил нийт 15 гаруй дизайнерууд алдартай брэндүүдийн шинэ бүтээлч захирлаар томилогдож анхны цуглуулгаа гарган тухайн брэндүүдийнхээ үе үеийн хувьсал хийсэн загваруудыг дахин шинэчилж 2026 оны хавар-зуны загваруудаа танилцуулсан билээ. Энэ жилийг Dior болон Chanel-гүйгээр төсөөлшгүй, Balenciaga хуучны өнгө аясаа буцаан авчирч, Gucci улам л сонирхолтой болж загвар болгондоо нэр өгчээ. Ирэх хавар-зуны чиг хандлагыг тодорхой сэдэвт багтаан тайлбарлахад ярвигтай ч таны шүүгээнд шинэхэн сонголт болох хэд хэдэн загваруудыг дурдахгүй өнгөрч үл болно.


ШАРВААР ӨМД

Alaïa Spring/Summer 2026
Versace Spring/Summer 2026
Michael Kors Spring/Summer 2026
Altuzarra Spring/Summer 2026
Emporio Armani Spring/Summer 2026 

Шулуун оёдолтой, дүүжин хэлбэрийн жийнсийг сүүлийн жилүүдэд олон брэндүүд онцолж, Armani давхар хуниастай сул брюк танилцуулсаар байгаа бол энэ жил шарваар өмд эсвэл шагай хэсгээрээ шуумагтай өмднүүд загварт эргэн ирлээ. Ажилчдын хувцас буюу үйлдвэрийн ажилчдад зориулан бүтээж байсан эл өмдний загвар нэгэнтээ ирэх улирлын бүсгүйчүүдийн халуун сэдэв болон онцлогдож байна.


 ХҮЗҮҮНИЙ АЛЧУУР ИЛҮҮ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ БОЛОВ

Kallmeyer Spring/Summer 2026
Lanvin Spring/Summer 2026
Dries Van Noten menswear Spring/Summer 2026
Celine Spring/Summer 2026 
Chanel Pre-Fall 2026

Хүзүүний алчуур, ороолт зэргийг олон янзаар загварчилж болдог гэдгийг бид бүгд мэднэ. Энэ жил Celine болон Chanel брэндүүд торгон алчуураар бие ороох, юбка мэт харагдуулам загварчилгааг харууллаа. Жүжигчин Женнифер Лауренс болон Кайли Женнер тэргүүтэй алдартнууд өдөр тутамдаа торгон алчуурыг бүсэлхийгээрээ уяж камерын дуранд өртжээ. Магадгүй одоо бид өөрт байгаа алчуураа ирэх зун илүү олон янзаар хэрэглэх цаг айсуй.


УРТ ХАЙЧИЛБАРТ ЦАЦАГ

Fforme Spring/Summer 2026
Chanel Spring/Summer 2026
Chanel Spring/Summer 2026
Burberry Spring/Summer 2026
Louis Vuitton Spring/Summer 2026

Зуны улиралд полька хээ эргэн ирдэг бол өвөл гэлтгүй хаврын улиралд шотланд дөрвөлжин хээ ч мөн жил бүр танилцуулагддаг. Үүнтэй ижил даашинзны загварт цацган оруулга мөн л эргэн ирлээ. Энэ жил урт хайчилбарт цацгийг олон брэнд онцолж байна. Түүнчлэн кутюр хийцлэлд өргөн ашиглагддаг тэмээн хяруулын өдтэй даашинзнууд ч сонирхол татлаа.


СОРОЧКА

Dior Spring/Summer 2026
Chanel Spring/Summer 2026
Loewe Spring/Summer 2026
Ferragamo Spring/Summer 2026
Saint Laurent Spring/Summer 2026

Сорочкийг заавал өмд, юбканы дотуур өмсөх ёстой гэх ойлголт аль хэдийн хуучирч эсрэгээр нь сулхан гаргаж өмсөх нь өдөр тутмын болон албаны хүрээнээс хальж, дэгжин хувцаслалтын илэрхийлэл болж байна. Ийм сонголт нь албадмал бус, илүү орчин үеийн загварлаг дүр төрхийг бүрдүүлж, таны хийсэн энгийн алхам хүртэл дэгжин харагдаж болохыг дизайнерууд онцоллоо.


CLOUD DANCER ӨНГӨНИЙ ТУХАЙ

Dior Spring/Summer 2026
Simone Rocha Spring/Summer 2026
Isabel Marant Spring/Summer 2026
Balenciaga Spring/Summer 2026
Chloe Spring/Summer 2026

2026 оны хувцас загварын чиг хандлагад голлох өнгөөр нэрлэгдэж буй Cloud Dancer гэх өнгө нь бидний хэлж заншсанаар сүүн цагаан өнгийг хэлж байгаа билээ. Цасан цагаан, хундан цагаан, цалин цагаан гэх өнгөнүүдээс ялгаатай энэ өнгө нь үл ялиг шар туяатай гэж ойлгож болох. Сүүн цагаан өнгийг олон олон брэндүүд сонгож, бараг ярьж тохирсон уу гэлтэй тус өнгийг ээлж дараалан ашиглажээ.


80-ААД ОНЫ ЛОС-АНЖЕЛЕС

Bottega Veneta Spring/Summer 2026
Celine Spring/Summer 2026
Dior Spring/Summer 2026 Haute Couture
Versace Spring/Summer 2026
Prada Spring/Summer 2026

Харандаан юбка, товчтой цамц, V энгэртэй свитер зэрэг өдөр тутмын сонголтод тулгуурласан хувцаслалтад тод элемент нэмж, 80-аад оны загварт хараа булаам өнгөнүүдийн хоршил давамгай ажиглагдлаа. Тухайлбал, хээтэй цамцны завсраар цухуйх улаан өнгө, эсвэл завсрын зөөлөн өнгийг огцом тодотгох хурц өнгийн арьсан бээлий зэрэг нь энэ төрхийн онцлох нэг хэсэг.


УНТЛАГЫН ХУВЦАС

Stella Mccartney Spring/Summer 2026
Dolce & Gabbana Spring/Summer 2026
Prada Spring/Summer 2026
Fendi Spring/Summer 2026
Miu Miu Spring/Summer 2026

Сүүлийн жилүүдэд Dolce & Gabbana брэнд өөрсдийн хийж бүтээж байсан загваруудаа дахин эргүүлэн авчирч шинээр загварчилж байгаа билээ. Өнгөрсөн жил зохиогдсон загварын шоугаараа тэд 2026 оны хавар-зуныг тодорхойлохдоо унтлагын хувцсыг илүү нарийн ур хийцлэлтэйгээр танилцуулсан. Түүнчлэн Miu Miu болон Fendi тэргүүтэй брэндүүд дотуур хувцас мэт майкыг танилцуулсан нь үргэлж секси хувцаслалтад багтах бүлэг сэдэв билээ.


ЦЭРГИЙН ЗАГВАРТАЙ ХҮРЭМ ИЛҮҮ ЭМЭГТЭЙЛЭГ

Dolce & Gabbana Spring/Summer 2026
Chanel Spring/Summer 2026
Dior Spring/Summer 2026
Isabel Marant Spring/Summer 2026
Prada Spring/Summer 2026

Эмэгтэйлэг загвартай цэргийн хүрэм 2026 оны трендэд дахин тодорч байна. Хатуу материалтай атлаа галбир тодотгосон силуэт нь эмэгтэйлэг байдлыг илүү дөвийлгөсөн мэт. Эрэгтэй загваруудад хүртэл богино хүрэм танилцуулагдсан нь магад энэхүү загварууд цаашид нэлээдгүй танилцуулагдах бололтой.


АНХААРАЛ ТАТАХУЙЦ ДИЗАЙНТАЙ, НАМ ӨСГИЙТЭЙ УГЛААШ БУЮУ "STATEMENT MULES"

Bottega Veneta Spring/Summer 2026
Proenza Schouler Spring/Summer 2026
Dior Spring/Summer 2026
Loewe Spring/Summer 2026
Prada Spring/Summer 2026

Таны аливаа хувцаслалтад ерөнхий нэг л чамирхал хэрэгтэй бол тэр нь мэдээж тод өнгөтэй, сонирхолтой хэлбэр, уран хийцтэй углааш хэрэг болно гэдэгт итгээрэй. Loewe, Jacquemus, Manolo Blahnik, Jimmy Choo, Ferragamo гээд нам өсгийтэй углаашийг хамгийн өвөрмөцөөр толилуулдаг тэдний эгнээнд Prada, Proenza Schouler нэгдлээ. Энэ хавар-зуныг тэдэнгүйгээр төсөөлшгүй.

Ж.Булган

2026-02-09, 17:06