Анхааралд орж буй стилистик аргачлал: Даашинз болон өмдний хослол

Саяхныг хүртэл антитрендэд тооцогдож байсан даашинз, юбкаг өмдтэй хослуулах 2000-аад оны хэв маяг эргэн ирлээ. Энэхүү аргачлал нь Y2K урсгал эргэн дэлгэрэхэд брэндүүдийн цуглуулгад зонхилж эхэлсэн бөгөөд одоог хүртэл эрэлтээ алдаагүй байна. Тэр дундаа хавар-зун 2024 улирлын Копенхагены загварын долоо хоногийн үеэр тус хоршлыг харуулсан загварын орднууд цөөнгүй байсан юм.

GANNI SS24
Mark Kenly Domino Tan SS24

Майли Сайрус, Селена Гомес, Эшли Тисдейл гэхчлэн Диснейн оддоос эхлэн Энн Хэтэуэй, Жессика Альба зэрэг алдартнуудын 2000-аад оны зургийн цомгийг эргэн сөхвөөс нимгэн зуны даашинзыг нам суудалтай жийнсэн өмдтэй хослуулсан төрх цөөнгүй тааралдана. Энэхүү аргачлал нь тэр дундаа тухайн үеийн өсвөр настнуудын дунд эрчээ авч байлаа. Одоо тэгвэл дизайнерууд дан ганц жийнсэн өмд, нимгэн даашинзаар хязгаарлагдахаа больж тус хоршлоор дамжуулан ажил хэрэгч, streetwear, футуристик хэв маягийг хүртэл харуулах болжээ.

Ashley Tisdale
Miley Cyrus
Jessica Alba
Anne Hathaway

Тухайлбал, Fendi, Ferragamo, MM6, Helmut Lang загварын ордон оффис дресс-кодтой өмд даашинзны хослолыг цуглуулгадаа багтаажээ. Тэд брюкэн өмд дээр урт цагаан цамц, миди даашинз, А силуэттэй сарафан зэргийг давхарлан өмссөн байлаа. Харин илүү чөлөөт стилийг Ganni, Saks Potts, Henrik Vibskov гэхчлэн Скандинавын брэндүүд толилуулсан юм.

Henrik Vibskov SS24
Saks Potts SS24
Maison Margiela SS24
Helmut Lang SS24
Fendi SS24
Ferragamo SS24

Б.Энххүслэн

2023-12-28, 10:03