Chanel, Christian Dior, Gucci, Louis Vuitton зэрэг брэндүүд Resort загваруудаа танилцууллаа
Матье Блази өндөр оноотой юбка онцолж, Демна Гвасалия үслэг эдлэл танилцуулж, Жонатан Андерсон "Bar" хүрмийг шинэчлэн загварчилж, Николя Жескьер uptown/downtown хэв маягийг хослууллаа
Айлчлан ирсэн аялал зугаалгын өдрүүдийг тохиолдуулан дэлхийд данстай хэд хэдэн брэндүүд Resort шоугаа амжилттай танилцууллаа.
Chanel-ийн бүтээлч дизайнер Матье Блази ажлаа хүлээж авснаас хойш өөрийн анхны Resort коллекцоо ёслол төгөлдөр танилцуулж, түүнийг удаалан Жонатан Андерсоноор ахлуулсан Christian Dior брэнд өөрсдийн загваруудаа олноо дэлгэлээ. Жонатаны хувьд тэрээр тус брэндийн эрэгтэй, эмэгтэй хувцас мөн от кутюр цуглуулгыг бүгдийг нь гардаж бас болоогүй Resort тодотголтой нэмэлт загваруудыг гаргаснаар нэлээдгүй шахуу хуваарьтай ажилласаар байна.
Cruise эсвэл Resort нэрийн дор гаргадаг энэхүү загварууд нь от кутюр, намар-өвөл, хавар-зуны улирлын загваруудаас бие даан салбарладаг ба зуны улиралд эсвэл хүйтэн цаг агаартай газар аялал, зугаалгад өмсөхөд тохиромжтойгоор бүтээгдсэн нэмэлт загварууд гэх тодотголд багтдаг бөгөөд цөөн тооны брэндүүд уг загваруудыг танилцуулдаг билээ. Chanel, Christian Dior брэндүүдийн дараа, хэдхэн хоногийн өмнө Gucci загварын ордон өөрсдийн Resort шоугаа хийсэн ба амралт, зугаалгад зориулсан хувцас гэхээс илүүтэй Gucci-г сонгох нь өөрөө хэтийдсэн тансаглал юм шүү гэдгийг харуулахыг зорьсон мэт шоу болж өнгөрлөө. Түүнчлэн Louis Vuitton өөрсдийн Resort цуглуулгаараа uptown болон downtown хэв маягуудыг хольж олон өнгөний тоглолтуудыг хийлээ.
Юмс өөрчлөгддөг гэдэг үг бий, энэ үг хувцас загварт биеллээ олж өвлийн улиралд торон материал давамгайлж, зуны улиралд ноосон цамц танилцуулагдаж байгаа энэ цагт зуны Resort загварууд ч нэлээдгүй уран нарийн хийцтэйгээр загварчлагдаж байна. Үүгээр тус шоунуудын онцлох загваруудыг уншигчдадаа түүвэрлэн хүргэж байна.
CHANEL RESORT
Улаан, хар, цагаан, бейж, алтан шар гэх таван өнгийг Chanel өөрсдийн үндсэн өнгөнүүд хэмээн зарласан байдаг. Эл өнгөнүүд хоорондоо маш сайн нийцдэг гэдгийг тус брэнд загваруудаараа батлан харуулдаг. Энэ жилийн Resort шоунд эдгээр өнгөнүүд давамгай байдлаар зонхилж, нарлаг өдрүүдийг эрхшээх бүсгүйчүүдийн хувцас сонголтод Chanel ийн нөлөөллөө. Ажиглавал бүтээлч захирал Матье Блази уг загварын ордонд хэд хэдэн шинэ өнгө аяс оруулаад буй. Ажил хэрэгч хувцаслалтад багтдаг сорочкийг даашинзтай хослуулж, нэхмэл даавуугаар юбка урлахдаа илүү өндөр оноотойгоор загварчилж байгаа нь нэг талаараа брэнд илүү залуу бүсгүйчүүдэд чиглэж байна уу гэлтэй. Камелия цэцэг тус брэндийн бэлгэдэл цэцэг гэж тунхаглагдаж байсан ч Матье харин Chanel-д янз бүрийн цэцэгсийг онцлоод байгааг дурдахгүй орхиж болохгүй. "Коко амьд байсан бол уурлах вий дээ" хэмээсэн хошигнол ч цахим орчинд нийтлэгдэж байлаа. Гэвч гэрийн даалгавраа үргэлж онц дүнгээр хамгаалдаг сурагч шиг Матье, Кокогийн байгуулсан вант улсыг улам өндөрт өргөсөөр байгааг мэргэжилтнүүд магтаад буй.
GUCCI RESORT 2027
Эрт үед загварын орднууд бүтээл болгондоо нэр өгдөг байсан шиг өдгөө Gucci өөрсдийн загвар бүрээрээ тодорхой нэг дүрийг онцолжээ. Брэндийн бүтээлч захирал Демна: “Би энэ цуглуулгаараа дамжуулан гудамжаар алхахдаа таарч болох, хувцсыг өөрийн хэв маягтаа тохируулан янз бүрээр өмссөн хүмүүсийг харуулахыг хүссэн” хэмээжээ. Нээрээ ч загвар болгон нь өөр хоорондоо авцалдахгүйгээр модель болгон өөр өөрсдийн хувцаслалтаараа тодорхой нэг дүрд орсон мэт байлаа. Том Фордын Gucci-д зориулан хийж байсан биед яг таарсан эмэгтэй хослол, G үсэгтэй бүс, савхин хүрэм, Gucci-гийн нэрийн хээтэй арьсан цүнх гээд тус брэндийн үе үеийн хуучиршгүй загварууд дахин эргэн иржээ. Нью-Йорк хотод зохион байгуулагдсан тус шоунд Парис Хилтон загвар өмссөн явдал нь Gucci ямагт хэн бүгдийн ярих халуун сэдэв байсаар байх болно гэдгээ улам зарлах шиг боллоо. Түүнчлэн Синди Кроуфорд хар өнгийн даашинзаар шоуг хаасан нь тус үдшийн хамгийн сэтгэл хөдөлгөм мөч болжээ.
CHRISTIAN DIOR RESORT
Жонатан Андерсон өөрийн хэв маягийг Dior-той хэрхэн уялдуулахаа сайн мэддэг бөгөөд ингэхдээ тэрээр тус брэндэд өмнө ажиллаж байсан домогт дизайнеруудын бүтээлүүдээс эш татаж сүлэлдүүлдэг. Жонатан энэ удаагийн бүтээлдээ даашинзнуудыг илүүтэй танилцуулсан нь тун сонирхолтой байлаа. Бэлхүүс үл тодотгох шулуун загвартай даашинз, нарийн ширхэгтэй торгон юбкыг нэг талаар нь хуйлж хөвдөн цэцэг лугаа чимэглэл хатгах нь сүүлдээ Christian Dior анхнаасаа л ийм байсан билүү гэх эндүүрэлд автуулах шиг. Юутай ч домог болсон “Bar” хүрэм дахин загварчлагдлаа. Твид материалаар хүрэм урлахдаа хормой хэсгийг сэмэрсэн мэт цацагласан нь хамгийн онцлог загваруудын нэг болжээ. Нөгөөтээгүүр эмэгтэй хүний биеийн харьцааг төгс харагдуулахын тулд бүтээлч эрхэм Жонатан, эсгүүрээр бус даавууг биеийн аль нэг хэсэгт хумьж эсвэл зангидсан мэт силуэт үүсгэдэг нь түүний өмнөх загваруудаас ажиглагдаж байсан бол Resort загварууд дээрээ ч дахин давтлаа.
LOUIS VUITTON RESORT
Louis Vuitton өөрсдийн Resort цуглуулгаа танилцуулахдаа их хотын хувцаслах соёл болон хөдөө нутгийн залуусын хэв маягийг (uptown/downtown) хольж, граффити урлагийн түүчээ болсон зураач Кэйт Харингийн үзэл санаа, бүтээлүүдээс үндсэн санаануудаа авчээ. Бүтээлч дизайнер Николя Жескьер тус уран бүтээлчийг гүнээ хүндэтгэн биширч явдгаа дурдан, түүний уран бүтээлийг хольсноор хамгийн сонирхолтой загварууд бий болсон гэдгээ ч онцолсон юм. Цуглуулгын хувцас материалын сонголт баялаг төдийгүй янз бүрийн тод өнгийг хооронд нь зоригтойгоор хольж, савхин хүрмийг дөрвөлжин мөртэйгөөр эсвэл үл ялиг cowboy хэв маягтайгаар загварчилж, хонхон хэлбэртэй нарны малгайг цулгуй өнгөтэй ажил хэрэгч хослолтой нийцүүлсэн нь их хотын хэв маяг эсвэл амралт зугаалгын хувцаслалт гэдэг нь эргэлзэм хэр нь сонирхолтой байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт