Ирэх намар болон өвлийн улиралд ямар өнгөнүүд давамгайлах вэ?

Торгон даашинзны улирал дуусаж намрын бэлтгэлдээ орох цаг ирлээ. Та савхин хүрэм, бомбер курткагаа ил гаргаж, аль эсвэл шинэ улирлын худалдан авалтаа эхлүүлж хэрэгцээтэй хувцсаар шүүгээгээ базаахаар төлөвлөж байна уу? Тэгвэл бидний зүгээс танд чиглэл болж чадахуйц 2023 оны намар болон өвлийн улиралд чиг хандлага болох өнгөнүүдийн талаарх мэдээллийг хүргэе.


ХҮЙТЭН ТУЯАТАЙ ЦЭНХЭР

Лусын дагиныг санагдуулам өнгө, силуэт болон материал намрын хувцасны шүүгээнд зонхилох болно. Тиймдээ ч цэнхэр өнгө энэ улирлын гол дүрээр тодроод байна. Ингэхдээ цэнхэртэн харагдах хөлдүү гол мэт хүйтэн туяатай өнгөнөөс сонголтоо хийгээрэй.

Loewe
Jil Sander
Bottega Veneta
Auralee

ЭЛЭГДЭЖ ХУУЧИРСАН МЭТ БОР

Saint Laurent-ын савхин хүрэм, Acne Studios-ын цүнх, Loewe-гийн А силуэттэй даашинз гээд брэндүүдийн цуглуулгад багтсан онцлох загваруудын дийлэнх нь элэгдэж, хуучирсан мэт бор өнгөтэй байгааг анзаарсан уу? Урагдсан ч, цоорсон ч, аль эсвэл сунаж нимгэрсэн ч юунаас ч санаа зоволгүй өмсөхийг уриалдаг хуучирсан хувцасны тренд үргэлжилсээр байгаа ба дизайнерууд энэ удаа винтэж харагдах бор өнгийн загваруудыг онцолжээ. Тус хэв маяг нь ганцхан улирлын настай тренд гэхээсээ илүү байгальд ээлтэй дадлыг хэвшүүлж буй уриалга дор хөгжиж байна.

Prada
Saint Laurent
Acne Studios
Loewe

ХЭЭНЦЭР, ДАРУУ БАЙДЛЫГ ИЛТГЭХ СААРАЛ

Quiet luxury буюу даруу тансаг хэв маяг ирэх улиралд ч мөн давамгайлахаар байна. Ингэхдээ дизайнерууд тус стилийг түлхүү саарал өнгөөр илэрхийлсэн байлаа. Загварчлахдаа харин бусад өнгөтэй хоршуулах бус зөвхөн саарал өнгөөр дагнан монохром төрхүүдийг бүтээжээ.

Rokh
Prada
Miu Miu
N21

ЧАС УЛААН

Ихэвчлэн Холливүүдийн алтан үеийн гламур өнгө аясыг санагдуулдаг час улаан өнгө энэ удаа илүү модерн хэв маягтайгаар эргэн ирлээ. Тухайлбал, Ferragamo элсэн цаг силуэттэй ноосон цамц болон шоортны хослол гаргаж, Prada цуглуулгадаа oversized пиджак багтаасан бол Bottega Veneta биеийн галбирыг ороож загварчилдаг Эртний Грекийн даашинзыг санагдуулам загварыг урлажээ. Сонгодог бөгөөд тансаг хувцсандаа гаргууд The Row энэхүү чиг хандлагыг төгс илэрхийлсэн час улаан пальтог мөн танилцуулсан юм.

Prada AW23
Bottega Veneta AW23
Ferragamo AW23
Jason Wu AW23

 АЛТЛАГ ӨНГӨ

Алт мэт шаргал өнгийн загварууд аливаа төрхийг зоригтой, шийдэмгий өнгө аястай болгодог. Тус өнгөөр төрхөө бүрдүүлэхэд нэлээдгүй мэдрэмж шаардагдах бөгөөд эс бөгөөс хэт гял цал, эв хавгүй харагдах эрсдэлтэй. Тэгвэл дизайнерууд энэ удаа алтлаг өнгийг тун энгийн силуэттэй хүрэм, өмд зэргийг урлахдаа ашиглаж, эсвэл хувцасны деталь болгон оруулж төрхийг тэнцвэртэй харагдах талаас нь бодолцжээ.

Dries van Noten
Bottega Veneta
Dries van Noten
Proenza Schouler

Buro.Mongolia

2023-08-22, 14:50