Яг одоо хамрагдах боломжтой томоохон тэтгэлэгт хөтөлбөрүүд

Ирээдүйдээ хөрөнгө оруулах боломж

Дэлхийн шилдэг сургуулиуд чадвартай, авьяастай, том мөрөөдөл, зорилготой орон орны залуучуудад ямар ч үнэ төлбөргүй, үүгээр ч зогсохгүй сар бүр нэмэлт цалин авч сурах боломжтой хөтөлбөрүүдийг үргэлж нээлттэй олгодог. Сургуулиас гадна засгийн газар, томоохон сангууд, корпорацууд, хувь хүмүүс ч нийгмийн хариуцлага, улс орныхоо ирээдүйн төлөө чадварлаг залуусыг үргэлж дэмжиж ажилладаг билээ. Доор та бүхэнд яг одоо материалаа бүрдүүлээд явуулах боломжтой томоохон тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

1. The Hubert H. Humphrey Fellowship Program

Хюберт Х.Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөр нь арван сарын хугацаатай, магистрын түвшний зэргийн бус хөтөлбөр бөгөөд тогтвортой хөгжил, aрдчилсан институт, боловсрол, олон нийтийн эрүүл мэндийн чиглэлүүдээр суралцахын зэрэгцээ мэргэжил нэгтнүүдтэйгээ бодитой хамтын ажиллагааг үүсгэх боломжийг олгодог Фулбрайтын солилцооны хөтөлбөр юм. Англи хэлний өндөр мэдлэг, дор хаяж таван жилийн ажлын туршлага шаарддаг энэхүү хөтөлбөр нь шалгуур өндөртэйн хэрээр олгогдох тэтгэмж ч маш өндөр. 2022.08.26 хүртэл өргөдөл хүлээн авах уг хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

2. The Lester B. Pearson International Student Scholarships

Торонтогийн их сургуулийн Лестер Б.Пирсоны дөрвөн жилийн бүтэн тэтгэлэг нь дэлхийн олон мянган өргөдөл гаргагчдаас ердөө 30-аад хүүхдийг л сонгож авдаг учраас хамгийн нэр хүндтэй бас өрсөлдөөн ихтэй тэтгэлэгт зүй ёсоор тооцогддог. 2023 оны намар эхлэх хичээлийн жилийн материалаа 2022.12.01 хүртэл хүлээн авч байгаа бөгөөд тэтгэлэгт хамрагдсанаар төлбөр, амьжиргааны зардал, сурах бичиг зэргээс бүрэн чөлөөлөгдөх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

3. Chevening Scholarships

Нэг жилийн хугацаанд бүтэн тэтгэлэг буюу сургалтын төлбөр, амьдрах зардал, хоёр талын онгоцны билетийг олгон Их Британид магистрын зэргээр суралцах боломжийг Чевенинг засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр танд олгоно. Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд бакалаврын зэргээ сайн дүнтэй хамгаалсан, англи хэлний өндөр мэдлэгтэй, тодорхой ажлын туршлагатай байх ёстойгоос гадна хөтөлбөрөө дуусгаад хоёр жилийн дотор өөрийн улсдаа буцаж ирсэн байх шаардлагатай. Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2022.11.01 ба дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

4. Schwarzman Scholars 

Азийн төдийгүй дэлхийн шилдгүүдийн нэг болох Хятадын Tsinghua их сургуульд нэг жилийн хугацаанд орон орны манлайлагч залуустай хамт суралцах боломжийг Шварцман тэтгэлэг олгодог. Дэлхий дахины ирээдүйн удирдагчдыг бэлтгэж, харилцаа тогтоож, хамтын нийгэмлэгийг бий болгох зорилгоор нээгдсэн энэхүү хөтөлбөр 2022.09.20 хүртэл материал хүлээн авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

5. Knight Hennessy Scholars

Жил бүр ойролцоогоор 100 хүүхэд л тэнцүүлдэг Стэнфорд их сургуулийн Найт Хеннесси тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар танд дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн алхах гайхалтай нөхцөл бүрдэх болно. Стэнфорд дэлхийн шилдэг их сургуулиудын эхний таван байрт жил бүр бичигддэг бөгөөд элсэн ороход хамгийн хэцүү, өрсөлдөөн ихтэй сургуулиудын нэг. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр 2022.10.12 хүртэл материал хүлээн авч байгаа ба сургалтын төлбөр, амьжиргааны болон аяллын зардлуудаас чөлөөлөх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Buro.Mongolia

2022-08-10, 10:17