Light hygiene: Гэрлийн бохирдлоос сэргийлэх нь

Амьд бие организмд гэрэл нь эд эрхтнүүдийн үйл ажиллагааны биохэмнэлийг тохируулахад маш чухал үүрэгтэй. Өглөөний нарны туяа хүний биед туссанаар тархинд шинэ өдөр эхэлснийг сануулж, серотонин, кортизол зэрэг идэвхжүүлэгч дааврууд ялгардаг бөгөөд өдрийн турш бие махбодын идэвхтэй үйл ажиллагаа явагдахад бэлтгэгддэг. Харин нар жарган харанхуй болоход “нойрны даавар” болох мелатонин ялгарч, хүний бие амрах төлөвт шилжин нойр хүрч эхэлдэг. Гэвч шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжлийн улмаас хүн төрөлхтөн хурц тод LED гэрэл, цэнхэр гэрэл цацруулдаг утасны дэлгэц, гудамжны болон ахуйн таазны гэрэлтүүлэг зэрэг түмэн янзын хиймэл гэрлийг зохион бүтээснээр нар жаргасан ч өдөр мэт гэрэлтэй орчинд байх болжээ. Энэ нь хүний биеийн тогтсон биохэмнэлийг алдагдуулж, орой болсон ч тод гэрэлтэй орчинд цусан дахь мелатонин дааврын ялгарал буурснаар нойр хулжих нь олширчээ. Улмаар нойрны чанар муудсанаар шинэ өглөөг эрч хүчтэйгээр бус ядрангуй эхлүүлж өдрийн турш бие махбодын үйл ажиллагааны идэвх суларч, ажлын үр дүн цаашлаад эрүүл мэнд ч доройтож эхэлдэг. Тиймээс эдгээр хиймэл гэрлийн бохирдлоос ангижирч, байгалийн гэрлээс эрч хүчээ олж авахын тулд дараах алхмуудыг амьдралдаа хэрэгжүүлээрэй.


ӨГЛӨӨНИЙ НАРАНД БИЕЭ ШАР

Дээр өгүүлсэнчлэн өглөөний нарны туяа нь бие махбодыг сэргээж өдрийн турш эрч хүчээр хангаж чадах чухал түлшнүүдийн нэгээс гадна хүний биеийг Д витаминаар хангаж өгдөг ач тустай билээ. Тиймээс өглөө сэрэнгүүтээ цонхны хөшгөө нээж, цонхоор тусах гэрэлд биеэ ээж хэвтээрэй. Нарлаг өглөө байвал 10-15 минут, үүлэрхэг өглөө байвал 20-30 минут биеэ шараарай. Хэрвээ ажил тань ойрхон бол аль болох аажуу тайван алхаж очоорой. Амралтын өдөр өглөө эртлэн босож гэрийнхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээр салхилаарай.


ЦАЙНЫ ЦАГИЙН ҮР ДҮНТЭЙГЭЭР АШИГЛА

Байгалийн гэрлийн эрчмийг хүртээмжтэйгээр олж авахын тулд өдрийн хоолоо аль болох гадуур идэж, хэрвээ албан барилга дотор идсэн тохиолдолд цайны цагийн үлдсэн хормуудыг гадаа нарлан өнгөрүүлээрэй. Үүнд нэг зүйл анхааруулан хэлэхэд зуны улиралд өдрийн цагаар нарны хортой цацрагийн хэмжээ ихэсдэг тул дээд тал нь 10-20 минут нарлахад л хангалттай. Хэрвээ үүнээс урт хугацаагаар байх шаардлагатай бол нарнаас хамгаалах тос түрхэж, нарны шил, саравчтай малгай өмсөн арьсаа хамгаалаарай.


ОРОЙН ЦАГААР ТОД БУС БҮДЭГ ГЭРЭЛ АСАА

Унтахаас дор хаяж нэг цагийн өмнө тод гэрлээ унтрааж, бүдэг дэнлүүний гэрэл асаах нь нойрыг тань хүргэх мелатонины ялгаралтад тустай. Мөн телевизээ унтрааж, утасны дэлгэц аль болох бүү ширтээрэй. Унтахдаа зузаан хөшгөөр цонхоо сайтар халхалж, гудамжны гэрэл тусахаас сэргийлэн өрөөгөө түнэр харанхуй орчин болгоорой. Нойрсох явцад бие засах шаардлагатай болвол тод гэрлүүдээ мөн аль болох асаахгүйг хичээгээрэй.

З. Зоригт

2026-07-01, 17:10