Нойр булчирхайн хурц үрэвсэлд хүргэх шалтгаан: Өөх тос + Архи
З.ЗОРИГТ
Амьдралын хэв маягийн редактор, хүний их эмч, кино найруулагч
Төд удалгүй Үндэсний их баяр наадам болж монгол түмнээрээ тосонд умбаж, торгонд хөлбөрч, айраг сархдаа хүртэн, наадам цэнгүүнээ үзэн баясах цаг айсуй. Гэвч харамсалтай нь яг энэ л баяр жаргалтай, халуун дулаан мөчүүдэд идээний хүндийг, архины хатууг хэрэглэснээр Монгол улс даяар нойр булчирхай цочмог үрэвслийн тохиолдол огцом нэмэгддэг жамтай билээ. Тэгвэл яагаад баяр наадамтай зэрэгцэн нойр булчирхайн өвчлөл нэмэгддэг, мөн нойр булчирхай цочмогоор үрэвсэхэд бие махбодод ямар эмгэг үйл явц болдог, үүнд юу хэрхэн нөлөөлдөг талаар энгийн үгээр тайлбарлахыг хичээе.
Тайлбарлаж эхлэхийн өмнө бид эхлээд нойр булчирхай нь бие махбодод ямар үүрэг гүйцэтгэдгийг мэдэх хэрэгтэй. Бидний иддэг хүнсний бүтээгдэхүүний төрөлжилт түмэн янз байдаг ч, яг үндсэндээ биднийг амьд байлгахад шаардлагатай гурван л төрлийн амин тэжээл авдаг нь уураг, өөх тос, нүүрс ус билээ. Зөвхөн уургаар жишээ аван тайлбарлахад уураг нь амин хүчлүүдээс тогтсон химийн нэгдэл бөгөөд амьд биеийн эсүүд бүхэлдээ эдгээр амин хүчлүүдээс бүрддэг. Өөрөөр хэлбэл эсийг нэгэн өрөө хэмээн төсөөлөх юм бол тоосгонууд нь амин хүчлүүд юм. Эсүүд нь цаг ямагт үхэж, эргэн нөхөн төлждөг бөгөөд энэхүү шинэ залуу эс үүсгэхэд шаардлагатай амин хүчлүүдийг бид мах, өндөг, зарим төрлийн ногооноос уураг хэлбэрээр авдаг. Тэгвэл хоол тэжээлээр орж ирсэн уургийг чухам юу амин хүчил болтол нь задлан жижиглэдэг вэ гэдэг дээр нойр булчирхайн үндсэн үүрэг орж ирэх юм. Уураг нь ходоодноос гарч арван хоёр хуруу гэдсэнд ороход нойр булчирхай задлагч ферментүүд үйлдвэрлэн өөрийн цоргоор арван хоёр хуруу гэдсэнд ялгаруулдаг. Уг ферментийн үйлчлэлээр уураг гэдсэнд амин хүчил болон задрах бөгөөд уг амин хүчлүүд нь гэдэсний ханаар шимэгдэн цусны урсгалд орж биеийн шаардлагатай хэсэгт хүргэгддэг байна. Яг ийм зарчмаар нойр булчирхайн ялгаруулсан ферментүүд өөх тосыг тосны хүчил, нүүрс усыг глюкоз болтол нь задалдаг юм. Ингэхдээ эдгээр ферментүүд нойр булчирхай дотор үйлдвэрлэгдэхдээ идэвхгүй хэлбэртэй байх бөгөөд зөвхөн гэдсэнд ялгарсан хойноо л идэвхэждэг. Эс бөгөөс нойр булчирхайн эсүүд нь мөн уураг, өөх тосноос бүрдэх тул нойр булчирхай дотор хэрэв идэвхэжвэл өөрийнхөө эд эсийг задлан хайлуулах аюул нүүрлэх юм. Харин гэдэс нь уг аюулаас хамгаалах өөрийн механизмтай тул уг ферментүүд гэдэс дотор идэвхжилээ ч гэдсийг задлан хайлуулж чаддаггүй болно.
Харин баяр наадмын үеэр хорхог, боодог, хуушуур гэх мэт өөх тостой хоол богино хугацаанд их хэмжээгээр идэх үед нойр булчирхай төдий хэмжээгээр задлагч ферментүүд ялгаруулах шаардлагатай болж, үйл ажиллагааны ачаалал огцом нэмэгдэнэ. Гэтэл үүний араас мөн их хэмжээний архи, согтууруулах ундаа хэрэглэснээр хамгийн түрүүнд бие махбод түргэн хугацаанд усгүйжиж, нойр булчирхайн ялгаруулсан шүүрэл өтгөрч цоргоор урсахад хүндрэлтэй болж эхэлнэ. Энэ нь аажимдаа зогсонгишил үүсгэж нойр булчирхайд үйлдвэрлэгдсэн фермент арван хоёр хуруу гэдсэнд ялгарч чадалгүй нойр булчирхай дотор гацна. Гэсэн хэдий ч их хэмжээний өөх тостой хоол идсэн тул ферментүүд ар араасаа нойр булчирхайд үйлдвэрлэгдсээр дүүрч эсүүдийн дотоод даралт ихэснэ. Улмаар архины задралын бүтээгдэхүүн ацетальдегид нь нойр булчирхайн эсүүдийг гэмтээн үрэвсүүлж, үйл ажиллагааг нь гажуудуулснаар ферментүүд хугацаанаасаа өмнө идэвхжиж нойр булчирхайн эд эсийг задалж, өөр өөрийгөө гэмтээж эхэлдэг. Энэ үед хэвлийн дээд хэсгээр огцом хүчтэй өвдөж ар нуруу руу дамжих бөгөөд дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд хавсран илэрнэ. Хүнд тохиолдолд үрэвслийн урвал бүх биеэр тархаж, олон эрхтний үйл ажиллагааг алдагдуулснаар амь насанд ч аюул учруулж болзошгүй тул яаралтай эмнэлгийн тусламж шаардагддаг.
Жилдээ ганц тохиодог наадмын үеэр өөрсдийн идэш уушаа тас хориглон хязгаарлах нь баярын уур амьсгалд сөргөөр нөлөөлж болохыг үгүйсгэхгүй. Тиймээс та хоол идэхдээ тавгийн 25 хувь нь мах, өөх, 25 хувь нь будаа, гурил, төмс, үлдсэн 50 хувь нь ногоо, салат байхаар тооцвол шаардлагатай шим тэжээлээ тэнцвэртэйгээр авахаас гадна түргэн боловсруулагддаг тул биед ачаалал учруулдаггүй. Мөн хоол идсэний дараа хөнгөхөн алхах нь хоолны шингэцийг сайжруулахаас гадна цусанд дах сахрын хэмжээг тогтоон барихад тустай. Хэрвээ та хорхог, боодог гэх мэт өөх тос ихтэй хоол идсэн бол араас нь аль болох согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй байх нь зөвхөн нойр булчирхайдаа ч биш, насан туршийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулж буй бодит алхам мөн билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт