Skin hunger: Бид бүхэн тэврэлтээр цангаж байна

Ганцхан тэврэлт бидний сэтгэлзүй болон бие махбодын эрүүл мэндэд ямар их ач тустайг та мэдэх үү?

Хайртай дотно хэн нэгэнтэй тэврэлдэх үед бидний биед “хайрын даавар” болох окситоцин ялгарч, стрессийн даавар болох кортизолын хэмжээ буурч эхэлдэг ба хэн нэгнээр асран хамгаалуулж буй мэт тухтай, тайван, аюулгүй мэдрэмжийг авдаг байна. Ингэснээр зүрхний хэм тогтворжиж, амьсгал уужирч, нойрны чанар ч сайжирч, санаа зовнил буурснаар сэтгэл санаа ч өөдрөг болж эхэлдэг. Германы Гёте Их Сургуулийн судлаач Алёша Дрейзёрнераар ахлуулсан судалгааны үр дүн хүрэлцэх мэдрэмжийн эерэг нөлөөг баталсан бөгөөд уг судалгаанд 159 хүнийг оролцуулж санамсаргүй аргаар гурван бүлэгт хуваасан байна. Эхний бүлэг хүмүүс 20 секунд бусдад тэврүүлж, дараагийн бүлэг хүмүүс хэвлий, зүрх орчимд гараа байрлуулан өөрийгөө тэвэрч, харин удаах бүлэг хүмүүст цаасаар онгоц хийх даалгавар өгчээ. Улмаар уг гурван бүлэг хүмүүсийн кортизолын түвшнийг хэмжихэд цаасан онгоц хийсэн бүлэг хүмүүсийн кортизолын түвшин хэвэндээ байсан бөгөөд бусдад тэврүүлсэн бүлэг хүмүүсийнх 4.13 нмоль/л, өөрийгөө тэвэрсэн хүмүүсийнх 4.86 нмоль/л-ээр багасжээ. Сонирхолтой нь эдгээр гурван бүлэг хүмүүсээс “Таны стресс буурсан мэдрэмж төрж байна уу?” хэмээн асуухад бүгдээрээ үгүй гэж хариулжээ. Үүнээс ажиглахад бид зөвхөн бусдад тэврүүлэхэд бус, өөрөө өөртэйгөө хүрэлцэхэд хүртэл стресс бидэнд мэдэгдэлгүйгээр хэрхэн буурч буйг ажиглаж болно. Тиймээс зөвхөн тэврэлт ч бус, бие биетэйгээ болон өөртэйгөө хүрэлцэх мэдрэмж нь хормын төдийд бидний сэтгэлзүй болон бие махбодод эерэг нөлөө үзүүлж болдог нь мөн харагдана.

@erinrackham Just thought this language could be helpful—especially for sensory-seekers like me!

Сүүлийн үед энэ сэдэвтэй холбоотойгоор Тикток платформд “skin hunger” гэх ойлголт тренд болж байгаа бөгөөд орчин цагийн цахим сүлжээ, ухаалаг систем бүхий гар утас, хиймэл оюун ухаан нь хүмүүс хоорондын дулаан харилцааг хэрхэн үгүй хийж байгааг, бидний арьс хүрэлцэх мэдрэмжээр цангаж буйг, хүмүүс бидэнд тэврэлт хэрэгтэй байгааг ухуулан таниулсан бичлэг олноор түгээгдэх болжээ. Гэвч тэврэлт нь хэсэгхэн хугацаанд тренд болоод арилан оддог төдий зүйл биш, үр нөлөөлөл нь түргэн илэрдэг, хэн бүхэн амархан хийж болох энгийн анагаах аргазүй мөн билээ. Тиймээс та бүхэн:

  • Өөрийн итгэдэг, хайртай дотны гэр бүлийн гишүүн, найз нөхөдтэйгээ уулзах бүртээ тэврэн мэндлээрэй
  • Муур нохойгоо эрхлүүлээрэй.
  • Биедээ иллэг, бариа хийлгээрэй
  • Хүнд хөнжлөөр биеэ хучаарай
  • Өөрийн хүүхэд болон бяцхан дүү нартайгаа ноцолдон тоглоорой
  • Стресстэй үедээ өөрийгөө тэврэн энхрийлээрэй
  • Хосын бүжгээр хичээллээрэй

З. Зоригт

2026-06-29, 11:25