Долоодугаар сарын зурхай: Эерэг өөрчлөлтүүд дагуулсан шинэ сар ирлээ

Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2026 оны долоодугаар сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.


ХОНЬ

Бархасбадь гараг арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр хонины ордныхны хувьд долоодугаар сар бүтээлч шийдлүүдээр дүүрэн байна. Сарын эхээр буюу долоодугаар сарын 10-ныг хүртэл харилцаан дээр гэнэтийн өөрчлөлтүүд гарч болзошгүй. Харин сарын дунд хэсэгт шинэ сар мэлхийн ордод гарснаар гэр бүлтэй холбоотой асуудлууд эергээр шийдэгдэх төлөвтэй байна.

Буд гараг ухрах хөдөлгөөн долоодугаар сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тул карьерын хувьд зоримог алхмуудыг шаардана. Урлаг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шинэ хүмүүстэй танилцан өөртөө тохирсон дадал зуршил үүсгэн манлайлагч нэгэн байж чадахаа энэ үеэр батлан харуулбал хожим үр дүн нь хурдан харагдана. Хонины ордныхны хувьд сүүлийн долоон жилийн хугацаанд өөрсдийн эрх чөлөөг үнэлэх, хамгаалах талаар суралцсан бол энэ сараас эхлэн санхүүгийн сахилга баттай байх тухайд анхаарах нь зүйтэй. Материаллаг зүйлсэд хэт анхаарал хандуулалгүй, өөрөө өөртэйгөө сайтар ярилцан, чин сэтгэлээсээ юунд баярлаж бас юунаас утга учиртай мэдрэмж авдаг тухайгаа эргэцүүлээрэй. Хонины ордыг удирддаг Ангараг гараг нь ихрийн ордод дийлэнхдээ байрлах тул хөдөлгөөнтэй, завгүй үеүд үргэлжлэх нь хэвээр байна. Тийм учраас ачааллаа тэнцүүлж, эрүүл мэнддээ анхаараарай. Долоодугаар сарын 29-нд сар Бумбын ордод битүүрч нар Бархасбадь гараг руу аялж эхлэх тул хийсэн бүтээсэн зүйлс тань үр өгөөжөө өгч эхэлнэ.


ҮХЭР

Үхрийн ордныхны хувьд сүүлийн долоон жилийн хугацаанд өөрийн давуу тал болон сул талуудыг ойлгосон хугацаа байсан бол энэ сараас эхлэн өнгөрсөн бүхнийг тунгаан эргэцүүлж, шинэ эхлэлийн өмнө “амьсгаа авах” орон зайг өөртөө олгоорой. Долоодугаар сарын 4-нд Ангараг гараг Тэнгэрийн ван гарагтай хамт аялснаар санхүүгийн тал дээр гэнэтийн зарлага гарч болзошгүй тул их хэмжээний хөрөнгө оруулалт хийхдээ сайтар тунгаан бодоорой. Далайван гараг долоодугаар сарын 7-нд ухрах хөдөлгөөн хийх тул өөрийгөө сайтар сонсон, юу үнэн юу худал болох тухай илүү таних боломж олдоно. Үхрийн орд нь газар махбодтой орд тул уг сарын 9-ны өдөр охины орд руу Сугар гараг шилжилт хөдөлгөөн хийснээр эерэг өөрчлөлтүүд тохиож илүү бүтээлч, урам зоригтой өдрүүд үргэлжилнэ. Долоодугаар сарын 14-нд мэлхийн ордод шинэ сар гарснаар харилцаа холбоо дээр эерэг өөрчлөлтүүд гарах, төлөвлөсөн ажлаа бүтээхэд нэн тохиромжтой үе ирж байна. Удалгүй Санчир гараг ухрах хөдөлгөөн хийснээр уучлах, өршөөх, өөрийнхөө амьдралаас явуулах зэрэг үйлдлүүд идэвхжих ба сайтар тунгаан бодох, дүгнэлт гаргах өдрүүд үргэлжилнэ. 20-ны өдөр нар, Бархасбадь гарагтай аялж буй нь таатай өдрүүдийн нэг бөгөөд гэр бүлдээ цаг гаргах, асуудлаа шийдэх мөн өөр улсад нүүх, орон байр борлуулах, шинээр авахад тохиромжтой. Долоодугаар сарын 29-нд бүтэн сар Бумбын ордод гарснаар эерэг өөрчлөлтүүд ажил, карьерын тал дээр үргэлжилж, шинэ боломжууд гарч ирнэ.


ИХЭР

Ангараг гараг бүтэн сарын турш ихрийн ордод байршиж, Бархасбадь гараг арслангийн орд руу шилжин Буд гараг 23-нд урагшлах хөдөлгөөн хийнэ. Энэ нь ихрийн ордныхны хувьд хамгийн бүтээлч үеүдийн нэг бөгөөд санасан бодсон бүхнээ биелүүлэх, ажил хэрэг болгох эхлэлийг тавихад нэн таатай сар болж байна. Ангараг гараг Тэнгэрийн вантай ихрийн ордод аялснаар шинэлэг зүйлүүдэд хаалга нээгдэн, бүтээлч байдлыг тань давхар дэмжиж өгөх юм. Буд гараг долоодугаар сарын 23-нд урагшлах шилжилт хөдөлгөөн хийхэд санхүүгийн тулгамдаж буй асуудлууд шийдэгдэж, төлөвлөгөөт ажлууд саад бэрхшээлгүй урагшлахад туслах болно. Санаандаа багтаж буй бүхий л зүйлсээ бодит болгоход эрч хүч дүүрэн санагдаж болох ч зорилго, тэмүүллээ бодит болгож, олон зүйлийн араас хөөцөлдөн хий дэмий эрч хүчээ алдахаас сэргийлээрэй. Мөн аялал зугаалгын үеэр гэмтэл, бэртэл авахаас болгоомжил. Долоодугаар сарын 29-нд нар Бумбын ордод гарснаар итгэж явсан зүйлс үр дүнгээ өгч, амьдралд илүү урам зоригтой байснаар ямар амжилтад хүрч болохыг танд сануулж байна.


МЭЛХИЙ

Долоодугаар сарын сүүлээр Буд гараг урагшлах хөдөлгөөн эхлэх ба тэр хүртэл үл ойлголцлоос сэргийлэн аливаад тайван бас няхуур хандаарай. Мэлхийн ордныхны хувьд уг Буд гарагийн ухралт санхүүгийн байдал дээр маш олон боломж, шинэ гаргалгааг харуулна. Өөрийгөө сайтар ойлгож, бусад зүйлсэд сатааралгүйгээр өөртэйгөө ярилцан дүн шинжилгээ хийгээрэй. Ингэснээр харилцаа холбоо дээр ч илүү ойлгомжтой, амар болж тэр хэрээр ажил, карьерын хувьд шинэлэг өөрчлөлт дүүрэн байх болно. Долоодугаар сараас эхлэн жилийн туршид санхүүгийн байдал дээр эерэг өөрчлөлтүүд үргэлжлэх бөгөөд ухаалаг зарцуулалтад анхаарч, хоол хүнсэндээ илүү эрүүл сонголтууд хийн эрүүл мэнддээ анхаараарай. Долоодугаар сарын 29-нд сар битүүрч, Сугар гарах охины ордод орж буй нь харилцаа, холбоонд таатай өөрчлөлтүүд авчирна. Далайван гараг долоодугаар сарын 7-нд болон 26-нд ухрах хөдөлгөөн хийхэд ажил, карьерын өөрчлөлтүүд идэвхжих ба энэ үеэр өөрийн холын төлөвлөгөөг эргэцүүлэн бодоход тохиромжтой байна. Долоодугаар сарын 13-нд нар Буд гарагтай хамт аялах үед хамгийн сайн өдрүүдийн нэг тохиож, 14-нд мэлхийн ордод шинэ сар гарч буй тул шинэ эхлэлийг эхлүүлэхэд таатай байна. Долоодугаар сарын 29-нд сар Бумбын ордод битүүрэх ба санхүүгийн асуудлууд илүү хурдан, амар шийдэгдэх болно.


АРСЛАН

Бархасбадь гараг арслангийн ордод дараагийн нэг жилийн турш байрших бөгөөд уг шилжилтийг арслангийн ордны эхний арван хоногт төрсөн хүмүүс илүү мэдэрнэ. Энэ нь том боломж, эерэг энерги авчирдаг цөөхөн гарагийн нэг тул арслангийн ордны хувьд сайн мэдээ дүүрэн сар байна. Гэсэн ч хий хоосон бардамнахаас болгоомжилж, тогтсон зөв шийдвэрүүдийг зоригтойгоор гаргахад анхаараарай. Буд гараг мэлхийн ордод ухарч буй тул долоодугаар сарын 13-наас эхлэн бичиг баримттай холбоотой асуудлууд хурдан шийдэгдэнэ. Харин урагшлах хөдөлгөөн 23-нд тохиох тул гацчихсан байсан асуудлууд илүү ойлгомжтойгоор цэгцэрнэ. Долоодугаар сарын 14-нд шинэ сар гарснаар өөрийгөө сонсох, өөртөө цаг гаргахад хамгийн тохиромжтой үе тохиож байна. Сарын сүүлээр нар арслангийн ордод шилжиж буй тул дараагийн нэг жилийн төлөвлөгөөг гаргахад тохирсон эерэг энергиэр дүүрэн өдрүүд үргэлжилнэ. Долоодугаар сарын 29 энэ сарын хамгийн сайн өдрүүдийн нэг бөгөөд удаан төлөвлөсөн ажил байгаа бол эрч хүч дүүрнээр ажлаа эхлүүлээрэй. Уг өдрөөс эхлэн харилцаа холбоо дээрээ бусдыг тод томруунаар харж, анзаараагүй өнгөрсөн үнэнийг ойлгох ба шийдэж чадахгүй байсан харилцаануудаа цэгцлэн ямар хүмүүс таны хувьд илүү чухал, үнэ цэнтэй болохыг ойлгоно. Хосын харилцаанд илүү сайн ойлголцол явагдаж ганц бие хүмүүс мөн өөрт тохирсон хүнтэйгээ уулзах магадлал өндөр байна.


ОХИН

Буд гараг мэлхийн ордод ухрах хөдөлгөөнийг хийсэн учраас гэр бүлийн харилцаанд илүү идэвхтэй үе эхэлнэ. Мөн зорилго, хүсэл мөрөөдлөө дахин нэг тунгааж, ирээдүйгээ төлөвлөхөд тохиромжтой.

Охины ордны хувьд дараагийн нэг жил бол эдгэрлийн үе бөгөөд алдаа болон сул талуудаа эргэцүүлэн бодож, зөн билгийн хувьд илүү идэвхэжсэн өдрүүд үргэлжлэх болно. Ингэснээр ирээдүйгээ илүү үнэн зөвөөр тодорхой харж, өөртөө шинэ үүд хаалга нээж чадах ба гүйцэтгэсэн ажлын сайн үр дагавраа хүртэж чадна. Бархасбадь гараг арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр охины ордны хувьд санхүүгийн байдал сарын турш нэн тааламжтай, эерэг байна. Сугар гараг охины ордод сарын турш байрласнаар өөртөө илүү анхаарч, хөрөнгө оруулалт хийн бодсоноо идэвхжүүлэхэд тохиромжтой өдрүүд үргэлжилнэ. Гаднын улс орныг зорихоор төлөвлөхөд асуудалгүй бөгөөд 9-нд Сугар гараг охины ордод шилжсэнээр дараагийн 20 хоног илүү ээлтэй байна. Долоодугаар сарын 14-нд гарч буй шинэ сар танд түр амьсгалах зайг олгон өөрийгөө үнэн зөвөөр дүгнэхэд тус болно. Ингэснээр дараагийн том алхмаа төлөвлөж, үнэн бодитоор харахад тус болох ба 23-нд Буд гараг урагшилснаар холын зорилгод сайн өөрчлөлтүүдийг татна. Сарын дундаас олон нийтийн харилцаа идэвхтэй байх бөгөөд шинэ хүмүүстэй танилцах, хүрээллээ тэлэхэд нэн тохиромжтой. Сарын сүүлд буюу 29-нд сар Бумбын ордод гарснаар санхүү болон эрүүл мэнд зэрэг амьдралын ихэнх хэсэгт тулгарч буй асуудлууд эергээр өөрчлөгдөн сайн үр дүн дагуулна.


ЖИНЛҮҮР

Жинлүүрийн ордныхны хувьд ажил, карьер болон олон нийтийн харилцаанд хамгийн идэвхтэй сар тохиож байна. Өөрийн манлайлагч байх ур чадвараа харуулах боломж гарч ирэх бөгөөд дуусгаагүй ажлууддаа анхаарч, долоодугаар сарын 23-ныг хүртэл харилцаан дээрээ няхуур, нямбай хандаарай. Хуулийн байгууллагатай холбоотой бичиг баримтын асуудал гарч болзошгүй бөгөөд нухацтай байхыг анхааруулж байна. Хэт их материаллаг зүйлийн араас хөөцөлдөхөөс илүүтэй үнэ цэнтэй харилцаа, хариу нэхэлгүй хайрлах зэрэг сайн сайхан зүйлсэд төвлөрөөрэй. Олон нийтийн үйл ажиллагаагаар дамжуулан шинэ найз нөхөдтэй болох ба Бархасбадь гараг арслангийн ордод дараагийн нэг жилийн туршид байршсанаар олон хүсэл зорилго биеллээ олохоор байна.

Ажил төрөл бүтэмжтэй буюу карьерын өсөлт асуудалгүйгээр урагшлах ба хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ анхаарч төвлөрч чадвал томоохон боломжууд гарч ирэх болно. Буд гараг урагшлах үед гацсан байсан үл ойлголцлууд шийдэгдэх ба долоодугаар сарын 29-ны өдөр бүтэн сар гарч, нар Бархасбадь гарагтай аялж эхлэх тул таныг эерэг зүйлс рүү хөтөлж байна. Ажлаас гадна чөлөөт цагаа үр дүнтэйгээр зарцуулж чадвал түүгээр дамжуулан сонирхолтой боломжууд мөн гарч ирэхэд таатай байна.


ХИЛЭНЦ

Хилэнцийн ордыг удирддаг Ангараг гараг нь Тэнгэрийн ван гарагтай холбоо тогтоосноор огцом өөрчлөлтүүдээр дүүрэн сар эхэлж байна. Хосын харилцаа болон сэтгэл зүй, санхүүгийн байдал зэрэгт энэ сарын эхний 10 хоногт том өөрчлөлтүүд хүлээж байна. Харин оюун санааны хувьд шинэлэг өөрчлөлтүүд гарч ирснээр өөртэйгөө нарийн ажиллах боломжийг олгох ба ингэснээр илүү зоригтой, гэнэтийн алхмууд хийхэд тус болно. Далайван гараг хонины ордод ухрах хөдөлгөөн хийснээр хувь хүний сэтгэл зүй талаас сөрөг бодлуудаа багасгах, уй гашууд автсан бол өөрийгөө тайвшруулахад тохиромжтой үе тохиож байна. Сэтгэл зүйгээ сайтар ажиглан, дүн шинжилгээ гаргаснаар өөрийгөө сонсохоос гадна карьерын талбарт таны эрхэлж буй ажил өөрт тань тохирсон сонголт мөн эсэхийг эргэцүүлж эхэлнэ.

Хилэнцийн ордныхны хувьд энэ сар эрүүл мэнддээ илүү анхаарч, аливаад тайвнаар хандахад тохиромжтой. Дотор эрхтэн болон нөхөн үржихүйн эрхтнүүдээ анхаараарай. Долоодугаар сарын 13-нд хамгийн эерэг өдрүүдийн нэг тохиох ба 14-нд мэлхийн ордод шинэ сар гарснаар илүү урам зоригтойгоор аливаа асуудлыг саадгүй давна. Сарын сүүлээр буюу долоодугаар сарын 22-нд нар арслангийн ордод орсноор танд карьерын сонголтод өргөн боломжууд гарч ирэхээр байна. Сарын туршид та эрүүл мэнддээ сайтар анхаарах, карьерын хувьд холын төлөвлөгөөгөө дахин эргэцүүлсэн хугацаа байх болно. Асуудал гарахад хойш суулгүй нүүр тулж, хүлээцтэйгээр шийдвэр гаргаарай.


НУМ

Бархасбадь гараг долоодугаар сард арслангийн орд руу орох буюу өөртэй тань ээлтэй байдаг орд дээр очих тул сарын турш үр өгөөжтэй, азтай боломжуудаар дүүрэн байна. Урам зоригтойгоор сарыг эхлүүлж буй тул бүтээлч байдал ч мөн дагаад нэмэгдэнэ. Гэсэн ч долоодугаар сарын 4-нд Ангараг гараг, Тэнгэрийн ван гарагтай холбоо тогтоосноор харилцаа тал дээр үл ойлголцол гарч болзошгүйг анхаараарай. Буд гараг ухрах хөдөлгөөнд явж буй тул хэрүүл тэмцлээс зай барьж, гэмтэл бэртлээс болгоомжлоорой. Асуудлыг ухаалгаар хурдан шийдэж чадсанаар шинэ баг хамт олонтой ажиллах, зорилгодоо таарсан өөр хүрээлэлтэй учрах магадлал хамгийн өндөр байна.

Долоодугаар сарын 9-нд Сугар гараг байршлаа сольж эхэлснээр ажлаа хийхэд илүү урам зоригтой буюу ажлын тал дээр эерэг өөрчлөлтүүд дүүрэн байна. Сарын дунд хэсэгт буюу долоодугаар сарын 13-нд нар, Буд гарагтай аялж байгаа нь таны хувьд дотоод сэтгэл зүйн асуудлуудаа илүү танихад тусална. 14-нд шинэ сар гарснаар санхүүгийн асуудлууд гарч болзошгүй. Долоодугаар сарын 22-нд нар арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийхэд аз, боломж улам ихсэж 23-нд Буд гараг урагшлах хөдөлгөөн хийснээр дийлэнх асуудлууд шийдэгдэнэ. 29-нд нар, Бархасбадь гарагтай аялж, сар битүүрснээр амьдралын зорилгоо дахин харах, бодсон бодлоо ажил болгон хэрэгжүүлэхэд тустай ба тулгамдаад буй асуудлууд илүү хялбар, амар шийдэгдэнэ.


МАТАР

Оюун санаа, дотоод сэтгэл зүйгээс эхлэн санхүүгийн тал дээрх асуудлуудад эерэг өөрчлөлтүүд эхэлж байна.Тэнгэрийн ван, Ангараг гараг хамтдаа ажил үйлсийн байршил дээр нөлөөлөх бөгөөд ингэснээр харилцаа, холбооны тал дээр хурдацтайгаар ажил өрнөж, шийдвэр гаргахад тун таатай байх болно. Тэмцээн, уралдаанд оролцохоор бэлдэж буй матрын ордныхныг эерэг үр дүн хүлээж буй бөгөөд ажлаа бүрэн төгс дуусгахад асуудалгүй байна. Далайван гараг ухрах хөдөлгөөн хийснээр ойлгомжгүй харилцаа цэгцрэх ба долоодугаар сарын 26-нд Санчир гараг ухрах хөдөлгөөн хийснээр асуудлууд эергээр шийдэгдэж, санхүүгийн тал дээр мөн шинэ боломжууд гарч ирнэ. Сугар гараг охины ордод очсоноор суралцах, ойлгоход мөн эерэг өөрчлөлтүүд хийхэд нэн тохиромжтой. Долоодугаар сарын 13, 14 болон 23, 26 гэсэн өдрүүд нь бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй хүмүүст илүү тохиромжтой сайн өдрүүд юм. Аялал зугаалганд явахаар зорьж байвал гэмтэл бэртэл авах, зэрлэг амьтанд хазуулахаас болгоомжил. Нар, Бархасбадь гараг 29-нд хамтын аялал хийснээр санхүүгийн тал дээр хүссэн эерэг хариугаа авах ба бодсон ажил бүтэмжтэйгээр урагшлахад тохирсон эерэг өдрүүд эхэлж байна. Матрын ордныхны хувьд ирээдүйн зорилгоо нарийн тодорхойлж, нухацтай төлөвлөгөөтэй ажилласнаар хүссэн үр дүндээ асуудалгүйгээр хүрэхэд ойрхон байна.


ХУМХ

Хумхын ордны хувьд долоодугаар сарын 4-нд Ангараг гараг ихрийн ордод аялснаар өөрийгөө батлан харуулах үе тохиож байна. Дэлгэрүүлбэл, сарын эхний 10 хоногт өөрөөс тань шалтгаалах өөрчлөлтүүд гарч ирэх бөгөөд төсөөлөөгүй үр дүн, цоо шинэ боломжууд харагдаж эхлэх болно. Долоодугаар сарын 7-ны өдөр Далайван гараг ухрах хөдөлгөөн хийснээр ойлгомжгүй байсан зүйлсийн учир нь тайлагдаж эхлэх ба өөртөө эргэлзэхгүйгээр удаан бодож явсан ажлаа эхлүүлэн зоригтой алхам хийхэд тохиромжтой. Учир нь Сугар гараг байршлаа сольсноор илүү бодитой шийдвэр гаргахад туслах тул аливаад няхуур хандахад тохиромжтой хугацаа юм. Сарын дундуур буюу 13-нд нар Буд гараг хоёр хамтын аялал хийснээр эрүүл мэндийн хувьд муу зуршлаасаа салж, шинэ дэглэм болон амьдралын хэвшил эхлэхэд тохирно. Долоодугаар сарын 22-нд нар Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр шинэ хүрээлэл болон шинэ хөрөнгө оруулагчидтай уулзан шинэ боломжууд нээлттэй болно. Ажил дээр тулгамдаад буй үл ойлголцлууд ч мөн цэгцэрнэ. Сарын сүүлд тохиох нар, Бархасбадь гарагийн хамтын аялал нь чухал өдрүүдийн нэг бөгөөд зөв хүнтэй уулзан танилцаж, шинэ харилцаа үүсэхэд нэн таатай. Хосуудын харилцаа дараагийн шатанд гарах бол ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнтэйгээ уулзах өндөр магадлалтай байна.


ЗАГАС

Долоодугаар сарын эхний 10 хоногт гэртээ засвар хийх, нүүх зэрэг үл хөдлөх хөрөнгийн өөрчлөлтүүд гарах боломжтой. Сарын эхээр буюу долоодугаар сарын 7-нд Далайван гараг ухрах хөдөлгөөн хийснээр санхүүгийн тал дээрх асуудлууд шийдэгдэнэ. 9-нд Сугар гараг байршлаа сольсноор гэр бүлийн харилцаа эерэг таатай байх бөгөөд ганц бие хүмүүс өөрт таалагдсан тохирох нэгэнтэй уулзах магадлал өндөр байна. Нар долоодугаар сарын 13-нд Буд гарагтай хамт аялснаар итгэл үнэмшил, зорилго тэмүүлэл дээр эерэг өөрчлөлтүүд гарна. Маргааш нь шинэ сар гарснаар гэр бүл үр хүүхэдтэй холбоотой асуудлуудад эерэг өөрчлөлт гарах болно. Загасны ордныхны хувьд энэ сард идэвхтэй байж, хоббидоо цаг зарцуулж, сургалт семинарт суух, аялах зэрэг боломжууд нэмэгдэж байна. Бархасбадь гараг байршлаа сольж арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийх үед эрүүл мэнддээ анхаараарай. Ажлын ачаалалтай байсан ч ямагт өөртөө цаг гаргаж, тогтмол дасгал хөдөлгөөн хийхээ бүү мартаарай. Сарын туршид нийгмийн харилцааны бүхий л хэлбэрт таатай тул гэр бүлийн амьдрал идэвхтэй байж, ажил болон эрүүл мэндийн тал дээр эерэг өөрчлөлтүүд гарна. Хамгийн их цагаа зарцуулж байгаа газартаа өөрийнхөө хамгийн тухтай орчныг бүрдүүлээрэй. Санхүүгийн зөв зарцуулалттай байж, хадгаламж үүсгэн, хүссэн зүйлдээ мөнгө зарцуулах эрх чөлөөг өөртөө олгоорой.

М. Анухатан

2026-07-01, 11:19