Гэрийн тань дотоод заслыг тодорхойлох өнгөний шийдэл

Өнгө нь айл гэрийн дотоод засалд зөвхөн гоёлын үүрэг гүйцэтгэдэггүй. Тухайн өнгө ямар байхаас шалтгаалан гэрийн тань уур амьсгал болоод амьдарч буй хүмүүсийнх нь сэтгэлзүйд ч хүчтэй нөлөөлж чадах зүйл билээ. Тиймээс орой болгон таныг тосон угтах гэрийн тань өнгөний шийдэл хэрхэхээс таны гэр бүлийнхэнд эрч хүч өгөх үү эсвэл амар тайван байдлыг мэдрүүлэх үү гэдэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл гэрийн дотоод заслын өнгийг хэрхэн шийдэх талаар хэрэгцээтэй зөвлөмжүүдийг тоймлон хүргэж байна.


Monochromatic

Энэ бол нэг өнгөний олон хэмээс өрөөний дотоод заслыг шийдэх арга юм. Өөрөөр хэлбэл зааны ясан цагаан, сүүн цагаан, маалингын цагаан, шаргал цагаан зэрэг адилхан цагаан өнгө боловч өөр хоорондоо үл ялиг хэмийн ялгаатай өнгөнүүдээр дотоод тохижилтын өнгийг бүрдүүлэх арга юм. Сонгосон өнгө тань ямар байхаас хөнгөн агаар шиг мэдрэмж төрүүлэхээс авхуулаад хүнд хүчтэй өнгө аясыг ч бүрдүүлж болох тул зөвхөн таны хувийн орон зайд зориулагдсан өрөөнүүд болох унтлагын өрөө, ажлын өрөөний интерьерт илүү тохиромжтой. Гагцхүү танд л зориулагдсан орон зай тул та хамгийн дуртай өнгөө зоригтой сонгохыг зөвлөе.


Analogous

Энэхүү арга нь өнгөний бүдүүвчинд ойролцоо оршдог өнгөнүүдээр буюу шар, улбар шар, улаан, ягаан зэрэг зөвхөн дулаахан өнгөнүүдээр эсвэл ногоон, цэнхэр, хөх зэрэг зөвхөн хүйтэн өнгөнүүдээр өрөөний дотоод заслыг шийдэхийг хэлдэг. Хэрвээ дээрх монохроматик өнгөний шийдэл хэт энгийн санагдаж байвал энэхүү өнгөний зохицол өрөөнд тань илүү драматик чанар нэмж өгдөг. Мөн тухайн өрөөний зориулалтад тааруулж энэхүү “analogous” өнгөний шийдлийг тохируулах нь зүйтэй. Жишээ нь гал тогооны өрөө болон dining room буюу хоол идэх өрөөг шар, улбар шар, бүдэг улаан зэрэг хоолны дуршил нэмэгдүүлдэг өнгөөр шийдэх нь илүү зохилтой.


Complimentary

Complimentary арга нь улбар шарыг хөх өнгөтэй, улааныг ногоон өнгөтэй, үзмэн ягаан өнгийг шар өнгөтэй, харыг цагаан өнгөтэй хослуулах зэргээр өнгөний бүдүүвчинд бие биеэсээ хол оршдог эсрэг тэсрэг өнгөний контрастаар интерьерийг шийдэх арга юм. Энэхүү өнгөнүүдийн зохицол хэдий хоорондоо зохицохгүй мэт хол зөрүүтэй мэт боловч, өөр байх тусам нэг өнгө нь нөгөө өнгөнийхөө эрчмийг тодруулдаг тул маш хурц сонирхолтой илэрхийлэмж болдог. Тиймээс өөрийн мэдрэмжээ илэрхийлж болох зочны өрөөнд энэхүү шийдэл илүү зохимжтой байдаг. Гэхдээ эдгээр эсрэг тэсрэг өнгийг 50:50 бус, 80:20 харьцаатайгаар ашиглаарай.


Triadic

Дурын гурван өнгөнд багтааж дотоод заслаа шийдэх арга. Ихэвчлэн өрөөний ханыг нэг өнгөөр, тавилгыг өөр өнгөөр, ахуйн гоёл чимэглэлийг бас нэг өөр өнгөөр шийдэх нь олонтой. Дотоод заслын өнгийг олшруулах тусам өрөө илүү хөгжилтэй, хүүхдэрхэг өнгө аястай болж ирдэг. Тэр ч утгаараа хүүхдэд зориулсан кафе, циркийн алиалагч, үлгэрийн ном зэрэг нь олон өнгөөр алаглан харагддаг. Тиймээс энэхүү интерьерийн өнгөний шийдэл хүүхдийн тань өрөөнд илүү тохиромжтой юм.

З. Зоригт

2026-08-18, 14:22