Хоолны менюгээс өөрийн биед ашиг тустай, эрүүл сонголтыг хэрхэн хийх вэ?
Бид бүхэн цайны цагаараа юм уу амралт чөлөөт цагаараа аль эсвэл баяр наадмын өдрүүдээр гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад, болзоот нэгэнтэйгээ гадуур хооллох нь элбэг. Гадуур хооллох нь тансаглал байхаа хэдийнээ больж, өдөр тутамдаа биш юм гэхэд долоо хоногтоо нэг удаа ийн хооллох нь бидний амьдралын жирийн нэгэн хэсэг болжээ. Хоолны менюг харах бүртээ бид ихэнхдээ тухайн мөчид хамгийн идэхийг хүсэмжилж буй сонголтыг хийж орхидог. Гэвч заримдаа нэг л янзын хоолоо захиалахаас уйдаж, шинэ хоол туршин амтлахаар шийдэн менюг нэгд нэгэнгүй нэгжин харавч эцэс сүүлд нь алийг нь сонгохоо мэдэхгүй эргэлзэн тээнэгэлздэг мөчүүд ч мөн тохиолдох нь вий. Энэ үед хэрэг болж мэдэх өөрийн биед ашигтай, зөв эрүүл хоолны сонголтыг хэрхэн хийх аргуудыг бидний зүгээс онцлон хүргэж байна.
Цайны газарт ч бай, тансаг ресторанд ч бай хамгийн түрүүнд бид захиалах гэж буй хоолны орцод уураг, нүүрс ус, өөх тос, аминдэм хэрхэн тэнцвэртэйгээр орсныг нягталж үзэх хэрэгтэй. Рестораны менюд тухайн хоолны орц, калорийн хэмжээ, аминдэмийн агууламжийг ихэнхдээ агуулсан байдаг тул сонголт хийхэд хялбар байж болно. Хэрвээ бичээгүй бол зөөгчөөс нь тухайн хоолонд юу орсныг асуугаарай. Хэрвээ цайны газарт орсон бол бууз, хуушуур гэх мэт зөвхөн мах, гурилаас бүрдэх хоолноос аль болох татгалзаарай. Хэрвээ захиалах бол тэжээлийн тэнцвэрийг хадгалах үүднээс ногоон хачиртайг сонгоорой.
Хоолны боловсруулалт их байх тусам түүн дотор агуулагдах аминдэм нь боловсруулалтын явцад задран алга болдгоос гадна өөх тосны агууламж их тул хожмын зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй. Бид бүхний “junk food” хэмээн нэрлэж заншсан, хэт боловсруулсан түргэн хоолнууд болох бургер, пицца, шарсан төмс зэрэг нь зөвхөн калори их хэмжээгээр л агуулахаас биш, ямар ч аминдэмгүй хоол юм. Тиймээс боловсруулалт шаардагддаггүй, түүхийгээр нь идэж болдог ногоон салатыг үндсэн хоолны урьтал болгож захиалах нь илүү зохистой. Харин үндсэн хоол тань чанаж юм уу жигнэн боловсруулсан байвал аминдэм нь бага задардаг тул эрүүл мэндэд тань илүү ач тустай байх болно.
Аль болох өдөр тутамд төдийлөн хэрэглэгддэггүй орц найрлагатай хоол захиалаарай. Жишээ нь монголчууд бид хонь, үхрийн мах өдөр тутамдаа хэрэглэдэг ч загасны махны хэрэглээ тун ховор. Загасны маханд хонь, үхрийн маханд агуулагддаггүй омега 3 тос агуулагддаг бөгөөд энэ нь цусыг шингэлж, урсгалыг нь түргэсгэн бодисын солилцоог сайжруулж бие махбодыг залуужуулдаг ид шидтэй. Үүнтэй адилаар төдийлөн сайн иддэггүй нарийн ногоо, жимс, хивгийн орц найрлагатай хоолыг захиалах нь төдий чинээгээр таныг өдөр тутамдаа авч чаддаггүй аминдэмээр хангах болно. Үүнд нэгэн зүйлийг анхааруулахад та тухайн бүтээгдэхүүнээс харшилтай эсэхээ сайтар мэдэж байх шаардлагатай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт
Загвар / Үнэт эдлэл & Аксесуар