Velin сэтгүүл: Үлэмж группийн үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмаагийн ярилцлага

Орчин үеийн үйлчилгээний салбар дахь түүний амжилт

Velin сэтгүүлийн долоодугаар дугаарын карьер буланд зочноор оролцсон хатагтай Б.Дэлгэрмаатай хийсэн ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр бүрэн эхээр нь хүргэж байна. 


Бүсгүйчүүдийн хөл тасардаггүй, инээмсэглэл цэцэглэсэн нэгэн газар Шангри-Ла төвд бий. Энэ бол мэдээж бидний сайн мэдэх Үлэмж Грийс салон. Хаалгаар нь орж ирэх эмэгтэй бүр өөрийн гэсэн түүхтэй, гоо сайхны эрэл хайгуултай ч бүгд нэгэн ижил гэрэлтсэн царай, талархсан харцаар танигдана. Харин тэднийг халуун дотноор угтах ажилчдын ард нэгэн хүчирхэг эмэгтэйн хөдөлмөр, зарчим, хүсэл мөрөөдөл шингэжээ.

Товлосон цагтаа хүрэлцэн очиход намайг тус салоны захирал Дэлгэрмаа өөрийн биеэр угтав. MSGM брэндийн өсгийтэй гутал, нил ягаан Alexander Wang цамц өмссөн байсан нь түүнийг цаг үеэ мэдэрч, өөрийнхөөрөө амьдардаг болохыг уулзалтын тэрхүү анхны агшинд л шууд надад ойлгуулах шиг. Тиймдээ ч хувцас загварын талаарх бэлдсэн байсан зарим асуултууд маань хэт энгийн, ерөнхий мэт санагдаж, дотроо л залгиад өнгөрөхийгөө тухайн үед шийдэж амжив.

Бид ярилцлагаа түүний ажлын ширээний ард эхлүүлсэн юм. Ярилцаад суух тэр мөчид нэг зүйлийг ойлгосон нь түүнд “бизнес эрхлэгч”, “удирдагч” гэх нийтлэг тодотголуудаас илүүтэй “үлгэр жишээч” гэх үг оновчтой байлаа. Учир нь тэрээр хүн болгонд хүндэтгэлтэй ханддаг, аливаа уулзалтыг харилцан ойлголцлын дулаан уур амьсгалаар эхлүүлж, хүнтэй ярилцах үедээ бүх анхаарлаа тэр хүнд л зориулдаг, хүн төвтэй удирдагч болох нь сэтгүүлч надад илт ажиглагдлаа.

Юуны өмнө өнөөдөр олон салбарт өөрийн нэрийг гаргасан Дэлгэрмаа хатагтайн амжилтын түүх яг хаанаас эхэлсэн нь надад сонирхолтой байв. Украин улсад дизайнер мэргэжлээр суралцаж, дараа нь АНУ-д бизнесийн чиглэлээр мэргэшсэн нь амжилтын эхний алхам тавигдсан ч гэж үзэж болох. Харин эх орондоо эргэн ирэхдээ зорилго хүсэлдээ шулуудсан байсан нь та бидний өмнө Good price сүлжээ дэлгүүр, Ono Multi-Brand Store, California Restaurant, Giorgio Collection италийн тансаг зэрэглэлийн гэр ахуйн тавилга, Ulemj Clinic, Ulemj Grease, Ulemj Pharm эмийн сан болон Ulemj Cosmetics гэх олон талын бизнесүүдээр амилсан билээ.

Нэгэн зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулж, өөр өөр мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүдийг нэг зорилгын төлөө нэгтгэж, тогтвортой, уялдаа холбоотой, хариуцлагатай орчныг бүрдүүлнэ гэдэг ямар ч удирдагчийн хувьд амаргүй даваа. Тэр дундаа, сүүлийн жилүүдэд байгууллагын соёл, хүний нөөцийн бодлого шинэ сорилттой тулгарсан нь ажиллах хүчний насны хэт ялгаатай байдал билээ. Зарим байгууллагын захирлууд хэтэрхий залуу хүмүүстэй ажиллах нь “асуудалтай” хэмээн үздэг. Гэвч Дэлгэрмаа хатагтайн хувьд эсрэгээрээ залуу ажилчдаасаа эрч хүч, урам зориг авч, тэдэнд итгэл хүлээлгэхээс татгалздаггүй.


"Үйлчилгээ гэдэг бол урлаг. Харин бие биедээ итгэж ажиллах тэр л уур амьсгалаар энэ урлаг цэцэглэдэг."


Залуучуудын шинийг эрэлхийлэх хүсэл, хурдтай сэтгэхүй, өөр өнцгөөс харах хандлагыг тэрээр үргэлж дэмжиж, өөрийн туршлагаар нөхөж, өөр хоорондоо харилцан суралцдаг уур амьсгалыг бүрдүүлсэн нь хамгийн эрүүл бөгөөд зөв зам гэж үздэгээ итгэл төгс тайлбарлалаа. Өөрчлөлтөд уян хатан хандаж, шинэ үеийнхний онцлогийг ойлгож, бизнесээ тэдний дуу хоолой, хүсэл тэмүүлэлтэй хөл нийлүүлэн хөгжүүлж чадна гэдэг бол өнөө цагийн удирдагчдын зайлшгүй эзэмшвэл зохих чадамж гэж дүгнэж болох. Энэ чадамжийг Дэлгэрмаа хатагтай амьдрал дээр хэрэгжүүлж, жинхэнэ утгаар нь бодит ажил хэрэг болгож байгаа нь түүний амжилтын нэгэн нууц байж албан байгууллага гэхээс илүү нэгэн том гэр бүл болгожээ.

Түүний ярианаас мэдэж авсан ноу-хау бол үргэлж яагаад гэдэг асуултыг өөртөө тавьдаг байна. “Яагаад би энэ үйлчилгээг санал болгох ёстой вэ?”, “Хэр үр дүнтэй вэ?”, “Хэр баталгаатай вэ?”, “Түүхий эд нь хэр чанартай вэ?” гэх асуултуудаар өөрийгөө дарснаар маш нарийн судалж, хамгийн гол нь үнэн бодит үйлчилгээ үзүүлэхийг зорьдог нь түүний алтан дүрэм. Энэ дүрмээс гажаагүйн үр дүнд түүний тэртээ олон жилийн өмнө үүсгэсэн бизнесүүд өдийг хүртэл оршин тогтносоор байна. Түүнчлэн чанар гэдэг зүйлийг тогтвортой байдалтай хослуулснаар ямар ч бизнесийг амжилтад хүргэж болдгийг хатагтай Дэлгэрмаагийн жишээгээс харах боломжтой. Олон салбар байгууллагууддаа өөрөө гар бие оролцох боломжгүй үе гардаг ч түүнд итгэл хүлээлгэх баг бий. “Үйлчилгээ гэдэг бол урлаг. Харин бие биедээ итгэж ажиллах тэр л уур амьсгалаар энэ урлаг цэцэглэдэг” хэмээн хатагтай Дэлгэрмаа хэлсэн юм.

Хамгийн гол нь завгүй амьдрал дунд өөрийн дотоод хэмнэлээ олох нь чухал гэдгийг тэрээр сануулсан ба өөрийнх нь хувьд бүжгийн урлагаар дамжуулан дотоод ертөнц рүүгээ “зугтдаг” гэнэ. “Цаг гаруй үргэлжлэх бүжгийн хичээлийн үеэр бодлууд маань илүү цэгцэрч, хийх ёстой ажлууд маань оюун санааг чангаах бус ээлж дараалан бүжгийн хөдөлгөөний хэмнэл мэт өөр хоорондоо уялдан сүлэлддэг” хэмээн тайлбарлалаа. Тэрээр хувь хүний хөгжил бол амжилтын үндэс гэдэгтэй мянган хувь санал нийлж, өөрөөсөө эхлээд хамт олноо ч мөн хөгжүүлэх дээр онцгой анхаардаг аж. Ингэхдээ үйлчилгээний салбарын алтан дүрмүүдийг сургалт хэлбэрээр тогтмол хүргэж, өөр хоорондоо туршлага хуваалцах байдлаар ажилладаг байна. 


"Шантарч, замаасаа буцах бус, харин өөрчлөлт шинэчлэл, ээлтэй орчин бүрдэх сайн цагт итгэх нь урагшлах урам өгдөг"


Харин ярилцлагаа Монголын бизнесийн орчинд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн сэдэв рүү чиглүүлэхэд, тэрээр татварын тогтолцоо, тайлан тооцооны хүнд суртал, заримдаа хэт нэг талыг барьсан шаардлага нь хувийн хэвшлийнхэнд дарамт болдог талаар санал бодлоо нээлттэй хуваалцав. “Гаднын орнуудад бизнес эрхлэхэд илүү энгийн, ойлгомжтой, тогтвортой систем үйлчилдэг. Харин Монголд нөхцөл байдал арай өөр. Заримдаа зөвхөн тогтолцооны хүнд суртлаас болж урагшлах боломжгүй байдалд хүрдэг”. Энэ бүхэнд шантарч, замаасаа буцах бус, харин өөрчлөлт шинэчлэл, ээлтэй орчин бүрдэх сайн цагт итгэх нь түүнд урагшлах урам өгдөг гэдгийг нэмж онцолсон юм. “Монголдоо хайртай. Байгаль нь л гэхэд ямар ч улстай харьцууламгүй. Зөвхөн харах өнцгөө л өөрчлөх хэрэгтэй”.

Он цагийг ухраан үзвэл түүний туулж өнгөрүүлсэн амьдралд унаж босох зүйл багагүй гарч байсныг тэрээр ярилцлагын үеэр цухасхан өгүүлсэн юм. Санхүүгийн эрсдэл, цар тахал, бизнесээ өргөжүүлэхэд тулгарч байсан хүндхэн даваанууд, хэлж биш хийсэж ирсэн хүнд өвчнийг хүртэл тэрээр даван туулсан билээ. Сайны хажуугаар саар зүйл олон байсныг инээмсэглэн ярих нь ямар хүчирхэг эмэгтэй гэдгийг нь илтгэнэ. Түүний дотроос цацрах энэ эерэг сэтгэлгээ хаанаас урган гарч буй нь хэний ч сонирхлыг улам бадраам.

Дэлгэрмаа гэх энгийн нэгэн охин алс хол Украин улсад дизайнер мэргэжил эзэмшихээр галт тэргэнд суухдаа аавдаа үнсүүлээд, “Миний охин бүхнийг хийж чадна аав нь охиндоо итгэж байна” гэх үгсийг сонссон тэр мөчөөс эхлэн бүхнийг чадах итгэл нь асаж, саад бэрхшээл болгоныг давах хүчийг ааваасаа авчээ. Ийнхүү Үлэмж групп бол нэгэн бүсгүйн нэрийн хуудас байхаа хэдийнээ больж, орчин үеийн үйлчилгээний салбар дахь стандартыг тогтоосон эрүүл гоо зүйг түгээн дэлгэрүүлэгч групп болон өргөжжээ.


Дуртай загвар буюу стиль имижийн тухайд

Тод өнгийн хувцас өмсөх дуртай, брэндээр тоочвол Maison Margiela-гийн хувцаснуудад дурлаж байгаа.


Орох дуртай ресторан

Ихэвчлэн гэртээ хоол бэлдэж авч явдаг. Бусад тохиолдолд California рестораны ногоо ихтэй хоолыг идэх дуртай.


Тогтмол хэрэглэдэг зүйлс

Өдөр тутамдаа зайлшгүй хэрэглэдэг зүйл гэвэл нарны тос. Мөн нэмэлтээр магни уудаг. Харин ажлын орчинд LED дэлгэц үргэлж ашигладаг.


Ж.Булган

2026-04-06, 16:32