Дотор өөх: Үл үзэгдэх аюул
Дотор өөх гэдэг нь арьсан дор бус, хэвлий болон гэдэсний хөндийд орших элэг, нойр булчирхай, ходоод зэрэг эрхтнүүдэд хуримтлагдсан өөхийг хэлэх бөгөөд эрүүл хүний биед тодорхой хэмжээтэй байж, шаардлагатай үед задарч дотор эрхтнүүдийг энергиэр шууд хангадаг өөхийг хэлнэ. Гэвч уг өөх нь хэвлий дотор ихээр хуримтлагдах үед эсрэгээрээ дотор эрхтэнд ачаалал болж, хүний биеийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг гэмтэй. Дотор өөх нь арьсан доорх өөхтэй харьцуулахад хүний биеийн гадна төрхөд маш бага өөрчлөлт оруулдаг тул гаднаасаа туранхай мэт харагдавч дотор өөх ихтэй байж болно. Тиймээс зөвхөн илүүдэл жинтэй хүмүүсийн дотор өөх нь их гэсэн үг биш юм.

Дотор өөх ихсэх шалтгаан

Үндсэн шалтгаан нь ерөөсөө л стресс юм. Стрессийн үед хүний биед кортизол даавар ихээр ялгардаг бөгөөд энэ нь шууд болон шууд бус замаар цусан дахь сахрын хэмжээг ихэсгэдэг. Улмаар инсулин ихээр ялгарч, уг цусан дахь сахрыг дотор эрхтнүүдэд өөх болгон хуримтлуулж өгдөг. Уг кортизол даавар нь зэрлэг байгальд тэсэж, амьд үлдэхэд маш хэрэгтэй даавар юм. Энэ дааврын ачаар л хөхтөн амьтад хүнс тэжээлийг ихээр идэн, өөх хэлбэрээр биедээ нөөцөлж, хожмын аюулд биеэ хамгаалахад гол энергийн эх үүсвэр болдог билээ. Амьтадын хувьд дайснаасаа зугтаах, тулгарсан нөхцөлд амь гарахын төлөө тэмцдэг. Гэвч хүмүүс бид арслан бараас айж зугтах шаардлага бараг байхгүй болсон ч, дотоод шүүрлийн тогтолцоо нь өөрийн ухамсаргүй тул хүн стресстэй үед арслан бараас айж зугтаж буй мэтээр хүлээн авч, кортизолыг их хэмжээгээр ялгаруулдаг дутагдалтай.
Дотор өөх ихэссэн эсэхээ мэдэх арга

Эхлээд бүсэлхийн тойргоо хэмжиж үзээрэй. Эмэгтэй хүний бүсэлхийн тойрог 80 болон түүнээс дээш, эрэгтэй хүнийх 90 болон түүнээс дээш байвал дотор өөхлөлттэй байж болзошгүйг илтгэнэ. Дараа нь хэвлийн ЭХО шинжилгээгээр элэг зэрэг дотор эрхтнүүд өөхлөлттэй гарвал дотор өөх ихэссэнийг батална.
Хэрвээ та дотор өөхлөлт ихтэй хэмээн оношлогдсон бол амьдралын хэмнэлээ өөрчлөх цаг нэгэнт ирснийг илтгэнэ. Дотор өөх нь адреналин дааварт мэдрэг тул амархан шатдаг. Тиймээс та турж эхлэх үед хамгийн түрүүнд дотор өөх чинь шатаж эхэлнэ. Биеийн жингийнхээ 10%-ийг хасахад ерөнхийдөө дотор өөх илтэд багасгачихлаа гэж ойлгож болно. Харин урьдчилан сэргийлэхийн тулд үндсэн шалтгаан болох стрессээ зохицуулах шаардлагатай. Стрессээ хэрхэн тайлж болох талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг өмнө орсон нийтлэлүүдээс уншаарай.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт