Загварын ертөнцөд нөлөөлж буй Холливүүдийн таван алдартнууд
Тэдний хувцаслалт болон гоо үзэсгэлэн загварын салбарт онцлогдож байна
Энн Хатауэй


Devil Wears Prada киноны хоёрдугаар анги гарч буйтай холбоотойгоор Оскарын шагналт жүжигчин Энн Хатауэй загварын ертөнцийг шуугиулж эхэллээ. Тэрээр Valentino, Armani Privé зэрэг загварын орднуудад элч төлөөлөгчөөр ажиллаж байсан ба одоогоор Bvlgari үнэт эдлэлийн брэндийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ. Энэ улирал тэрээр чамгүй олон загварын сэтгүүлийн хуудсыг чимж, жүжигчний карьераа ч бататган бишгүй ярилцлагуудыг өглөө. Түүний хувцаслалт үргэлж онцгой байсаар ирсэн бөгөөд бодит амьдрал дээрээ ч жүжигчин бүсгүй хувцас загварт хайртай нэгэн билээ.




Николь Кидман


Кино ертөнцийн A зэрэглэлийн жүжигчдийн эгнээнд зүй ёсоор багтдаг Николь Кидман одоо ч хувцас загварын ертөнцөд нөлөөлсөөр байна. Загварын шоуны тайзнаа алхаад зогсохгүй 2004 онд тоглосон Chanel No. 5 сүрчгийн сурталчилгаанд 3 сая гаруй ам.долларын гэрээгээр ажилласан түүний амжилтууд одоо ч загварынхны халуун сэдэв болон яригддаг. Тэгвэл энэ жил Николь Chanel-ийн шоуны хүндэт зочноор уригдаж, Оскарын наадамд Chanel загварын ордны тусгайлан түүнд урласан даашинзаар гоёж загварын салхийг эргүүллээ.




Сара Пижон

American Love Story кино өөрөө хувцас загвартай холбогддог бодит түүхээс сэдэвлэсэн кино билээ. Тус цувралд дүр бүтээсэн Сара хувцас загварт мөн л өөрийн хэв маягаараа үлгэрлэж эхэллээ. NYLON болон Marie Claire сэтгүүлийн нүүрийг чимсэн тэрээр ирэх саруудад Vogue сэтгүүлийн нүүрийг чимнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Түүний дүр төрх, урт шаргал үс, биеэ авч яваа байдал, улаан хивснээ бусдаас ялгарах байдал нь магад дээд зэрэглэлийн брэндүүдийн элч төлөөлөгчөөр сонгогдох таамаг ч яригдаж эхлэхийг үгүйсгэхгүй юм.




Зендея

Саяхан хуримаа хийсэн тэрээр загварын ертөнцөд эхнэр гэх тодотголд багталгүй харин ч улам загварлаг нэгэн гэдгээ харуулсаар байна. Түүний хувийн стилист Лау Рошийн хувь нэмрийг дурдах шаардлагатай ч Зендеягийн жүжиглэх чадвар хийгээд аливаад хандах хандлагыг ч мөн хувцас загвартай холбон тайлбарлаж болох юм. Зендея энэ жил чамгүй олон кинонуудад дүр бүтээсэн бөгөөд Odyssey болон Dune: Part Three зэрэг кинонууд нь өндөр хүлээлттэй байна. Уран зөгнөлт кино болох Dune киноны өмнө болсон нээлтийн үеэр жүжигчин бүсгүй футуристик хэв маяг бүрдүүлсэн бол Spider Man киноны нээлтэд аалзны тороор бүрхэгдсэн чамин даашинзаар гоёсон билээ.




Тейяна Тейлор


Энэ жилийн Алтан бөмбөрцөг наадмын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин төрөлд шалгарсан Тейяна олны анхаарлыг татсаар байна. Улаан хивснээ алхах түүний дүр төрхүүдийг бүхий л хэвлэл мэдээлэл бичиж, жүжигчин бүсгүйн урлагт хоёргүй зүтгэснийг магтан дуулж байна. Vanity Fair сэтгүүлийн ирэх өвлийн дугаарыг чимсэн тэрээр гоо үзэсгэлэнгээрээ загварын салбарт бас нэгэн өнгө аясыг авчирлаа. Түүний дүр төрх эмэгтэйлэг агаад зоримог харц, өөрийгөө ямар төрлийн жүжигчин бэ гэдгээ хувцаслалтаараа илэрхийлж буйг дурдахгүй байхын аргагүй.






Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт