Pinterest-ийн энэ зуны тренд: Спорт
Дэлхий даяар 600 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй Pinterest хайлтын систем энэ зуны тайланг 2025 оны гуравдугаар сараас 2026 оны гуравдугаар сар хүртэлх платформын дотоод дата болон хэрэглэгчдийн хайлтын идэвх дээр үндэслэн гаргажээ. Үүнд 2026 оны зуны трендээр “спорт”-ийн сэдэв хүчтэй хэвээр байгааг харуулсан бөгөөд жерси футболка, тамирчдын хувийн стиль давлагаалсаар байна. Тэгвэл “спортлог” зуны тренд хэрхэн үргэлжилж буйг дэлгэрүүлэн харцгаая.
ЖЕРСИ ФУТБОЛКА
2026 оны зургаадугаар сарын эхээр дууссан NBA-ийн 2025-2026 оны улиралд Нью-Йорк Knicks баг гайхалтай тоглолт үзүүлж, NBA Finals буюу аваргын төлөөх цувралд шалгарч үлдсэн нь шуугиан тариад байна. Мөн Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (FIFA World Cup) энэ жил сүр дуулиантайгаар үргэлжилж буйтай холбоотойгоор багийн тамирчдын жерси футболка тренд хүчтэйгээр үргэлжилсээр байна.
Уг амжилттай холбоотойгоор Pinterest платфом дээр “World Cup jerseys” хайлт 840 хувиар өссөн бол “Brazil jersey outfit women” хайлт 302 хувиар өсжээ. Хослуулан өмсөх жийнсэн шортны хайлт мөн “jorts jersey outfit” нэрээр 130 хувь өссөн бол бусад спортын өмсгөл “baseball jersey outfit ideas” нэрээр 139 хувь өссөн байна.
ПҮҮЗ ӨДӨР ТУТАМ
Salomons болон Оnitsuka брэндийн пүүзнүүд трендийг тэргүүлж байсан бол энэ жилээс Puma тренд болж байна. Ялангуяа илүү нарийн, шөвгөр хоншоортой, нимгэн ултай загварууд трендийг тэргүүлж “sneaker flats outfit” хайлтаар 432 хувь өссөн бол мөн “sneaker mules outfit” хайлт 247 хувь өссөн амжилт үзүүлжээ. Гэсэн ч ямагт эрэлт өндөр байдаг New balance болон Asics загварын пүүзнүүдийн хайлт “dad sneakers” нэрээр 906 хувийн эрэлт бүхий амжилт үзүүлсэн нь сонирхолтой.
ЗАГВАРЛАГ НАРНЫ ШИЛ
Домогт Кристиано Роналдогийн 2000-аад оны минимал, задгай мөн зоригтой загварын сонголтууд бүхий хувцаслалтын нэгэн хэсэг, чамин нүдний шилнүүд эргэн ирлээ! Нарийн хөнгөн нүдний шил буюу “rimless sunglasses men” 58 хувиар хайлт нь өссөн бол эмэгтэйчүүдийн хувьд “oval sunglasses women” загварын хайлт 415 хувь өсжээ. Мөн тамирчдын хамгийн чамин сонголтуудын нэг Chrome Hearts брэндийн хайлт даруй 828 хувиар өссөн нь спортын амжилт ихтэй энэ жилийн онцлог болж байна.
ГЯЛАЛЗСАН АРЬС
Зуны халуунд арьсаа хамгаалахын зэрэгцээ эрүүл гэрэлтсэн харагдуулах "On The Go Glow" чиг хандлага давамгайлж байна. Хэрэглэгчид давхарлан түрхэхэд асуудалгүй, авсаархан гоо сайхны бүтээгдэхүүнийг илүүд үзэх буюу бэлтгэлийн дараа хурдан бөгөөд үр дүнтэй арьсыг арчлах бүтээгдэхүүнүүд сонирхож эхэлжээ. Хайлтын хувьд "Glowy skin routine" 216 хувиар өссөн бол "Sweatproof makeup" хайлт 180 хувиар нэмэгдсэн байна. Шингэн нарнаас хамгаалах тос болон хуурай арьсанд зориулсан SPF бүтээгдэхүүнүүдийн хайлт эрс өссөн нь мөн минимал нүүр будалт буюу арьсны детокс хандлага тренд болж буйтай холбоотой юм.
ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН НҮҮР БУДАЛТ
Минимал нүүр будалт хайлтаараа тэргүүлж байгаа ч smoky нүд будалт хэзээд сонгодог сонголт хэвээр байна. Тодруулбал "Pep Rally Glam" буюу ялалтын дараах сэтгэл догдлом агшныг тэмдэглэх мэт нүүр будалт Pinterest платформ дээр хайлтаараа тэргүүллээ. Энэ нь гялалзсан арьс, уруулын өнгийг тодруулсан будалт бөгөөд гол онцлох нь "smoky" нүдний будалт ба хайлт нь 1,522 хувиар өссөн байна. Pinterest үүнийг "эрч хүчтэй нүдний будалт ялимгүй хөлөрсөн мэт арьс адил төрх" хэмээн тодорхойлжээ.
ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН СТИЛЬ
Эмэгтэй тамирчид зөвхөн тэмцээний самбарт давамгайлаад зогсохгүй, өөрсдийн эргэн тойрон дахь соёлыг тодорхойлсоор байдаг. Хүмүүс зөвхөн тоглолтын ялагчийг үзэхээс илүү Pinterest дээр өөрийн дуртай тамирчдын өдөр тутмын стиль, гоо сайхны сонголтууд зэрэг амьдралын бүхий л хэв маягийг сонирхдог хэвээр байна. Өвлийн олимпод хэн бүхний хайрыг татаж чадсан уран гулгалтын тамирчин Алиса Льюүгийн хайлт 39228 хувиар өссөн бол чөлөөт гулгалтын тамирчин Эилин Гугийн хайлт 5503 хувиар өсжээ. Хоёр тамирчны хувьд хийж буй зүйлээ “чин сэтгэлээсээ таашаах”, тэр хэрээр үр дүн ямар амжилттай байж болохыг өөрсдөөрөө үлгэрлэсэн нь өвлийн олимпын хамгийн онцлох мөчүүдийн нэг байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт