2021 оныг төлөвлөхөд туслах шилдэг дижитал тэмдэглэлийн дэвтрүүд

Эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй шинэ оноо эхэлцгээе

2020 онд худалдан авсан тэмдэглэлийн дэвтрээ хөтлөх боломж олдсонгүй юу? Дэлхийд ковидын эсрэг вакцин гарснаар 2021 онд бүх зүйл аажмаар хэвийн байдалдаа орно гэж найдаж байна. Тиймээс одоо гэртээ байх зуураа шинэ ондоо хийхээр төлөвлөсөн бүх ажлуудаа болон бүтээлч санаануудаа буулгах тэмдэглэлийн дэвтэр бүхий аппуудыг татаад аваарай.

Any.do

Хийх ажлуудын жагсаалт, сануулга, календарийг нэгтгэсэн энэхүү апп нь 2021 онд бүхнийг шинээр эхлэх гэж байгаа хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ажлын уулзалтуудаа товлож, чухал зүйлсээ тэмдэглэж, хүнсний дэлгүүрт шоппинг жагсаалтаа харах гээд нэгэн зэрэг олон үйлдэл хийх боломжтой.

Clear Todos

Энгийн атлаа үр дүнтэй аргаар тэмдэглэл хөтлөхийг хүсдэг хүмүүст тохиромжтой. Энэхүү апп нь төлөвлөгөөнүүдийг тань олон янзын өнгөд хуваан маш ойлгомжтой байдлаар харуулж, амьдралыг тань илүү цэгцтэй, тодорхой болгож өгнө.

Fantastical

Apple компанийн "2020 оны шилдэг аппууд" жагсаалтад багтсан уг апп нь төслүүдээ удирдаж, янз бүрийн цагийн бүсэд уулзалт арга хэмжээнүүдээ төлөвлөхөд тусална. Мөн Zoom, Google, Skype болон бусад олон апптай холбогдон амархан онлайн хуралдаа оролцох боломжийг нээж өгөхөөс гадна 10 хоногийн урьдчилсан цаг агаарын байдлыг танилцуулна. Ерөнхийдөө энд үр бүтээлтэй амьдрахад хэрэгцээтэй бүхий л зүйлс бий.

Pocket Lists

Ажил төлөвлөж, хуваарь гаргахаас гадна унших хэрэгтэй ном, үзэх ёстой кино гээд чөлөөт цагийг тань зөв хуваарилж, мөн өөртөө цаг зав гаргах "Зэн" чеклист санал болгоно. Үүнээс гадна та гэр бүл, хамтран ажиллагсадтайгаа хийх ёстой ажлынхаа жагсаалтыг хуваалцаж болно.

Planner Pro

Төлөвлөгөөгөө өдөр, сар, жилээр нь гаргахыг хүсвэл уг аппыг татаж аваарай. Энэхүү апп нь ажлын хуваарь гаргахаас гадна тэмдэглэл хийж, зураг зурж, ер нь яг л таны ухаалаг утсанд багтсан цаасан тэмдэглэлийн дэвтрээс өөрцгүй.

Buro.Mongolia

2021-01-04, 16:17

  • Зураг: