Хайх

Арьсаа чийгшүүлэхэд анхаарах зүйлс

Арьсаа чийгшүүлэхэд анхаарах зүйлс

Text: Ж.Булган


Анагаах ухааны доктор багш ирээдүйн эмч оюутнуудаас нүүрний арьсны улаан судас яаж үүсдэгийг асуув. Янз бүрийн хариулт хэлж, таамаг дэвшүүлж тэд үндсэндээ ганц хариулт дээр санал нэгдэв. Эрс тэрс уур амьсгал, бүр нарийн тайлбарлавал монгол гэрийн орчны дулаан +30 хэм байхад үүдээр дөнгөж гармагц өвлийн тэсгэм жавар -30 хэмийн хүйтэнтэй тулна. Ердөө хэдхэн агшны дотор хүйтэн дулааны орчныг солих хооронд нүүрний арьсны тэлсэн судас түргэн хугацаанд агшиж суларснаас үүдэж хацар хэсгийн арьсны судас тодрон үлддэг ажээ. Монголчууд бид жаргалтай хатны хацар улаан эсвэл хамгийн эрүүл хүүхэд улаан хацартай байдаг юм гэж хүртэл магтах нь бий. Гэвч анагаах ухаанд үүнийг нэг төрлийн эмгэг гэж тайлбарладаг ба үүнийг хялгасан судасны тэлгэдэл/хагарал буюу телеангиэктазия гэж нэрлэдэг. Харин энэ эмгэг нь монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог бөгөөд үндсэн шалтгаан нь цаг уурын хэлбэлзэл, эрс тэрс байдалтай холбоотой.

Арьсаа чийгшүүлэхэд анхаарах зүйлс (фото 1)

Нөсөө толбо, хялгасан судсыг арилгах, сорви бүдгэрүүлэх эмчилгээний практикт дэлхий даяар лазер эмчилгээг 1990 оноос хойш өргөнөөр ашиглан иржээ. Үр дүнгээр ч батлагдсан. Харин үүний дараа бид арьсаа хэрхэн арчлах вэ гэдэг хамгийн том асуулттай нүүр тулдаг. Арьс эмзэгшиж, хуурайших, арьсны өнгөн давхарга гуужих гээд олон хариу урвалууд явагддаг нь арьсны нөхөн төлжих явцын түгээмэл шинж тэмдэг аж. Аль ч төрлийн арьс гоо заслын эмчилгээнд орсон, ороогүй ч дийлэнх эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бол арьс хуурайших болон эмзэгших. Өвлийн улирлаас гадна бидэнд хаврын салхи, орчны бохирдол гээд тоочоод барамгүй сөрөг хүчин зүйлс бий.

Ямар ч улиралд, ямар ч тохиолдолд арьс арчилгааны шалгарсан арга бол ЧИЙГШҮҮЛЭХ арчилгаа юм. Таны арьс холимог эсвэл тослог ч бай хамаагүй өөрт тохирсон чийгшүүлэх бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх хэрэгтэй гэж арьсны эмч бүр зөвлөдөг. Энэ удаагийн зөвлөгөөгөөр чийгшүүлэлт гэдэг үндсэн сэдвийг онцлон, эмэгтэйчүүдийн гаргадаг түгээмэл алдааг мөшгөн, таны дадалд зөв аргыг санал болгож байна.


1.ХЭТ ИХ “ХҮЧИЛ” НЬ АРЬСЫГ ЧИЙГШҮҮЛЭХЭД МУУ НӨЛӨӨТЭЙ

Арьсаа чийгшүүлэхэд анхаарах зүйлс (фото 2)

Гиалуроны гурван төрөл агуулсан маск, витамин С-тэй серум, АHA болон BHA гуужуулах тонер, салициллийн найрлагатай арчдаг хөвөн гэх мэт бүтээгдэхүүн нь үнэндээ бүгд хүчил юм. Гиалуроны хүчилтэй маск тавьсны дараа аскорбины хүчлийн найрлагатай серум хэрэглээд маргааш өглөө нь нүүрээ цэвэрлэхдээ альфа-гидроксийн хүчилтэй гуужуулах тонероор арчих нь таны арьсыг улам эмзэгшүүлнэ. Хүчил гэдгийг та нимбэг жимстэй зүйрлэж болно, харин олон төрлийн нимбэг жимсээр арьсаа өдөр болгон арчилна гэдэг нь таны арьсыг түлэх үйлчилгээ гэж бичихэд буруудахгүй. Өдөр тутмын арьс арчилгаандаа та эдгээр бүтээгдэхүүнүүдийн хэрэглэх хоорондын давтамжийг холдуулж, арьсандаа амралт өгч байгаарай. Хэрэв та хүчлийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэг бол чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхээ бүү орхигдуулаарай. Арьсны ямар ч төрлийн асуудалтай байсан усан суурьтай тос, хөнгөн найрлагатай буюу энгийн орц найрлагатай чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх нь таны арьсанд амралт болоод зогсохгүй арьсны хөгшрөлтийг сааруулах гол түлхүүр гэдгийг Harvard medical report сэтгүүлийн судалгаанд тулгуурлан нийтэлжээ.

2.ХҮЧИЛ ШҮЛТИЙН “ТЭНЦВЭР”, АРЬСНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ

Арьсаа чийгшүүлэхэд анхаарах зүйлс (фото 3)

Дэлхийн арьс арчилгааны ертөнцөд мэргэжилтнүүд хүний арьс тэр дундаа нүүрний арьсны хамгийн таатай орчныг pH 5,5 гэж тогтоосон байдаг ба тус хэмжил зүйгээр суурилан арьс арчилгааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Гэвч хурдан хугацаанд үр дүн үзүүлнэ гэсэн амлалтын дор химийн найрлага зонхилсон бүтээгдэхүүнүүд бас бий. Үүний хамгийн тод жишээг та нүүрний бохирдол арилгах саван, хөөсөн болон шингэн цэвэрлэгчийн найрлагаас харж болно. Хэт хүчиллэг болон хэт шүлтлэг нүүрний саван хэрэглэх нь таны арьсанд сөрөг нөлөө үзүүлнэ. Арьс арчилгааны хамгийн чухал эхний алхам болох арьс цэвэрлэгээг хэт хүчиллэг савангаар хийснээр таны дараагийн хэрэглэх бүтээгдэхүүний ашигтай найрлагыг саармагжуулах аюултай.

Нүүрний саванг эмчийн зааврын дагуу батгатай арьсанд хүчиллэг, эмгэг тууралттай бол шүлтлэг саван хэрэглэх нь зүйтэй гэх зөвлөгөөг эрдэмтэд няцааж эхэллээ. Ялангуяа арьсны бохирдлыг цэвэрлэх үе шатуудад хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгож байгаа бөгөөд та ердөө өөрийн сонирхож буй брэндийн бүтээгдэхүүнээс pH Balanced гэсэн бичиг байгаа эсэхийг шалгахад хангалттай.


3.ОДУУДЫН ЦҮНХЭНД ҮРГЭЛЖ  МАСК БАЙДАГ

Арьсаа чийгшүүлэхэд анхаарах зүйлс (фото 4)

Өмнөх жилүүдийн үр дүнгийн тайлан буюу 2018-2024 оны судалгаагаар дэлхий даяр зарагдсан салфеткан маскийн борлуулалт 395 сая ам.доллар байна гэсэн тооцоолол гарчээ. Салфеткан маскны хэрэглээгээрээ БНСАУ, Япон орнууд тэргүүлдэг бол эдгээр улсууд нь мөн хамгийн чанартай маск үйлдвэрлэлээрээ алдартай. Арьсыг хамгийн хурдан хугацаанд чийгшүүлэх, тэжээлээр хангах арга бол салфеткан маск гэдэгт уншигчид маань санал нийлэх биз ээ. Харин эмэгтэйчүүдийн дунд ажиглагддаг түгээмэл алдаа нь маскийг хэрэглэх тогтсон хугацаанаас хэтрүүлэн тавих явдал байдаг. Дийлэнх салфеткан маск 15-20 минутын хугацаанд тавьж хэрэглэнэ гэж заасан байдаг ч олон цагаар хэтрүүлэн хэрэглэснээр салфетка эргэн чийгийг буцаан өөртөө шингээх физик урвал явагддаг байна. Иймээс чийгшил өгөх салфеткан маскийг заасан хугацааны дагуу хэрэглэх нь хамгийн чухал юм шүү.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх