Хайх

Арьс арчилгааны шинэ тренд: Нэгэн зэрэг олон маск тавих арга

Арьс арчилгааны шинэ тренд: Нэгэн зэрэг олон маск тавих арга

Мультимаскинг

Text: Buro.Mongolia


Зураг:

Гель, шавар, тониктой болон бусад төрлийн маскуудыг хэрхэн нэгэн зэрэг хэрэглэх вэ?

Мультимаскинг гэж юу вэ?

Мультимаскинг гэдэг нь олон төрлийн маскийг нэгэн зэрэг, арьсныхаа өөр, өөр хэсгүүдэд түрхэх аргачлалыг хэлж байгаа юм. Сүүлийн үед Instagram-аар хүчтэй дэлгэрэх болсон энэхүү тренд нь цаг хэмнэхийн зэрэгцээ мөн арьс арчилгааны олон асуудлыг нэгэн зэрэг шийддэг давуу талтай. Гэхдээ үүний хажуугаар энэ аргачлал нь харшлын реакци өгөх магадлалтай гэдгийг дурдах нь зүйтэй байх.

"Нүүрний хэсэг бүрт өөрийн гэсэн арьсны төрөл байдаг. Тухайлбал хацрын хэсэгт арьс хуурай, харин хамрын хоёр тал ба дух хэсэгт тослог эсвэл эмзэг байдаг. Тослог арьсанд хуурайшуулах үйлчилгээтэй маск тохиромжтой ч энэ нь хөгширч буй арьсны нөхцөл байдлыг улам дордуулдаг. Мөн арьсны уян хатан байдлыг хадгалж үлдэхийн тулд чийгшүүлэгч тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүх асуудлыг шийдэхийн тулд арьсан дээрээ төрөл бүрийн маскийг нэгэн зэрэг тавихыг зөвлөж байна" хэмээн «Британа» салоны эмч ба гоо сайханч Надежда Мовчан ярьлаа. Мультимаскинг аргачлалыг баримтлах нь анхандаа төвөгтэй санагдаж болох ч зөвхөн ийм аргаар л бид гоо үзэсгэлэндээ бүрэн дүүрэн анхаарал тавьж чадах юм.

Т-бүс

Тослог, нүхжилт ихтэй арьсанд цэвэрлэгч ба тэнцвэржүүлэгч маск хамгийн тохиромжтой байдаг. Тэдгээр нь нүх агшааж, үрэвсэл хатааж өгдөг. Найрлагадаа хүчил, шавар, модны нүүрс, каолин, цайр болон бусад арьсны себумыг цэвэрлэж, тэнцвэржүүлдэг орцтой маск худалдаж аваарай.

Нүдний эргэн тойрон дахь хэсэг

Нүүрний хамгийн уян зөөлөн арьстай нүдний эргэн тойрон дахь хэсэг нь амархан хавдах хандлагатай байдаг. Тиймээс энэ хэсэгт кофейн, гинкго билоб ба өргөст хэмх гэх зэрэг арьсыг сэрүүцүүлж өгдөг найрлагатай, ус зайлуулдаг гель хэлбэрийн эсвэл бусад хөнгөн бүтэцтэй маск хэрэглэх нь зүйтэй юм. Ямар бүтээгдэхүүн сонгохоо сайн мэдэхгүй байвал гидрогел нүдний наалтыг туршаад үзээрэй. Энэ нь хамгийн түгээмэл бөгөөд үр нөлөөтэй хувилбар юм. Нойргүй шөнө болон удаан нислэгийн дараа хэрэг болох жинхэнэ аврагч л гэсэн үг.

Хацрын хэсэг

Арьсны энэ хэсэгт аль болох их чийгшил ба тоник шаардагддаг. Тиймээс арьс судлаачид хацрын хэсэгт зориулж тэжээллэг ихтэй, сэргээх үйлчилгээтэй маск сонгохыг санал болгож байна. Найрлагадаа гиалуроны хүчил, А,С ба Е амин дэм болон ургамлын орцтой бүтээгдэхүүн худалдан аваарай.

Нүүрний ерөнхий хэлбэр

Мэдээж маск хэрэглэсний ачаар таны нүүрний хэлбэр хормын зуур татагдчихгүй. Гэхдээ нүүрнийхээ ерөнхий хэлбэрийг унжиж, хөгшрөхөөс сэргийлж, тонусыг нь хадгалахын тулд арьсыг өргөж, чангалах үйлчилгээтэй, найрлагадаа пептид, овьёосны ханд, хар түрс агуулсан маск хэрэглэх шаардлагатай юм.

"Нүүрнийхээ хэлбэрийг алдахгүйн тулд нэгэн зэрэг хэд, хэдэн асуудал шийддэг маск сонгож байгаарай. Коллагентай маск арьсыг өргөж, нүх агшааж, хялгасан судасны бүдүүрэлтэй тэмцдэг. Харин алгиний хүчилтэй маск тунгалгийн ус зайлуулах нөлөө үзүүлж, нүүрний хэлбэрийг тодотгож, нүх агшааж, цэвэрлэдэг" хэмээн Надежда Мовчан зөвлөлөө.

 

 

цааш үзэх