Хайх

Бусдаас онцгой: Үнэр холих чиг хандлага

Бусдаас онцгой: Үнэр холих чиг хандлага

DIY үнэр

Text: Ө.Тодгэрэл


Үнэртний ертөнцөд ямар өөрчлөлтүүд орж, ямар чиг хандлага ноёрхож байна вэ? Үнэр холих трендийн тухай та сонссон уу? Дэлгэрэнгүй уншицгаая

Орчин үеийн үнэртний зах зээл маш өргөн хүрээ бүхий сонголттой болсон. Жил бүр урьд өмнөхөөсөө илүү их сүрчиг үйлдвэрлэгдэж, жил бүр шинэ брэндүүд нэмэгдэж байна. Орчин үеийн хэрэглэгчид интернетийн энэ эрин үед зөвхөн амьдардаг орноосоо биш, харин дэлхийн аль ч өнцгөөс таалагдсан үнэртнээ захиалан авах боломжтой болсон. Түүнээс гадна тэд урьд өмнөхөөсөө илүү их мэдлэг хуримтлуулж, сүрчгийг орц найрлагаар нь нарийн ялгаж мэддэг болжээ. Хэрэглэгчид брэндүүдийн сүрчиг бүтээгч нарыг нэрээр нь таньж, дуртай сүрчгээ хэрхэн бүтсэн талаарх түүхийг нь судалдаг болсон байна.

Энэ бүгдээс улбаалаад хүмүүс илүү их зүйлийг хүсэх болсон. Тэд хязгааргүй олон сонголтоос өөрт тохирох шилдэг үнэрээ хайж, нэг үнэртнээс нөгөө рүү шилжиж, тайлбарлахад хэцүү тэр тааламжтай мэдрэмжийг авахыг хүлээсээр байна.

Харин сүүлийн үеийн сүрчиг холих чиг хандлага бидэнд тэрхүү сонин, содон, төгс мэдрэмж төрүүлэх үнэрийг олоход тусалж байгаа юм. Бүх нууц бидэнд өөрсдөд нь оршиж байсан юм байна шүү дээ. Бидний зан чанар, бидний бүтээлч байдал хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байна. Өөрийн мэдрэмжээрээ, өөрт таалагдах үнэр гаргаж авах. Ингээд л нууц тайлагдлаа.

XXI зуунд хүмүүс ямар нэгэн нийгмээр тодорхойлогдсон хуурамч төгс байдлыг дуурайж амьдрах биш, харин өөрийнхөөрөө, өөрийгөө хайрлаж, өөрийн өвөрмөц байдлаа хадгалж үлдэх нь илүү үнэ цэнэтэй болсон. Тиймээс үнэртний зах зээл ч мөн адил энэ чиг хандлагыг даган өөрчлөгдөж байна. Хүний гараар бүтсэн, сэтгэл шингэсэн, хувь хүнд тусгайлан хийгдсэн, төрөлдөө цорын ганц зүйлс хамгийн нандин мэдрэмж төрүүлж байдаг. Үнэр бидний дурсамжтай шууд холбоотой байдаг шүү дээ. Бидний хүүхэд насаа өнгөрүүлсэн гэрийн үнэр, эцэг, эхийн давтагдашгүй үнэр, сэтгэлийг тань булааж байсан тэрхүү залуу эсвэл бүсгүйн үнэр гээд бид бүгдийг нь тархиндаа саначихсан байдаг.

Jo Malone

Их Британийн Jo Malone брэнд энэ чиглэлдээ бусдаасаа анхдагч бөгөөд тэргүүлэгч нь юм. Энэ брэнд нь Fragrance Combining буюу Үнэр Холих гэсэн ойлголтыг албан ёсны худалдааны тэмдэг болгон хувиргасан. Брэндийн сүрчиг бүрийг дангаар нь хэрэглэж болох ч өөр үнэртэй холивол илүү өвөрмөц, зөвхөн таны бүтээсэн үнэр гарч ирдэг. Сүрчиг бүр маш энгийн бүтэцтэй байж, зөвхөн нэг төрлийн тэргүүлэгч үнэр агуулдаг. Тухайлбал зөвхөн цэцэг, эсвэл ганцхан цитрус жимс мэдрэгдэх болно. Ийм учраас сүрчгүүдийг хооронд нь холиход гэнэтийн үнэр ялгардаг. Та юунаас эхлэхээ мэдэхгүй, эргэлзэж байвал брэндийн албан ёсны вебсайтаар зочилж, сүрчиг холих хувилбаруудыг судалж үзээрэй.

Бусдаас онцгой: Үнэр холих чиг хандлага (фото 1)

Biography Scents of Self

Лос-Анжелесаас гаралтай инди хэв маягийн сүрчиг бүтээгч Сара Хоровиц нь Холливүүдын алдартнуудтай хамтран ажиллаж, тэдэнд зориулсан өвөрмөц сүрчиг бүтээдгээрээ алдаршсан. Сара 2015 онд Biography Scents of Self гэх нэртэй хоорондоо уусдаг сүрчгийн багц гаргасан юм. Багцад дөрвөн төрлийн сүрчиг орсон бөгөөд тус бүрийг нь дангаар нь эсвэл бусад гурван сүрчигтэй хольж хэрэглэж болно. Тодруулбал зөөлөн ванилын Perfect Veil, жимсний Scents of Awakening, цэцгэн Scents of Harmony, мөн чихэрлэг Oriental Base гэх дөрвөн үнэрээс бүрджээ. "Бид бүгд өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй байдаг. Нэг төрлийн сүрчиг гэр бүлийн эгч дүүс дээр, эх охин хоёр дээр, аль эсвэл найзууд дээр тэс ондоо үнэр ялгаруулдаг. Тиймээс бидэнд өөрт тусгайлан тохируулж гаргаж авсан үнэр хэрэгтэй" хэмээн Сара ярьжээ.

Бусдаас онцгой: Үнэр холих чиг хандлага (фото 2)

The Blend by Fred Segal

Сүрчиг бүтээгч Фред Сегал бол мөн адил Лос-Анжелесаас гаралтай, 30 жилийн турш VIP хэрэглэгчиддээ өвөрмөц үнэр бүтээдэг байсан нэгэн. Харин одоо The Blend by Fred Segal гэх арван үнэрээс бүрдсэн түүний багц зөвхөн VIP гэлтгүй, бүх хүмүүст нээлттэй боллоо. Сүрчгийн багц дотор үнэр холих зааварчилга, хувилбаруудыг санал болгосон гарын авлага дагалдаж ирдэг том давуу талтай.

Бусдаас онцгой: Үнэр холих чиг хандлага (фото 3)

Demeter Foolproof Blending Duos and Blending Trios

Нью-Йорк хотод байрладаг Demeter сүрчгийн брэнд нарийн хүрээний зах зээлдээ нэлээд алдартай. Алдартнууд эндээс дуртай сүрчгээ олж авах нь нэг биш удаа байдаг. Хоёр эсвэл гурван ширхэг бүхий өөр үнэрээс бүрдсэн багцууд яаж ч хольсон сайхан үнэр гаргахаар зохиогдсон тул алдаа хийхээс айх зүйлгүй юм.

Бусдаас онцгой: Үнэр холих чиг хандлага (фото 4)

цааш үзэх