Хайх

Франц улсын шилдэг үнэртний сургуулиуд

Франц улсын шилдэг үнэртний сургуулиуд

Мэргэжлээ солихыг хүсч буй нэгэнд

Text: Бюро 24/7


Зураг:

Шилдэг амт ба үнэрээрээ алдаршсан Франц улс руу дэлхийн өнцөг бүрээс хүмүүс хоол хийх урлаг болон дарс хадгалах, амтлах ур чадварт суралцахаар очдог. Гэхдээ Франц гэдэг нь бас асар том үнэртний салбар гэдгийг мартаж болохгүй. Тэнд дэлхийд алдартай үнэртний сургуулиуд болон сүрчиг бүтээгч нар бий

Яруу найрагч Вольтер, дизайнер Коко Шанелийн эх орон руу хүмүүс Sorbonne их сургуульд элсэх гэж, Le Cordon Bleu-д тогоочийн мэргэжил эзэмших гэж, эсвэл Istituto Marangoni-д дизайнераар суралцах гэж очдог. Харин Францын үнэртний боловсролын тухай хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Энэ улсад жилд тавхан оюутан элсүүлдэг, шаардлага маш өндөртэй, нэр төртэй сургуулиудаас гадна, мөн хүссэн болгоныг хүлээж авахад бэлэн мөртлөө хаанаас ч дутахааргүй чанартай, жижиг курсууд бас бий. Бид энэ сэдвээр илүү гүнзгий судалгаа хийхээр шийдэж, мэргэжлээ бүр мөсөн солихыг хүссэн хүмүүст ямар сургууль тохирохыг, мөн сонирхол маягаар үнэртний мэдлэгийг эзэмшихийг хүссэн нэгэнд ямар курс тохиромжтой байхыг олж мэдлээ.

Олон улсын үнэртэн, гоо сайхан ба хүнсний амтлагчийн их дээд сургууль ISIPCA

Энэхүү дэлхийн хамгийн алдартай үнэртний их сургуулийг Guerlain ордны үүсгэн байгуулагчийн элэнц ач хүү Жан-Жак Герлен 1970 онд үүсгэсэн юм. Энэ сургууль нь жилд ердөө 20 оюутан элсүүлж авдаг бөгөөд сургуулийн шалгуурыг давахын тулд юуны түрүүнд химийн чиглэлийн дээд боловсролтой байх хэрэгтэй. ISIPCA-гийн төгсөгч, сүрчиг бүтээгч Сесиль Зарокяны үзэж буйгаар "Химийн шинжлэх ухааны ачаар үнэртний орцууд хоорондоо хэрхэн урвалд ордгийг ойлгох боломжтой" аж.

Сургалт хоёр жилийн турш үргэлжлэх бөгөөд үүний дараа оюутнууд үнэртний ордонд дадлага хийдэг байна. Эхний жилдээ тэд аналитик хими, үнэртэн ба гоо сайхны бүтээгдэхүүн бүтээх аргачлал, арьсны биологи, экологи болон сүрчгийн ноот ба аккордуудыг (ойролцоогоор 500 төрлийн үнэр бий) сурах болно. Харин хоёр дах жилдээ оюутнууд бизнесийн үйл явцад суралцана. Түүнээс гадна шалгалт өгч, диплом хүртэхийн тулд сургуулийн номын санд хэдэн зуун цаг өнгөрүүлэх хэрэг гарна.

Шалгуур өндөртэй энэ сургуулийг дүүргэхийн тулд их хэмжээний хичээл зүтгэл, тэвчээр шаардагддаг тул нийт оюутнуудын тал нь эхний семестрээсээ шантрах магадлалтай байдаг. ISIPCA бол "сүрчиг бүтээгч" мэргэжлийн олон улсын диплом олгодог дэлхийн цорын ганц нээлттэй их дээд сургууль юм. Сургалтын үнэ жилийн 30,000 евро.

Швейцарын үнэртний концерны нэрэмжит сургууль Givaudan

Швейцарын алдарт Givaudan гоо сайхны брэнд Guerlain-ы адил өөрийн гэсэн үнэртний сургууль үүсгэн байгуулсан бөгөөд энд зөвхөн компаний ажилтнууд суралцах боломжтой юм. Сүрчиг бүтээгч Жан Карлегийн 1946 онд байгуулсан энэхүү сургууль нь Парис хотын захад оршдог ба гурван жилийн боловсролын хөтөлбөр санал болгодог байна. Жил бүр сургууль олон зуун хүсэлт хүлээж авдаг ч гэлээ, тэр дундаас зөвхөн таван хүн л сонгодог. Сургуулийн босгыг давахын тулд химийн шинжлэх ухааны дээд боловсролтой байх шаардлагагүй бөгөөд тэнцэж чадсан бол ямар ч үнэ төлбөргүй суралцах боломжтой.

Франц улсын шилдэг үнэртний сургуулиуд (фото 1)

Үүсгэн байгуулагч Жан Карле хоёр төрлийн диаграммаас бүрддэг үнэртний судалгааны цоо шинэ систем бүтээж чадсан байдаг. Байгалийн болон синтетик элементүүдэд хуваагдсан тэрхүү диаграмм нь түүхий эдийн ижил ба ондоо талуудыг илрүүлдэг аж. Карлегийн нэрээр нэрлэгдсэн энэхүү судалгааны аргачлал үнэртний салбарын суурь ухагдахуунуудын нэг болсон бөгөөд Givaudan сургуулийн оюутнууд юуны түрүүнд үүнд суралцдаг байна.

Оюутнууд сургуулиа төгсмөгцөө компаний сүрчиг бүтээгчдийн багт элсэн ажиллана. Одоогийн байдлаар Givaudan ордонд 70 гаруй "хамар" хөдөлмөрлөж байгаа. Тэнд том хамт олон байгаа ч гэлээ хийх ажил хангалттай их байх болно. Учир нь Givaudan ордон руу Кельвин Кляйн, Бижан, Том Форд, Марк Жейкобс, Ральф Лорен, Хьюго Босс ба Пако Рабан гэх дэлхийн томоохон дизайнерууд тогтмол хандаж, шинэ сүрчиг бүтээхийг хүсдэг гэнэ.

Грассын үнэртний сургууль

Энэхүү харьцангуй залуухан сургууль нь 2002 онд үүсгэн байгуулагдсан юм. Жил бүр сургууль 12 оюутан хүлээн авч, есөн сарын хугацаатай эрчимжүүлсэн сургалтад хамруулдаг байна. Сургалт хоёрдугаар сараас эхлэн арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх ба дунд нь зуны амралт бий. Англи хэл дээр явагддаг сургалт нийт 972 цагаас бүрдэх бөгөөд үүний 324 цаг нь лекцэд зориулагдсан аж. Лекцийг нэг бол сүрчиг бүтээгч аль эсвэл техникийн мэргэжилтнүүд уншина. Харин үлдсэн хугацаанд сурагчид дадлагад гарах болно. Тэд үнэртний үйлдвэр, лаборатори болон цэцэрлэгт хүрээлэнгээр айлчилж, сүрчиг бүтээх урлагийн нарийн деталиудад суралцана. Сургалтын үнэ 12,000 евро бөгөөд хөтөлбөрт тэмцэхийн тулд ерөнхий боловсролын элсэлтийн шалгалт өгч, үнэр таних чадварыг шалгах сорилтод хамрагдаж, ярилцлагад орох шаардлагатай.

Франц улсын шилдэг үнэртний сургуулиуд (фото 2)

Түүнээс гадна уг сургууль шинээр суралцагсад болон туршлагатай сүрчиг бүтээгч нарт зориулсан богино хугацааны зуны сургалт явуулдаг байна.

Богино хугацааны үнэртний курсүүд

Шаардлагатай дээд боловсрол эзэмшээгүй, эсвэл удаан хугацаанд суралцах хангалттай цаг завгүй байна гэдэг нь мөрөөдлөө орхих шалтгаан биш юм. Сүрчиг бүтээгч мэргэжлийн үндсэн мэдлэгийг богино хугацааны курсүүдээс ч бас олж авах боломжтой.

Парисын Cinquieme Sens сургуульд маш олон ийм төрлийн курс ба семинарууд бий. Сургалт англи ба франц хэл дээр явагддаг бөгөөд бүх түвшний сурагчдыг хүлээж авдаг байна. Сургалтын хугацаа богинохон ч гэлээ сургуулийн хэд, хэдэн төгсөгчид нэлээдгүй амжилт олоод байгаа. Тухайлбал уг сургуульд Vero Profumo брэндийн үүсгэн байгуулагч Веро Керн суралцаж байсан. Сургуулийн санал болгох хамгийн богинохон хөтөлбөрт гурван цагийн турш үргэлжлэх 280 еврогийн үнэтэй үндсэн мэдлэгийн семинар хамрагдана. Харин хамгийн уртад нь үнэртэй усны түүхий эдийг чиглэсэн 6,840 еврогийн үнэтэй есөн сар үргэлжлэх курс багтаж байгаа юм.

Богино хугацааны хичээлүүдийг мөн Gallimard үнэртний ордон санал болгодог. Хичээлүүд хоёроос таван цагийн хооронд үргэлжилдэг бөгөөд сурагчид тэрхүү хугацаанд жижиг багуудад хуваагдан ажилладаг гэнэ. Сурагчид юуны түрүүнд үнэртний ноот болон түүхий эдийг судалж, дараагаар нь өөрсдөө үнэртэн бүтээх гэж оролддог. Семинарын төгсгөлд оролцогчид сертификат хүртэж, өөрийн бүтээсэн үнэртнийхээ 100 мл дээжийг хүлээн авдаг.

Fragonard ба Molinard сүрчгийн ордод ч бас дээр дурдсан богино семинаруудыг явуулдаг юм. Гэхдээ тэд ихэвчлэн жуулчдыг чиглэж ажилладаг байна.

Франц улсын шилдэг үнэртний сургуулиуд (фото 3)Франц улсын шилдэг үнэртний сургуулиуд (фото 4)

цааш үзэх