Хайх

Зөв уух ухаан: Юуг, хэзээ, ямар хэмжээгээр

Зөв уух ухаан: Юуг, хэзээ, ямар хэмжээгээр

Уух уу, байх уу

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Зөв хооллолтын мэргэжилтэнгүүд олон асуудал дээр өөр, өөрийнхөө байр сууринд бат зогсдог ч харин усны хэрэглээний тал дээр үзэл бодол нь дандаа нэгддэг. Тэд бүгд л их уух тусмаа сайн гэцгээдэг. Харин энэ нь хэр үнэн бол? Хүний бие организм үнэн хэрэгтээ хэр их шингэн уух ёстойг бид олж мэдэхээр шийдлээ

Бидэнд хэрэгтэй шингэний хэмжээг тооцоолдог нэгэн томьёо бий. Түүний дагуу хүний биеийн нийт жингийн килограмм бүрд 35 мл шингэн хэрэг болдог байна. Тэгэхээр энэ томьёоны дагуу гаргаж авсан тоо бол танд хэрэгтэй шингэний хамгийн бага хэмжээ гэсэн үг юм. Үүн дээр орчны агаарын хэм нөлөөлж, шингэний хэрэгцээ нэмэгддэг. Хэрвээ гадаа 22° хэмээс дээш халуун агаартай байвал нэмэлт гурван градус бүрд шингэний хэмжээгээ 15%-иар нэмэх шаардлагатай аж. Мөн хэрвээ маш эрчимтэй спортын бэлтгэл хийх гэж байгаа бол усны хэрэглээгээ 30-50% хувиар нэмэгдүүлээрэй. Хамгийн гол нууц нь бие организмынхаа шингэний хэмжээг үргэлж тэнцвэртэй байлгахад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл алдаж буй шингэнийг заавал нөхөж байх хэрэгтэй.

Зөв уух ухаан: Юуг, хэзээ, ямар хэмжээгээр (фото 1)

Ам цангах нь биеэс 1 % шингэн алдагдсаны нөлөөгөөр төрдөг мэдрэмж юм. Тэгэхээр ам цангавал аль болох шингэнээ хурдан нөхөх хэрэгтэй. Хэрвээ биеэс шингэн 2% -иар алдагдвал энэ нь хүний тэсвэрлэх чадварт нөлөөлж эхэлдэг. Тиймээс дасгал, сургуулилтын үед гар доороо бэлэн устай байх нь чухал ач холбогдолтой зүйл юм. Энэ үед энгийн усны оронд изотоны шингэн илүү сайн байдаг. Учир нь энэ төрлийн шингэн биен дэх давс ба эрдсийн хэмжээг хурдан сэргээж, булчингуудад энерги нэмэх үйлчилгээтэй байдаг. Зарим хүмүүс энэ зорилгоор чихэрлэг эрдэст ус уудаг бол, зарим нь бэлэн бэлдмэл хэрэглэдэг. Ерөнхийдөө зориулалтын найрлагатай бэлэн бэлдмэл нь илүү сайн бас хурдан нөлөөтэй.

Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийн тод жишээ бол Kinetik спорт бэлдмэл юм. Бэлдмэлийн найрлагад бие организмд нэн шаардлагатай эрдэст зүйлсээс гадна, мөн B бүлгийн амин дэмүүд орсон байдаг нь булчингийн үйл ажиллагааг дэмжиж, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдэг байна. Изотоны бэлдмэлийг дасгал хийхээс нэг цагийн өмнө, дасгал хийж байх үеэр мөн дууссаны дараа хэрэглэх заалттай байдаг.

Спортоор хичээллэх дуртай хүмүүст хэрэг болдог бас нэгэн бэлдмэл бол савласан шүүс юм. Энэхүү бүтээгдэхүүний найрлагад сахар орсон байдаг нь зарим хүмүүсийн дургүйцлийг хүргэж, эрүүл мэндэд муу гэх шүүмжлэл дагуулдаг ч үнэндээ сахар нь эсрэгээрээ маш хэрэгтэй үйлчилгээ үзүүлдэг юм. Сахар дасгалын үеэр алдагдсан булчин дахь гликогенийг нөхөж, булчингийн хэмжээ томроход нөлөөлж өгдөг. Харин жин хаях зорилгоор бэлтгэл хийдэг хүмүүст савласан шүүс тийм ч тохиромжтой биш юм.

Өдөр бүр өөрт хэрэгцээтэй шингээнээ ууж байхын тулд цөөн хэдэн дүрэм дагахад илүүдэхгүй. Юуны түрүүнд өглөө сэрмэгцээ өлөн элгэн дээрээ нэгээс хоёр стакан ус зайлшгүй уух шаардлагатай. Усандаа хэрвээ бага зэрэг зөгийн бал нэмж хэрэглэвэл таны бие нозоорохгүй, толгой тань шууд л сэргэх болно. Түүнчлэн хоол идэхээс 30 минутын өмнө нэг стакан ус ууж байх нь хоол боловсруулалтад маш тустай зуршил байх болно. Тэр тусмаа жингээ хаяхыг хүсч байгаа хүмүүс энэ зөвлөгөөг дагаад үзээрэй. Учир нь бид заримдаа ам цангах мэдрэмжийг өлсөхтэй андуурдаг шүү дээ. Тэгээд ч ходоодоо урьдчилаад усаар дүүргэчих юм бол хоол арай бага идэх магадлалтай юм.

Хоол идэж байх үедээ ус уух хэрэгтэй юу? Тийм ээ, хоол идэх зуураа стакан ус уухад ямар ч муу зүйл байхгүй. Усаа бага хэмжээгээр залгилж уух нь тахианы цээж мах гэх зэрэг хуурай хоолыг зөөллөхөд тус болно.

Харин цай ба кофег хоолтой хослуулахгүй байсан нь дээр шүү. Маш олон төрлийн химийн орц бүхий найрлагатай эдгээр шингэнүүд хоолны шим тэжээлийг биед үлдээлгүй, хөөж гаргах гээд байдаг муу талтай. Кофе бол биеийг бүр хатааж орхино. Кофены 100 мл бүрийн араас ижил хэмжээний ус ууж, бие дэх шингэнээ нөхөх хэрэгтэй байдаг. Энэ дүрэм нь мөн согтууруулах ундаанд хамааралтай юм. Дашрамд дурдахад согтууруулах ундаа ба спорт хоёр хоорондоо огт нийцдэггүй гэдгийг та сайн мэдэх байх гэж найдья. Дасгалын дараах нэг хундага архи таны бүх хүч чармайлтыг үгүй хийх болно. Таны бие организм булчин хөгжүүлэх үйл явцыг түр зогсоож, согтууруулах ундааг аль болох хурдан шингээхэд төвлөрч эхэлдэг. Мөн спиртэн дэх калорын өндөр хэмжээ өөх шатаах үйл явцын жинхэнэ дайсан болж хувирна.

Энэ бүх зөвлөгөөний сүүлд нь хэлэхэд таны бие организм руу орж буй шингэн зүйл хоолноос дутахааргүй чухал ач холбогдолтой гэдгийг бүү мартаарай. Тиймээс аль болох байгалийн ба чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзээрэй. Түүнчлэн ихэнх уух зүйлс дотроо калор агуулж байдгийг санахад илүүдэхгүй шүү. 

цааш үзэх