Хайх

Бид Ким Кардашьяны SKKN BY KIM гэх шинэ гоо сайхны брэндийн талаар юу мэдэх вэ?

Бид Ким Кардашьяны SKKN BY KIM гэх шинэ гоо сайхны брэндийн талаар юу мэдэх вэ?

Эхний цуглуулга болон брэндийг тойрсон шуугианы талаар

Text: Buro.Mongolia


Ким Кардашьян загварын салбарт анх 2019 онд хөл тавьж, Skims дотуур хувцасны брэндийг үүсгэн байгуулахаасаа өмнө 2017 онд KKW Beauty брэндийг танилцуулж байсан билээ. Харин энэ оны дөрөвдүгээр сард тэрээр тус брэндийн ерөнхий концепцыг өөрчилж, цоо шинэ компаниа танилцуулахаа мэдэгдсэн юм. Шинэ брэнд нь SKKN BY KIM нэртэй болсон бөгөөд өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд эхний арьс арчилгааны цуглуулгаа худалдаанд гаргахаар болжээ. SKKN BY KIM нь байгаль орчинд ээлтэй, дахин ашиглах боломжтой савлагаатай бөгөөд веган орц найрлага ашиглаж, амьтан дээр туршилт хийдэггүй гэдгээрээ онцлог байж, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд санал болгох гэнэ. Эхний цуглуулгад нүүрний тонер, цэвэрлэгч хөөс, гуужуулагч, гиалуроны хүчил агуулсан серум, чийгшүүлэх үйлчилгээтэй тос, мөн С витаминтай нүүрний серум, зовхины тос болон шөнийн тос гэсэн нийт найман бүтээгдэхүүн багтжээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь 43-95 ам.долларын үнэлгээтэй байх юм. 

Кимийн хуваалцсанаар тэрээр псориаз буюу хайрст үлд арьсны эмгэгтэй нүүр тулаад хэдэн жил болж байгаа бөгөөд мэргэжлийн арьсны эмч нартай олон жилийн турш тулж ажилласны үр дүнд ийнхүү өөрийн мэдлэг, чадвараа ашиглан арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргахаар шийдсэн байна. Бүтээгдэхүүнүүдийн савлагааны хувьд бүгд Кимийн дурладаг илүү дутуу детальгүй минимал дизайнаар бүтжээ. 

Нэмж дурдахад, хэдий цуглуулга худалдаанд хараахан гараагүй байгаа ч брэнд цахим хэрэглэгчдийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, зарим хэрэглэгчид Кимийн шинэ брэндийн нэр 2021 оны аравдугаар сард нээлтээ хийсэн загвар өмсөгч Лори Харвегийн SKN By Lori Harvey гэх брэндийн нэртэй тун төстэй байгааг анзаарч, шуугиан үүсгэсэн юм. Мөн АНУ-ын Бруклин хотод байрлах SKKN+ нэртэй салоны төлөөлөгчид Кимээс брэндийн нэрийг өөрчлөхийг шаардсан удаатай.

Цуглуулгыг Монголын цагаар зургаадугаар сарын 22-ны 00:00 цагаас эхлэн брэндийн албан ёсны вэбсайтаас захиалах боломжтой.

Бид Ким Кардашьяны SKKN BY KIM гэх шинэ гоо сайхны брэндийн талаар юу мэдэх вэ? (фото 1)
цааш үзэх