Хайх

Үс бэхжүүлэгч уураг: Үс арчилгаанд заавал хэрэглэх шаардлагатай юу?

Үс бэхжүүлэгч уураг: Үс арчилгаанд заавал хэрэглэх шаардлагатай юу?

Text: Э.Цовоо


Үс хуурайшиж, амьгүй мэт болж, үзүүрээсээ салаалж эхлэх үед хамгийн түрүүнд та юу хийдэг вэ? Мэдээж бид хүссэн үедээ салон зорин салаалсан үсээ хайчлаад хаячхаж болох ч эцсийн аргаа ашиглахаасаа өмнө “хямарсан” үсээ аврах өөр арга замыг туршиж үзэх нь зүйтэй. Харин энэ талаар арьсны эмч Хоуп Митчелл "Үс өөрөө кератин гэх уургаас бүтдэг тул уураг нөхөх арчилгаа нь үсний бүтцийг бэхжүүлж, гэмтлээс хамгаалдаг. Өөрөөр хэлбэл уураг агуулсан бүтээгдэхүүнүүд нь үсний алдагдсан кератиныг гаднаас нөхөж, үсний бүтцийг сайжруулан гэмтлийг эмчлэхэд тусалдаг. Түүнчлэн уураг нь хугаралтыг багасгаж, чийг хадгалах хамгаалалт үүсгэдэг давуу талтай" хэмээн тайлбарлажээ.

Гэвч уураг бүх хүнд заавал хэрэгтэй гэсэн үг биш. Будсан, цайруулсан эсвэл хэт гэмтэлтэй, мөн амархан ширэлддэг буржгар үстэй хүмүүст илүү тохиромжтой байдаг аж. Харин эрүүл бат бөх үстэй хүмүүсийн хувьд уураг нэмэлтээр хэрэглэх шаардлагагүй. Хэрэв хэт их уураг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл “protein overload” буюу уураг хэтрэлт үүсэж, үс эсрэгээрээ хатуу, ширүүн, хуурай болж өнгөө алдсан мэт харагдаж, амархан хугардаг гэнэ. Хэрэв таны үс зөөлөн, гялалзсан байдаг ч уураг хэрэглэсний дараа ширүүн, хатуу болж эхэлсэн бол энэ нь уураг хэтрүүлсний дохио юм.

Иймд үс тань гэмтэл ихтэй, байнга индүү, сэнс хэрэглэдэг бол долоо хоногт нэгээс хоёр удаа уурагтай бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой. Харин харьцангуй эрүүл бол сард нэг удаа хэрэглэхэд хангалттай аж. Гол нь үсний уургийг хэрэглэхдээ тунг зөв тааруулах нь хамгийн чухал бөгөөд үснийхээ онцлогт тохируулан зөв бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Мөн гэрийн нөхцөлд уураг агуулсан маскийг бэлдэж болно. Ингэхдээ:

Өндөг, чидун жимс агуулсан маск

  • Нэг өндгийг 1 хоолны халбага чидун жимсний тостой сайтар хутгана.
  • Бэлдсэн маскаа үсний дундаас үзүүр хүртэл түрхэнэ.
  • 15–20 минут байлгасны дараа хүйтэн, бүлээн усаар сайтар зайлна.

Йогурт, зөгийн балын маск

  • 2–3 хоолны халбага цэвэр грек йогуртыг 1 хоолны халбага зөгийн балтай холино.
  • Бэлдсэн маскаа үсний дундаас үзүүр хүртэл түрхэнэ.
  • 20 минут хүртэл байлгаад, бүлээн усаар сайтар зайлна.
  • Дараа нь ангижруулагч хэрэглэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх