Хайх

Д.Одончимэг: Өнөөдөр хүн бүр уран бүтээлч байх боломжтой

Д.Одончимэг: Өнөөдөр хүн бүр уран бүтээлч байх боломжтой

“Тэнгэр нурахаас өмнө, салхи сэрэх үеэр”

Text: Г.Тэмүүлэн


Уран бүтээлч Д.Одончимэг болон Mohanik хамтлагийн гишүүн Ц.Даваажаргал нар хамтран “Тэнгэр нурахаас өмнө, салхи сэрэх үеэр” нэртэй шинэ үзэсгэлэн танилцууллаа

Уран бүтээлч Д.Одончимэг "Тэнгэр нурахаас өмнө, салхи сэрэх үеэр" нэртэй шинэ үзэсгэлэнгийнхээ нээлтэнд бэлдэн "976 Art Gallery"-д маш завгүй ажиллаж байх үеэр нь бид түүнтэй уулзаж ярилцлаа. Сүүлийн хэдэн жилийн турш Парист дүрслэх урлагийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалан, Европын хэд, хэдэн оронд уран бүтээлээ дэлгээд амжсан тэрээр энэ удаад эх орондоо өөрийн үзэсгэлэнгээ танилцуулахаар шийджээ. Бид түүнээс хэрхэн орчин үеийн уран бүтээлч болох талаар зөвлөгөө авч, түүний шинэ үзэсгэлэн болон өмнөх фото моделийн карьерын тухай цөөн хэдэн асуулт тавьснаа уншигчиддаа хүргэж байна.

Бид хамгийн сүүлд ярилцсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Тухайн үед та Парист өөрийн гэсэн байр сууриа эзэлж, бусад орчин үеийн уран бүтээлчидтэй өрсөлдөн, туршлага хуримтлуулах зорилготой байсан шүү дээ. Тэгвэл энэ хугацаанд таны зорилго биелсэн үү?

Тийм ээ, биелж байгаа шүү. Би одоогоор Парист суурьшин ажиллаж байна. Өчигдөр Италийн Ром хотод миний үзэсгэлэн нээлтээ хийсэн байгаа. Мөн энэ есдүгээр сарын 23-нд Парис хотноо хамтарсан үзэсгэлэнгээ танилцуулах болно. Ерөнхийдөө өнгөрсөн жилээс хойш Бельги, Франц, Итали, одоо Монголд гээд нийт 4-5 хамтарсан үзэсгэлэн гаргасан байгаа.

Д.Одончимэг: Өнөөдөр хүн бүр уран бүтээлч байх боломжтой (фото 1)

Та өөрийнхөө шинэ үзэсгэлэнгийн талаар танилцуулахгүй юу. Энэ удаад уран бүтээлээрээ дамжуулан ямар үзэл санааг илэрхийлэхийг хүссэн бэ?

Би Mohanik хамтлагийн гишүүн Даваажаргалтай хамтраад "Тэнгэр нурахаас өмнө, салхи сэрэх үеэр" гэдэг үзэсгэлэн гаргаж байна. Ерөнхий сэдэв нь хүн ба байгалийн хувирлуудын талаар, эд юмс хэрхэн нэг элементээс нөгөө элемент рүү аажмаар хувирдаг тухай өгүүлсэн байгаа. Өнөөдөр бид өдөр тутамд болж буй зүйлсийг төдийлөн анзаардаггүй шүү дээ. Гэхдээ 50 жилийн дараа эргээд харахад бүх зүйл өөрчлөгдсөн байдаг. Шувуу нисдэгээрээ нисч, мод ургадгаараа ургаж л байдаг юм шиг боловч 20 жилийн өмнөхтэй харьцуулбал ямар нэг тодорхой өөрчлөлт орсон байдаг л даа. Миний энэ үзэсгэлэн яг л ийм чимээгүй өөрчлөлтүүдийн талаар харуулах гэж оролдсон юм. Эд юмс хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа тухай мөн байгаль, хүн, амьтны хоорондын салшгүй нарийн холбоо миний үзэсгэлэнгийн гол санаа болсон. Үзэсгэлэнгийнхээ хүрээнд би энэ бүгдийг дүрслэл хэлбэрээр тайлбарлахыг хичээсэн бол Даваа видео, дуу авианы хэлбэрээр тайлбарлах гэж оролдсон байгаа.

Монголд таны уран бүтээлийг хэрхэн хүлээж авч байна вэ? Таны илэрхийлэхийг хүссэн санааг ойлгож чадаж байна уу?

Ойлгож байгаа үгүйг би үнэхээр хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би өөрөө ойлгуулья гэж тулгах ёсгүй гэж үзэж байна. Би үүнийг хийчихлээ, ийм маягаар та бүгд хараач ээ гэж урлагийг тулгах нь угаасаа утгагүй хэрэг. Тиймээс хүмүүс урлагийн бүтээлийг хараад, өөрийнхөө мэдрэмжээр л хүлээн авна. Хүн бүрийн сэтгэхүйн түвшин, боловсрол, өссөн газар болон сонирхлоос шалтгаалаад тухайн урлагийн бүтээлийг харах чадвар нь огт өөр байдаг. Харин уран бүтээлчдийн хувьд бол уран бүтээлээрээ дамжуулан өөрийнхөө бодож буй зүйлсийг санал болгож харуулж байгаа л хэрэг юм.

Д.Одончимэг: Өнөөдөр хүн бүр уран бүтээлч байх боломжтой (фото 2)

Уран бүтээлийн тань арга барил их сонирхолтой санагдлаа. Орчин үеийн урлагийн зөвхөн нэг төрөлд баригдалгүйгээр инсталляц, зураг, үйл хөдлөлийн урлагийг хослуулсан байна. Тэгэхээр уран бүтээлийнхээ зохиомжийг хэрхэн гаргадаг вэ? Энэ үйл явцаасаа бидэнтэй хуваалцахгүй юу.

Би Францын дүрслэх урлагийн сургуулийг магистрын зэргээр төгсөөд яг нэг жил болж байна. Монголд дүрслэх урлагийн чиглэлээр сурч байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний төгссөн сургуульд бол техникийн арга барилд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Жишээ нь чи заавал сайн зурж сурсан байх ч шаардлагагүй. Техник бол хамгийн чухал зүйл нь биш. Ерөнхийдөө чиний бүтээж буй бүтээлийн материал ба концепци тал руу нь илүү түлхээд өгдөг. Уран бүтээлчийн хэлэх гэж буй зүйл, үзэл бодол, ямар мэдрэмж өгөх гэж байгаа нь л хамгийн чухал. Жишээ татахад өнөөдөр орчин үеийн урлагт дээр үеийнх шиг хүнийг яг бодитоор зурах албагүй, тэр ч бүү хэл тийм чадвартай ч байх шаардлагагүй. Өнөөдөр хүн бүр уран бүтээлч байж болно. Хэрэв зурж чаддаггүй хүн байвал видео, дуу авиа, үйл хөдлөлийн урлаг гээд янз бүрийн шинэ арга барилаар өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжтой шүү дээ.

Таны хувьд өнөөдөр орчин үеийн уран бүтээлч яг юу хийх ёстой вэ? Монголын орчин үеийн урлагийн хөгжил ямар түвшинд явж байгаа бол?

Миний хувьд уран бүтээлч гэдэг бол эмч, багш шиг мэргэжил ерөөсөө биш. Ер нь сэтгэхүйн талаасаа л хүнд ямар нэг шинэ боломж олгох ёстой гэж үзэж байна. Манайхан ерөнхийдөө их л ёс заншлаа дагасан, ёсорхуу хүмүүс шүү дээ. Харин уран бүтээлч хүн юмыг арай өөр, шинэлэг талаас нь харах боломжтой гэдгийг хүмүүст харуулах ёстой. Сүүлийн үеийн уран бүтээлчид гадаад орнуудад зохиогдож байгаа янз бүрийн үзэсгэлэн, арга хэмжээнд нэлээд оролцдог болж. Тэд чадах чинээгээрээ энэ урлагийг хөгжүүлж байгаа гэж би бодож байна. Миний мэдэх хэд, хэдэн маш чадварлаг уран бүтээлчид бий. Гэхдээ дэлхийн тавцанд гарахад хэлний мэдлэг, зуучилж өгөх хүмүүс гээд янз бүрийн гадны хүчин зүйлс их нөлөөлдөг. Ур чадварын хувьд бол дэлхийн тавцанд гарахад бэлэн залуу уран бүтээлчид байгаа боловч гадны нөлөө дутагдаж байна л гэж би хувьдаа харж байна.

Д.Одончимэг: Өнөөдөр хүн бүр уран бүтээлч байх боломжтой (фото 3)Д.Одончимэг: Өнөөдөр хүн бүр уран бүтээлч байх боломжтой (фото 4)

Тэгвэл хэрхэн орчин үеийн уран бүтээлч болох вэ?

Ямар нэг урсгалд баригдахгүй, хүмүүсийг хэрхэн хүлээж авах бол гэж санаа зоволгүйгээр хэлэх гэсэн зүйлээ хэлж, өөрийнхөө ертөнцийг үзүүлэх нь уран бүтээлч болох гол түлхүүр юм. Өөрөөр хэлбэл хүмүүст таалагдахаасаа илүү тухайн үед чамд юу мэдрэгдэж байна түүнийгээ л илэрхийлэх хэрэгтэй.

Миний анзаарснаар таны уран бүтээлүүд ихэвчлэн хүн, тэр дундаа эмэгтэй хүний бие, байгаль ба амьтдыг дүрсэлсэн байдаг. Та уран бүтээл туурвих урам зоригоо хаанаас олж авдаг вэ?

Ер нь бол янз бүр л байдаг. Би тухайн үедээ яг яаж гаргахаа мэдэхгүй байгаа ч янз бүрийн санаанууд миний толгой дотор эргэлдэж байдаг юм шиг ээ. Би зүгээр гадаа гудамжинд явж байхдаа л янз бүрийн деталиудыг ажиглаж явдаг. Тэгээд л гэнэт л эдгээр деталиудыг ашиглан хэлэх гэсэн санаагаа гаргадаг. Эсвэл бүр нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг судалж байгаад уран бүтээлээ хийдэг.

Харин эмэгтэй хүн, байгаль ба амьтан хоорондоо хэрхэн холбогдож байгаа юм бол?

Миний бодлоор эмэгтэй хүний биеэс л бүх зүйл эхэлдэг. Хэдийгээр энэ нь өндөг тахианаас эхэлдэг үү, тахиа өндөгнөөс эхлэлтэй юу гэдэг шиг сонсогдож магадгүй ч би үүнийг эхлэлийн бэлгэ тэмдэг гэдэг утгаар нь харж байгаа. Хэрэв эмэгтэй хүн байхгүй бол дахин шинэчлэгдэх зүйл байхгүй гэсэн үг.

Д.Одончимэг: Өнөөдөр хүн бүр уран бүтээлч байх боломжтой (фото 5)

Урлагийн бүтээлтэй холбогдолгүй нэг зүйл асуухад, өмнө нь та Chiara Ferragni, Andrea Crews, Leclaireur, Naco Paris зэрэг брэндүүдийн моделиор ажиллаж байсан. Загварын салбарт яагаад орохоор шийдсэн бэ? Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу. Мөн загвар ба урлаг хоорондоо хэрхэн холбогдож байна вэ?

Их л санаандгүй явж байгаад орчихсон. Европт бол гоо сайхны үнэлгээ маш ондоо байдаг юм билээ. Манай Азиуд ихэвчлэн өө сэвгүй, цагаан арьс, аль болох том нүдэнд дуртай байдаг. Харин Европт бол над шиг бор, сэвхтэй арьстай хүмүүс нэлээд өвөрмөц дүр төрхтэйд тооцогддог юм байна. Надад нэг зураг авдаг найз байдаг юм. Тэгээд тэр найз маань намайг модель болоод өгөөч хэмээн санал тавьснаар би анх зургаа авахуулж байсан. Үүний дараагаар хүмүүс аяндаа надтай холбоо барьж, модель болох саналуудыг тавих болсон юм. Гэхдээ надад тайзан дээр алхах сонирхол байхгүй харин фото моделийн хувиар бол би хувь хүн талаасаа ямар нэг зүйлийг илэрхийлж чаддаг гэж боддог. Миний нүүрийг будаад л, надад огт өөр хувцаснууд өмсгөөд л, би яг л өөр хүн болчихсон мэт мэдрэмж төрдөг шүү. Мөн би ямар нэг дүр эсгэх хэрэг гарч, яг л өөр ертөнцөд байгаа мэт мэдрэгддэг тул надад фото модель байх сонирхолтой санагддаг. Би одоогоор Парист нэгэн зар сурталчилгааны агентлагт харьяалагдаж байгаа. Ер нь тэнд модель, загвар өмсөгчид бараг л уран бүтээлч шиг болсон байдаг. Жишээ нь ямар нэг брэндийн сурталчилгааны нүүр царайгаар нэг хүнийг сонгодог. Харин тэр хүн нь тухайн брэндийнхээ бүх утга учир нь болж өгдөг. Энэ талаасаа бараг урлаг болсон байдаг гэж хэлж болно. Ер нь л Европт бараг бүх зүйл нь урлаг болсон байдаг даа. Жишээ нь make up урлаг гээд л... (Инээв.)

Залуу уран бүтээлчдийн бүтээлүүд цаг хугацаа өнгөрөх тусам илүү үнэ цэнэтэй болдог. Тэгвэл ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, залуу зураачдын уран бүтээлүүдээс худалдан авах гэж байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

Хэрэв ямар нэг уран бүтээл таалагдсан л бол тухайн уран бүтээлч нь олон нийтэд танигдсан ч бай үгүй ч бай, худалдаж авах л хэрэгтэй гэж би боддог. Миний хувьд од болсон уран бүтээлчийн бүтээлийг худалдаж авах нь утгагүй санагддаг. Тиймээс тухайн уран бүтээлчийг өсөж, хөгжиж байгаа тэр үед нь үнэлж, урамшуулаад бүтээлийг нь худалдаж авах хэрэгтэй гэж би хувьдаа үздэг.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье. 

Д.Одончимэг, Ц.Даваажаргал нарын хамтарсан "Тэнгэр нурахаас өмнө, салхи сэрэх үеэр" үзэсгэлэн 2017 оны есдүгээр сарын 6-аас аравдугаар сарын 6-н хүртэл Чойжин Сүит цогцолборын нэгдүгээр давхарт байрлах "976 Art Gallery"-д дэлгэгдэнэ.

цааш үзэх