Хайх

Дэвид Хокнигийн \"The Splash\" нэртэй уран зураг 29,8 сая ам.доллараар зарагдлаа

Дэвид Хокнигийн "The Splash" нэртэй уран зураг 29,8 сая ам.доллараар зарагдлаа

Орчин үеийн урлагийн суут бүтээл

Text: Бюро 24/7


Зураг:

Английн алдарт уран зураач, поп артын хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг Дэвид Хокнигийн "The Splash" нэртэй бүтээл Лондон хотод зохиогдсон Sotheby's дуудлага худалдаанд 29,8 сая ам.доллараар зарагдсан болохыг CNN мэдэгджээ.

Уг бүтээлийг хамгийн сүүлд 2006 онд дуудлага худалдаанд оруулж байсан бөгөөд тухайн үедээ энэ зураг нь 5,4 сая ам.доллараар зарагдаж байв. Өөрөөр хэлбэл одоогийн үнээсээ бараг зургаа дахин багаар үнэлэгдэж байжээ.

"The Splash" нэртэй энэхүү уран зурагт наранд халсан Калифорнийн нэгэн өдөр усан сан руу хэн нэгэн үсрэн орж, араас нь ус цалгилж байгаа дүрслэл харагдана. Энэхүү зураг нь Дэвид Хокнигийн 1966-1967 оны хооронд зурсан гурван бүтээлийн нэг юм. Цувралд багтсан "A Bigger Splash" зураг нь Лондон хотын Tate Britain Gallery-д 1981 оноос хойш дэлгэгдэж байгаа бол "A Little Splash" хэмээх бүтээл нь хувийн цуглуулгад хадгалагдаж байгаа гэдгийг эх сурвалж онцоллоо.

"Би ердөө хоёр секунд үргэлжилсэн үйл явцыг зурах гэж хоёр долоо хоног зарцуулсан. Цалгидсыг цаг хугацаагаар зогсоож чадахгүйг хүн бүр мэднэ. Тиймээс энэ үйл явцыг гэрэл зургаас илүү уран зурагт харах нь бүр ч гайхалтай байх болно" гэж Хокни бүтээлээ тайлбарлаж байжээ.

Эргэн сануулахад 2018 онд түүний "The Portrait of an Artist (Pool With Two Figures)" буюу "Уран бүтээлчийн хөрөг" зураг Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан Christie's ордны дуудлага худалдаанд 90,3 сая ам.доллараар зарагдан дээд рекорд тогтоож байсан бөгөөд тухайн үедээ Хокни амьд байгаа орчин цагийн хамгийн өндөр үнэтэй уран бүтээлч болж байсан юм. Гэвч удалгүй Америкийн уран бүтээлч Жефф Кунс "Rabbit" нэртэй уран баримлаа 91,1 сая ам.доллараар худалдаалснаар Хокнигийн рекордыг эвджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх