Хайх

Милан хот Леонардо да Винчигийн ханын зургийг нийтэд ил болгоно

Милан хот Леонардо да Винчигийн ханын зургийг нийтэд ил болгоно

Text: Ж.Булган


Милан хотын Сфорца ордны Sala delle Asse танхимын таазанд зурагдсан Леонардо да Винчигийн бүтээл олон нийтийн хүртээл болно. Танхимын 6 метрийн өндөртэй тааз болон барилгын сэргээн засварлалт үргэлжилж байгаа хэдий ч хоёрдугаар сард зохион байгуулагдах өвлийн олимпын үеэр жуулчдыг татах зорилгоор хотын захиргаа тус шийдвэрийг гаргажээ. Үүний дараа танхим 18 сарын хугацаанд дахин хааж, сэргээн засварын ажлыг бүрэн дуусгана хэмээн сэргээн засварлагчид мэдэгджээ.

Милан хот Леонардо да Винчигийн ханын зургийг нийтэд ил болгоно (фото 1)
Leonardo's painting in the Sala delle Asse at the Castello Sforzesco in Milan, Italy.

Таазны зургийг Леонардо 1498 онд Миланы гүнтэн Людовико Сфорцагийн захиалгаар зурж эхэлсэн ба танхимын хана, таазыг хоорондоо орооцолдсон усан үзмийн мөчир, 16 ширхэг гүйцэд ургасан модод, ил гарсан үндэс, чулуулаг хөрс зэргийг дүрсэлжээ.

Милан хот Леонардо да Винчигийн ханын зургийг нийтэд ил болгоно (фото 2)
Details of the Leonardo mural in the Sala delle Asse at the Castello Sforzesco.

Людовик XII-ийн Италийн дайны үеэр Сфорца гүнтэн ордноосоо дүрвэн зугтсанаар цайзыг цэргийн зориулалтаар ашиглаж эхэлсэн гэдэг. Ингэхдээ ордны ханыг болон Леонардогийн зурсан таазны зургийг будаж далдалсан харамсалтай түүх бий. Бүтээлийг XIX зууны төгсгөлд Леонардогийн бүтээл мөн хэмээн нотолгоотойгоор баталж, XX зууны турш олон шаттайгаар сэргээн засварласан байна.

Дашрамд сонирхуулахад Леонардо да Винчи амьд ахуйдаа олон зургийг дуусгалгүй үлдээсэн гэх таамаг байдаг ч бүрэн дуусгасан 15 гаруй зураг зурсан байдаг. Сүүлчийн оройн зоог хэмээх ханын зураг болон модон хавтан дээр зурсан Мона Лиза хөрөг зургийг мөнгөөр үнэлэх боломжгүй хэмээн тайлбарладаг ба хүн төрөлхтний оюуны болон гоо зүйн ололтыг илэрхийлдэг хэмээн урлаг судлалд үздэг билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх