Хайх

Ц.Ган-Эрдэнэ: Ганцаардлыг ялах хамгийн сайн арга бол урлаг

Ц.Ган-Эрдэнэ: Ганцаардлыг ялах хамгийн сайн арга бол урлаг

Виртуал галерей

Text: Ж.Чинбат


Бюро 24/7-гийн Дүрслэх урлагийн буланд энэ удаад зураач Ц.Ган-Эрдэний виртуал галерейг товч ярилцлагын хамт дэлгэж байна

"Усан дээр тусах хүний сүүдэр бол түүний дотоод сэтгэлд амьдарч байгаа өөр нэгэн хүнийг илэрхийлж байгаа юм" гэж зураач Ц.Ган-Эрдэнэ сурвалжлагчид ярьж байна. Зураачийн үзэж буйгаар бол хүн бодит амьдрал дээрх биеэсээ гадна өөр нэгэн хүсэл, мөрөөдлийн хувь хүнийг бодолдоо тээж явдаг гэнэ. Тэдгээр зэрэгцээ ертөнцөд оршиж байгаа хүмүүсийг Ц.Ган-Эрдэнэ усны тусгалаар дамжуулж үзүүлэх өөрийн гэсэн аргатай бөгөөд үүгээрээ ч баруунд илүү танигджээ. 

Германд суурьшиж уран бүтээлээ хийдэг түүний ажлуудыг ерөнхийд нь хоёр хэсэгт хувааж болно. Эхний хэсэг нь сая дурдсан "Усны тусгал" сэдэвт бүтээлүүдээс бүрдэж байгаа бол нөгөө хэсэгт нь говь, тал нутгийн байгалийг дүрсэлжээ. Барууны ертөнцийн уур амьсгалтай усны тусгал зургуудаас бага зэрэг гунигтай төрх харагдана. Харин монгол ахуйтай зургууд нь тун товчхон өгүүлэмжтэй хэрнээ маш их амар, амгалан мэдрүүлнэ. 

Усны тусгалтай зургуудад гол дүрийн хүмүүсийн бие дандаа тал, дутуу гарчээ. Харин усанд тусч буй сүүдэр хэсэг нь бүтэн гарсан байх аж. Мөн усны тусгал дээр тэд хосоороо байх бол жирийн амьдрал дээрх хүн нь ганцаараа явна. Энэ бол хүмүүс гаднаа ганцаараа ч дотроо үргэлж хамт байдаг хүнтэй гэдгийг дүрсэлсэн утга, уянгын нэгэн чадамгай хэллэг гэлтэй. Зураач өнгөний хувьд илүү барууны уур амьсгал шингээсэн бүдэг, цайвар өнгөнүүд голчлон хэрэглэжээ. Харин зурах техникийн хувьд олон сонирхолтой шийдэл гаргаж, өөрийн санааг баяжуулсан байна. Жишээ нь "Захидал" бүтээлийг гэхэд эхлээд торгон бараар хэвлээд, дараа нь эсгий зулж давхарлаад, сүүлд нь муутуу цаасан дээр германы эртний уран бичгээр үгс бичиж, хамгийн сүүлд нь зургийн төвд гол дүрээ зуржээ.  

Ц.Ган-Эрдэнэ: Ганцаардлыг ялах хамгийн сайн арга бол урлаг (фото 1)

Ц.Ган-Эрдэний олон ярилцлага Германы урлагийн сонин, сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байна. Тэрээр дөрвөн галерейтэй тогтмол хамтран ажилладаг бөгөөд бие даасан үзэсгэлэн олныг гаргажээ. Харин энэ удаад бид түүнийг Монголд, "Зүй тогтол" нэртэй хамтарсан үзэсгэлэнд өөрийн бүтээлүүдээ дэлгээд байхад нь уулзсан юм. Ингээд түүний бүтээлүүдийн талаар цөөн хэдэн асуулт асууснаа танд хүргэе. 

 Би аль болох л олон монгол хүн алдартай болоосой гэж мөрөөдөж явдаг.

Зураачдын бүтээлийг үзэгч үзээд шууд ойлгож, мэдрэнэ гэдэг сайхан хэрэг. Нөгөө талаар хүмүүс бас юу ч ойлгохгүй байж болно. Хэрвээ таны бүтээлийг хүмүүс үзээд ойлгохгүй байвал энэ нь харамсалтай зүйл мөн үү?

Харамсалтай зүйл биш. Зүгээр л цаг нь болоогүй байна гэсэн үг.

Таны зургуудын сэдэвт ганцаардал их харагдаж байна. Таныхаар ганцаардал гэж юу юм бэ?

Миний хувьд ганцаардал бол үргэлж байдаг, хүнийг сүүдэр шиг хамт дагаж явдаг зүйл. Тэгэхдээ түүнийг нөхөх ямар нэгэн арга, хэрэгсэл хэрэгтэй. Миний хувьд энэ нь уран бүтээлч байх юм болов уу.

Уран бүтээлчдийн энэ аргыг сублимаци буюу сэтгэгдлээ бүтээл болгож хувиргах гэдэг шүү дээ. 

Тийм ээ, бүтээлээ хийгээд явна гэдэг нь дутагдаж буй зүйлсийг нөхөж өгдөг юм.

Ц.Ган-Эрдэнэ: Ганцаардлыг ялах хамгийн сайн арга бол урлаг (фото 2)

Ц.Ган-Эрдэнэ: Ганцаардлыг ялах хамгийн сайн арга бол урлаг (фото 3)

Уран бүтээлчид чөлөөтэй сэтгэж, өөрийгөө анагааж чаддаг. Тэд мөн өөртөө тохирох"Ганцаардлын дасгал"-аа олсон байдаг. Харин эгэл жирийн хүмүүс энэ талаар мэдэхгүй байх нь элбэг. Та хүмүүст зориулж ямар нэг арга санал болгож чадах уу?

Ганцаардлыг хувь хүмүүс янз бүрийн байдлаар даван дийлдэг шүү дээ. Зарим хүмүүс найз нөхөдтэй болох юм уу гэр бүл зохиодог. Гэтэл нөгөө талаар хүмүүст ямар нэгэн зүйл үргэлж л дутагдаж байдаг. Хэчнээн чинээлэг, сайхан амьдралтай хүнд ч дутагддаг зүйл бий. Тийм болохоор хүн байгаа зүйлдээ сэтгэл ханаж байх нь чухал юм. Нэгэнт бүх хүслээ хүн дүүргэж чадахгүй болохоор үнэнтэй эвлэрэх хэрэгтэй. 

Таныг уран бүтээлийн эрэл хайгуулаа хайж олон газар явж, олон ч хүнтэй ярилцсан гэж сонслоо. Ерөнхийлөгчөөс эхлээд индианчуудтай яриа, хөөрөө үүсгэж, эгэл борог амьдралын олон төлөөлөлтэй уулзаж ярилцсан гэсэн. Одоо та уран бүтээлч хүний нүдээр харахад Улаанбаатарт амьдрал ямар байна вэ?

Манай амьдрал уу? Сайхан байна. Ер нь би аль болох л олон монгол хүн алдартай болоосой гэж мөрөөдөж явдаг. Бид дэлхийн хаана ч байлаа гэсэн сайхан амьдарч чадна. 

Ц.Ган-Эрдэнэ: Ганцаардлыг ялах хамгийн сайн арга бол урлаг (фото 4)

Ц.Ган-Эрдэнэ: Ганцаардлыг ялах хамгийн сайн арга бол урлаг (фото 5)

Берлин хот контемпорари уран бүтээлчдийн шинэ нийслэл гэгдэх болсон. Тэнд дэлхийн өнцөг булан бүрээс залуучууд их очиж байгаа. Тэр уур амьсгал дотор таны реалист чиглэлийн зургуудыг хүмүүс хэр хүлээж авч байна вэ?

Берлинд урлагийн ертөнц эрчимтэй хөгжиж байгаа. Бараг л улс төрийн чанартайгаар тэр хүчийг зохиомлоор бүрдүүлсэн гэж хэлж болно. Нэг ёсондоо Берлин хот II дайнаас өмнө нь урлагт хүчтэй байсан байр сууриа эргүүлэн авах гэж Их Британий Лондон, Швейцарийн Цюрих хотуудтай өрсөлддөг юм. Уран бүтээлчид ч үүнийг нь ойлгож, олноороо нүүж ирдэг. Берлинд ойролцоогоор одоо 600 гаруй галерей ажилладаг. Ийм их хөдөлгөөтэй, буцалсан амьдрал дотроос гоё, шинэ зүйл гарах нь ойлгомжтой л доо. Германд би "Усны тусгал" сэдэвтэй бүтээлүүдээ илүү их танилцуулдаг. Монголын байгаль бол миний өөрийн дуртай сэдэв. Монголын байгаль зурахаар надад энерги ирдэг. Харин тэр энергиэ усны тусгал бүтээлдээ эргүүлж шингээдэг юм.

Хэдийгээр би Германд олон жил амьдарч, тодорхой хэмжээнд танигдсан ч гэлээ үхэн үхтлээ монгол уран бүтээлч байна гэдгээ ухамсарладаг. Тиймээс би уран бүтээлч байхаасаа гадна монгол гэдэг нэрийг авч яваадаа хариуцлагатай ханддаг.  

Та яаж өөрийнхөө зургаас эрч хүч олж авдаг юм бэ?

Миний бүтээлийн сэдэв хэцүү л дээ. Ганцаардлыг илэрхийлсэн зурагтаа маш их энерги гарган, шингээж байдаг. Тиймээс эрч хүчээ олж авах өөр нэг зүйл хэрэгтэй байсан нь миний хүүхэд насны дурсамж ба хөдөөгийн байгаль, нүүдэлчин амьдрал болсон юм. Үүнийг зурахаар надад эрч хүч орж ирдэг. Яг л би Монголдоо, хөдөө аавынхаа гэрт байгаа юм шиг санагддаг. 

Та Берлинд сурч, суурьших сонирхолтой залуу уран бүтээлчдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Германы урлагийн академид сурах хэрэгтэй. Дөрвөөс таван жил сурахад тийм ч хэцүү биш байх болно. Сургалт нь мэргэжил тал руугаа давамгайлсан байдаг. Сурч байх хугацаандаа галерейнуудаа танин мэдэж амждаг. Тэгээд сургуулиа төгссөний дараа өөрөө санхүүгээ аваад явах бүрэн боломжтой. Яагаад гэвэл монгол уран бүтээлчид суурь мэдлэг, зурах чадвар нь өндөр учраас сургуульдаа байх хугацаанд юу зурах вэ, сэдвээ яаж илэрхийлэх вэ гэдгээ олоод авчихдаг юм.

Ц.Ган-Эрдэнэ: Ганцаардлыг ялах хамгийн сайн арга бол урлаг (фото 6)Ц.Ган-Эрдэнэ: Ганцаардлыг ялах хамгийн сайн арга бол урлаг (фото 7)Ц.Ган-Эрдэнэ: Ганцаардлыг ялах хамгийн сайн арга бол урлаг (фото 8)Ц.Ган-Эрдэнэ: Ганцаардлыг ялах хамгийн сайн арга бол урлаг (фото 9)

цааш үзэх