Хайх

Цөмөөхэй балетын Клара охидтой танилцаарай

Цөмөөхэй балетын Клара охидтой танилцаарай

Тоглолт ойртсоор

Text: Ж.Чинбат


Цөмөөхэй балет сүүлийн 120 жилийн турш таван тивийн улсад хамгийн гоё шинэ жилийн үйл явдал байсаар ирсэн билээ. Харин удахгүй Монголд тоглогдох балетын бэлтгэл ид дундаа үргэлжилж байна

Өнгөрсөн жил Клара охины гол дүрд тоглосон Б.Анхзул "Би том болоод балетчин болно. Надад бүжиглэх маш их таалагддаг, би хөдөлгөөнд нь их дуртай" гэж ярьлаа. Энэ жил түүнтэй хамт Г.Лхам, Б.Анхцэцэг, Г.Бүрэнзаяа зэрэг охид мөн Клара охины дүр бүтээх шургуу бэлтгэлээ базааж, МУГЖ Д.Алтанхуягийн дор хичээллэж байна.

Монгол улсад хоёр дах жилдээ тоглогдох гэж буй Цөмөөхэй балет гол дүрийн Клара охин, түүний найзууд, модон цэрэг, сахиусан тэнгэрийн дүрд тоглох хүүхдүүдийг сонгон шалгаруулалтаар тодруулсан билээ. Тиймээс ямар хүүхдүүд Клара охины дүрд сонгогдсон болохыг уншигчиддаа танилцуулахаар шийдлээ.

Эдгээр охидыг хөдөлгөөний эвсэл, бүжгэнд сэтгэлээсээ хандаж байгаа чадвараар нь шалгаруулжээ. Бүжгийн хөдөлгөөнөө  уран гоё хийхээс гадна тэдний сонсгол, ой тогтоолт хэр байгааг ч багш нар нарийн ажигласан байна. Удахгүй тэд их театрын, шинэ жилийн баярын уур амьсгалаар дүүрэн тайзнаа мэргэжлийн балетчидтай хамт гарч, үзэгчдэд оны хамгийн гоё балетыг үзүүлнэ. 

Танхим дүүрэн үзэгчид дотор ангийн, үеийн хүүхдүүд олон байхаас гадна сонгодог урлагт жинхэнэ дурлагчид дүүрэн ирэх учраас алдаж болохгүй. ДБЭТ-ын мэргэжлийн бүжигчид мөн МУГЖ Д.Алтанхуяг хоёр өдөр тайзан дээр гарах тоглолтонд оролцоно гэдэг хүүхдүүдэд азтай бөгөөд нэр хүндийн хэрэг болох юм. Хүүхдүүд ч өөрт нь ирж буй хариуцлагыг ойлгосон бололтой, маш хичээнгүй бас баяртайгаар бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Тэдний бэлтгэл жүжгээ бүрэн таньж ойлгох, бүжгийн хөдөлгөөнөөр утга санаагаа илэрхийлэхэд суралцахаас гадна  хөгжим сонсох чадварт мөн төвлөрчээ. "Хүүхдүүд тайзан дээр гарах мөчид симфони оркестр хөгжим тоглоно. Тэр үед сандарч, алдахгүй хөдөлгөөнөө тайван хийж сурахад бид их анхаарч байгаа" гэж ДБЭТ-ын гочлол балетчин Д.Ганбат ярьсан юм. 

"Мэдээж балетын урлагаар хичээллэсэн болгон балетчин болохгүй, "Цөмөөхэй" балетад дүр бүтээсэн сурагчид бүгд балетын урлагаар замнахгүй. Харин ирээдүйд энэ урлагт хайртай, энэ урлагийн үнэ цэнийг ойлгодог тийм нэгэн үзэгч бий болох нь чухал. Ийм л хүүхэд, залуучуудаараа дамжуулан Монголын нийт үзэгч олонд балет, сонгодог урлагийн боловсолыг үр дүнтэй хүргэх хэрэгтэй байна" гэж МУГЖ Д.Алтанхуяг хэллээ. 

Цөмөөхэй балетын эхний тоглолт арванхоёрдугаар сарын 14-аас эхлэх бөгөөд зургаан өдрийн тоглолтонд эдгээр хүүхэд тус бүрийг дор хаяж нэг удаа тайзан дээр гаргахаар төлөвлөжээ. 

цааш үзэх