Хайх

Билл Гейтс 2021 онд өөрт нь хамгийн ихээр таалагдсан 5 номыг нэрлэлээ

Билл Гейтс 2021 онд өөрт нь хамгийн ихээр таалагдсан 5 номыг нэрлэлээ

Номын хорхойтны шимтэн уншсан номууд

Text: Buro.Mongolia


Билл Гейтс уламжлал ёсоор оны төгсгөлд сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн ихээр шимтэн уншсан таван номоо танилцуулсан видео бичлэгийг гаргасан байна. Microsoft компанийн үүсгэн байгуулагч тэрээр энэ оны жагсаалтдаа зохиолч Энди Вейер, ой санамж болон тархины үйл ажиллагааны талаарх онолыг зохиосон Жефф Хокинс, Time сэтгүүлийн ерөнхий редактор Уолтер Айзексон, зохиолч Мэгги О`Фаррелл, Нобелийн утга зохиолын шагналт Казуо Исигуро нарын зохиолуудыг оруулжээ.

“Би бага байхдаа шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол унших их дуртай байсан. Пол Аллен бид хоёр зохиолч Айзек Азимовын туурвисан 'Foundation' номын тухай ярилцсан бол тоо томшгүй олон цагийг зарцуулах байсан байх. Би Эдгар Райс Барроуз, Роберт Хайнлейн нарын бичсэн ном бүрийг нь уншсан. Эдгээр түүхүүд миний хувьд үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан юм” хэмээн Билл Гейтс өөрийн блогтоо бичсэн байна.

Мөн өдгөө 66 настай бизнесмен нас ахих тусам шинжлэх ухааны уран зохиолуудад улам л дуртай болж буй талаар хуваалцсан юм. Учир нь бодит ертөнцийн талаарх мэдлэг нь түүнд илүү өгөөжтэй, амьдралд нь хэрэгтэй мэт санагдаж эхэлжээ. Гэхдээ тэрээр сүүлийн үед хүүхэд байхдаа дуртай байсан номуудаа уншиж эхэлсэн гэдгээ мөн онцолсон билээ. Энэ оны номын жагсаалтдаа Билл Гейтс уран зөгнөлт, шинжлэх ухааны номууд болон нэг роман оруулсан байна. Ингээд тэрээр номуудын талаар юу хэлснийг уншицгаая.

“A Thousand Brains: A New Theory of Intelligence”, Жефф Хокинс

Билл Гейтс 2021 онд өөрт нь хамгийн ихээр таалагдсан 5 номыг нэрлэлээ (фото 1)

Хэрэв та жинхэнэ хиймэл оюун ухааныг бий болгоход юу хэрэгтэй талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа бол энэ номоос гайхалтай онолыг олох болно. Хокинс нь PalmPilot төхөөрөмжийг үүсгэн байгуулсан гэдгээрээ алдаршсан бөгөөд мэдрэлийн шинжлэх ухаан болон машин хоорондын уялдаа холбоог тунгаан бодоход олон арван жил зарцуулж олж мэдсэн зүйлсээсээ энэ номондоо хуваалцсан билээ.

The Code Breaker: Jennifer Doudna, Gene Editing, and the Future of the Human Race, Уолтер Айзексон

Билл Гейтс 2021 онд өөрт нь хамгийн ихээр таалагдсан 5 номыг нэрлэлээ (фото 2)

CRISPR генийг засварлах систем нь сүүлийн 10 жилийн хамгийн гайхалтай, мөн магадгүй шинжлэх ухааны хамгийн чухал нээлтүүдийн нэг юм. Манай компани энэхүү технологийг ашигладаг хэд, хэдэн төслийг санхүүжүүлдэг учраас би үүнийг сайн мэдэж байна. Гэхдээ энэхүү хэн бүхэнд ойлгомжтой байдлаар дэлгэрэнгүй бичигдсэн номоос би маш их зүйлийг олж мэдсэн. Айзексон ген засварлахтай холбоотой ёс зүйн хамгийн чухал асуудлуудыг сайн тайлбарлаж чадсан юм.

Klara and the Sun, Казуо Исигуро

Билл Гейтс 2021 онд өөрт нь хамгийн ихээр таалагдсан 5 номыг нэрлэлээ (фото 3)

Надад роботуудын тухай сайхан түүхүүд ихэд таалагддаг. Исигурогийн бичсэн нэгэн өвчтэй охины робот найзын тухай зохиол ч мөн миний сэтгэлд хүрч чадлаа. Хэдийгээр үйл явдал нь дистопийн ирээдүйд өрнөж байгаа ч роботуудыг сөрөг хүчнийхний дүрээр дүрслээгүй. Эсрэгээрээ роботууд хүний ​​хамтрагч болдог. Энэ ном надад супер ухаалаг роботуудын амьдрал ямар байх, мөн бид тэдгээрийг технологи гэж үзэх үү, аль эсвэл үүнээс илүү чухал зүйл гэж харах уу гэсэн бодлыг төрүүлсэн юм.

Hamnet, Мэгги О`Фаррелл

Билл Гейтс 2021 онд өөрт нь хамгийн ихээр таалагдсан 5 номыг нэрлэлээ (фото 4)

Хэрэв та Шекспирийн шүтэн бишрэгч бол яруу найрагчийн хувийн амьдрал түүний хамгийн алдартай жүжгүүдийн нэгийг бичихэд хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлсэн энэхүү сэтгэл хөдөлгөм роман танд таалагдах болно. О'Фаррелл агуу яруу найрагчийн тухай бидний мэдэх хоёр баримт дээр үндэслэн түүхээ бичсэн. Шекспирийн хүү Хамнет 11 настайдаа нас барж, хэдэн жилийн дараа Шекспир “Хамлет” хэмээх эмгэнэлт жүжгээ бичсэн байдаг. Тус зохиолд ер бусын дүрээр дүрслэгдсэн түүний эхнэр Энны талаар унших нь надад их таалагдсан.

Project Hail Mary, Энди Вейер

Билл Гейтс 2021 онд өөрт нь хамгийн ихээр таалагдсан 5 номыг нэрлэлээ (фото 5)

Ихэнх хүмүүсийн адил би Вейерийн уран бүтээлүүдтэй анх “The Martian” зохиолоор нь дамжуулан танилцаж байсан. Түүний хамгийн сүүлийн зохиол бол өөр оддын системд хэрхэн очсоноо санахгүй байгаа сургуулийн багшийн тухай хачирхалтай түүх юм. Номын үндсэн хэсэгт тэрээр өөрийгөө аврахын тулд шинжлэх ухаан, технологийг хэрхэн ашигладаг талаар голчлон өгүүлдэг. Уншихад хөгжилтэй тул би тус номыг амралтын өдрүүдээрээ хурдан уншиж дуусгасан.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх