Хайх

Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном

Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном

#BlackLivesMatter

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Миннеаполис хотод 46 настай Жорж Флойд гэх өнгөт арьст эрэгтэйг эсэргүүцэл үзүүлээгүй байхад нь цагаан арьст цагдаа хүзүүн дээр нь өвдөглөн дарж амь насыг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ. Энэ хэргээс үүдэн АНУ-ын 100 гаруй хотод иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлж, шударга бус байдал, цагдаа нарын дарангуйлал, арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэн бослого гаргасаар байна.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал, шударга бус байдал, дарангуйлалтай тэмцэх хамгийн эхний алхам бол юуны өмнө энэ сэдвийн талаар мэдлэгээ гүнзгийрүүлэх юм. Бид эхний ээлжид доорх таван номыг санал болгож байна.

"The Fire Next Time", Жеймс Болдуин

Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном (фото 1)

Анх 1963 онд хэвлэгдэн гарсан өдрөө бестселлер болж байсан энэхүү ном нь өнөөдөр ч эрэлттэй хэвээр байна. Уг ном нь хоёр эсээ ба зохиолчийн 14 настай зээ дүүдээ бичсэн нэг захидлаас бүрдэх бөгөөд Америк дахь системчилсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаар өгүүлэх болно.

"The Good Immigrant", Никеш Шукла

Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном (фото 2)

Африк, Ази болон бусад үндэстнүүдийн бичсэн нийт 21 эсээнээс бүрдсэн тус номонд  өнгөт арьстнуудад өнөөдрийн Их Британид амьдрах ямар байдаг талаар өгүүлсэн юм. Анх Unbound нэртэй краудфандинг вебсайт дээр нийтлэгдэж байсан тус номыг алдарт зохиолч Жоан Роулинг санхүүжүүлснээр хэвлэгдэн гарсан байдаг. Олон янзын гарал угсаатай хүмүүсийн туршлага, түүх, дуу хоолойг хүргэх болно.

"Possessive Investment In Whiteness", Жорж Липситц

Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном (фото 3)

Цагаан арьстнуудын давуу эрх гэж юу юм бэ? Үүнийг хэн нэгэнд тайлбарлах, ялангуяа цагаан арьстнуудад ойлгуулах маш хэцүү. Тэгвэл уг ном нь энэ үзэгдлийг улс төр, нийгэм, эдийн засгийн түвшинд дэлгэрэнгүй тайлбарласнаараа онцлогтой.

"This Bridge Called My Back", Черри Морага, Глория Э. Анзалдуа

Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном (фото 4)

Богино хэмжээний зохиол, эсээнээс бүрдсэн тус ном нь хүйс, бэлгийн чиг хандлага, нийгмийн давхарга, угсаа үндэс дээр төвлөрнө. Сексизм, арьс өнгөний үзлийн талаар ойлголт авахыг хүссэн хүн бүр заавал унших хэрэгтэй.

"Citizen: An American Lyric", Клаудия Рэнкин

Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном (фото 5)

XXI зуунд, тэр дундаа өдөр тутмын амьдрал, нийгэм, хэвлэл мэдээллийн салбар дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хөндсөн энэхүү хүчирхэг бүтээл нь New York Times сонины бестселлер (2015) болж, National Book Critics Circle Award (2014) шагнал гардуулах ёслолоос яруу найраг төрөлд ялалт байгуулж байсан юм.

цааш үзэх