Хайх

Бритнигийн бохь ба Леди Гагагийн хумс: Алдартнуудын эд зүйлсийг хэрхэн зардаг вэ?

Бритнигийн бохь ба Леди Гагагийн хумс: Алдартнуудын эд зүйлсийг хэрхэн зардаг вэ?

Дуудлага худалдаа

Text: Бюро 24/7


Зураг:

Леди Гагагийн хумс ямар үнэтэй болон хэн үүнийг зардаг вэ?

Алдартнуудын эд зүйлс дуудлага худалдаагаар маш хурдан зарагддаг билээ. Цуглуулагчид болон хандивын сангууд дуудлага худалдаанаас олон зуун сая долларын ашиг олдог. Гэхдээ хэрэв танд ховор цомог, хөгжмийн зэмсэг, алдартай зургийн эх хувь байхгүй ч алдартнуудтай уулзсаны дараа, жишээ нь тэдний идэж дуусгаагүй бялууны үлдэгдэл хадгалагдаж үлдсэн бол яах вэ? Мэдээж зарах хэрэгтэй! Тийм ээ, ийм зүйлийг ч хүмүүс худалдаж авдаг. Санаа зовох хэрэггүй дээ. Шүтэн бишрэгчид өөрсдийн шүтээний хэрэглэсэн нусны алчуур болон бохийг хүртэл өөрийн болгохын тулд овоо их мөнгө төлнө шүү!

Жишээлбэл, хэдэн долоо хоногийн өмнө Лондон дахь Kings Oak зочид буудлын ажилтан аягатай сүүний үлдэгдлийг eBay вебсайтаар дамжуулж зарсан байна. Нэрээ нууцалсан ажилтны хэлснээр бол өмнөх өдөр нь дуучин Жастин Бибер оройн хоолныхоо үеэр энэ аяганаас сүү ууж байсан гэнэ. Тэрээр гарааны үнийг 10 фунтээр (ойролцоогоор 30,000 төгрөг) тогтоосон ч 86 хүн үнэ өсгөж 66,000 (200 сая төгрөг хол давсан) фунт болсон юм. Анх зочид буудлын ажилтан дуудлага худалдаанаас олсон мөнгийг бүгдийг нь хандивлана гэж байсан. Ямартаа ч eBay дээрхи зар алга болсныг харахад аяга зарагдсан бололтой. Харин дуудлага худалдаанаас олсон мөнгийг яасан нь тодорхойгүй байна.

Ийм худалдаа бол шинэ тренд биш ээ. Бүр 2004 онд Бритни Спирсийн зажлаад хаясан бохь eBay дээр 14,000 доллараар зарагдсан. Тэгэхдээ эцэст нь хүмүүсийн сонирхлыг татахын тулд бохийг зарсан хүн өөрөө ийм хэмжээний үнэ хаясан нь илэрсэн байгаа. Харин Бритнигийн бусад бохины дуудлага худалдаа тийм ч их үнэд хүрээгүй. Тухайлбал, 2004 оны наймдугаар сард Лос-Анжелес дахь өөрийн байшингийн гадаах зүлгэн дээр хаясан Бритнигийн бохь хамгийн хямдхан нь байсан юм. Бас Бритни Спирсийн Лондон хотын "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд хийсэн тоглолтын үеэр түүний зажлаад хаясан бохийг нэгэн хүн газраас авсан бөгөөд 53 доллараар зарахаасаа өмнө тэрээр өөрийнхөө гэрт гурван жилийн турш хадгалжээ. Энэ бүгдээс хамгийн үнэмшилтэй нь Брайан Жонсон гэх залуугийн яриа байсан юм. Брайан Жонсон гэдэг 25 настай канад залуу Бритнигийн Торонто дахь тоглолтын арын албанд ажиллаж байсан бөгөөд Спирсийн хаясан бохийг найзууддаа үзүүлэхээр газраас авчээ. "Би Бритнийг бохио шалан дээр нулимж байхыг хараад, найзууддаа үзүүлбэл хөгжилтэй байх болно гэж бодсон" гэж өөрийн үйлдлийг Жонсон тайлбарласан байна. Брайан өөрийн "олдвор"-ыг мянган доллараар худалдсан бөгөөд тэр бохийг Бритни зажилж байсныг батлахын тулд ДНХ тест хийж үзэхийг санал болгосон юм.

Мөн л 2004 онд Бритнигийн эерэг хариутай жирэмсний тест дуудлага худалдаанд орж зарагдсан. Хэдийгээр энэхүү тест бусдын гарт очих бараг л боломжгүй мэт санагдаж болох ч зарсан хүн нь маш амархан олсон байдаг. Бритни Спирс тухайн үед нөхөр Кевин Федерлайнтай хамт Лос-Анжелес хотын нэгэн зочид буудалд буусан ба энэ тестийг угаалгын өрөөнийх нь хогийн савнаас авчээ. Олсон хүн нь уг тестийг 5,000 доллараар зарж чадсанаас гадна бүх мөнгөө хүүхдийн хорт хавдартай тэмцэх сан болон амьтан хамгаалагчдад хандивласан юм.

Бритнигийн бохь ба Леди Гагагийн хумс: Алдартнуудын эд зүйлсийг хэрхэн зардаг вэ? (фото 1)

Энэ явдлаас өмнө буюу 2000 онд "Z100" радиогийн DJ Жастин Тимберлейкийн идэж дуусгалгүй орхисон шарсан талхыг зарж байв. Кэтти Саммерс гэдэг N'Sync хамтлагийн 19 настай шүтэн бишрэгч охин талхны хэлтэрхийг 1,000 доллараар худалдаж авсан юм. Дуудлага худалдааны ялагчийг Z100 радиогийн шууд эфирээр зарлаж, олсон мөнгийг нь мөн л сайн үйлсэд хандивлаж байлаа.

Энэ бол цорын ганц "оддын" шарсан талх биш юм. One Direction хамтлагийн дуучин Найл Хораны идэж байсан шарсан талхны үлдэгдэл 2012 онд дуудлага худалдаанд орсон. One Direction хамтлагийг Австрали дахь аялан тоглолтынх нь үеэр "Sunrise" гэх өглөөний телевизийн шоунд урьж байжээ. Шууд нэвтрүүлгийн үеэр Найл Vegemite гэх австралийн уламжлалт зуушийг амсаж үзсэн юм. Vegemite нь нэлээд давслаг, бага зэрэг гашуун амттай шар айргаар хийдэг өтгөн зуурмаг бөгөөд Найлд огтхон ч таалагдаагүй тул идэж чадалгүй хаяжээ. Энэ зуурмагтай талхыг нь нэрээ нууцалсан этгээд eBay дээр дуудлага худалдаанд оролцуулж, эцэст нь 100,000 доллараар зарж чаджээ. Тухайн үед хэвлэл мэдээллийнхэн "Хэн ийм хэрэггүй зүйлийг, ийм их мөнгөөр худалдаж авдаг байна аа?" гээд л гайхаад өнгөрч байв. Сэжиглэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, мэдээж энэ бол Найлын зажилсан талх биш. Хэрэв түүний аманд орсон хэсэг нь байсан бол бүр илүү үнэ хүрэх байсан юм.

Ариун цэврийн бүтээгдэхүүнүүд ч дуудлага худалдаанд ордог. Анх 2008 оны арванхоёрдугаар сард америкийн Tonight ток шоуны үеэр Скарлетт Йоханссоны хэрэглэсэн салфетка зарагдсан байна. Жүжигчин бүсгүй бага зэрэг ханиад хүрсэн байсан ба найтаахдаа хэрэглэсэн цаасан алчуураа цүнхэндээ хийж байх нь шууд нэвтрүүлгээр гарсан юм. Хэд хоногийн дараа яг энэ салфеткыг нь дуудлага худалдаанд оруулах зар eBay дээр тавигджээ. Скарлетт Йоханссоны үл мэдэгдэх шүтэн бишрэгч нь түүний хэрэглэсэн цаасан алчуурыг 5,300 доллараар худалдаж авсан байдаг. Сонирхуулахад, тэр жилийн гуравдугаар сард Скарлетт Йоханссоны шүтэн бишрэгч түүнтэй хамт 20 минут уулзахын тулд 20,000 фунт төлж байжээ.

Зарим нэг шүтэн бишрэгчид өөрийн шүтээнийхээ биеийн хэсгийг олж авахын тулд асар их мөнгө төлдөг. Тухайлбал 2011 онд Леди Гагагийн хиймэл хумсыг үнэнч шүтэн бишрэгч нь 12,000 доллараар авч байжээ. Дуучны багийн гишүүн түүний чигчий хурууны хар өнгөтэй, акрилик хумсыг худалджээ. "Би тоглолтын дараа тайзны шалан дээр нэг зүйл олж харсан. Эхлээд гитарын пик байна гэж бодсон ч дахиад сайн хартал хумс байсан" гэж дуудлага худалдааг зарласан хүн нь ярьсан юм. Худалдаж авсан хүнд нь хумснаас гадна, Леди Гагагийн захиа, тайзан дээрх түүний хумстай болон хумсаа алдсан хоёр зураг, дуучны тоглолтын үед түрхсэн сүрчгийн сорьц, The Born This Way Ball аялан тоглолтынх нь футболк дагалдаж ирсэн байна.

Бритнигийн бохь ба Леди Гагагийн хумс: Алдартнуудын эд зүйлсийг хэрхэн зардаг вэ? (фото 2)

Хэдийгээр дээрх бүх эд зүйлс ямар ч хэрэггүй боловч ядаж л материаллаг юм. Тэгвэл 2010 онд eBay-ийн нэгэн хэрэглэгч агаар зарж байсан. Тийм ээ, та буруу сонсоогүй. Үнэхээр агаар зарж байсан! Зарж буй хүн нь жижиг шилэн савтай агаарыг Брэд Питт ба Анжелина Жоли нарын ойр орчмоос авсан гэнэ. Тэрээр энэхүү агаарыг "Mr. & Mrs. Smith" киноны нээлтийн үеэр Анжелина ба Брэд нарыг улаан хивсэн дээр алхаж байхад нь шилэнд хийж авчээ.

Харин eBay вебсайт дээр хамгийн их үнэд хүрсэн алдартнуудын эд зүйл бол Жером Сэлинжерийн суултуур юм. Хойд Каролинагийн нэгэн иргэн алдарт зохиолчийн хэрэглэж байсан гэх энэ суултуурыг нэг сая доллараар худалдаж авахыг санал болгосон. Тэрээр Нью-Хэмпшир мужийн Корниш гэдэг жижиг хотод байрлах Сэлинжерийн байшинд энэ суултуур байсан гэж баталж байсан юм. Энэхүү ариун цэврийн өрөөний хэрэгсэл зохиолчийн гэрт 1962 оноос эхэлж ашиглагдсан гэнэ. Гэвч 2010 онд тус байшингийн шинэ эзэд нь суултуурыг угаалгын өрөөнөөс гаргасан байна. "Сэлинжер энэ суултуур дээр суугаад хэдэн ч зохиол туурвисан юм билээ?" гэж зарлалд бичсэн байв. Уг суултуурыг худалдаж авсан хүнд, Сэлинжерийн байшингийн шинэ эзэн болох Жоан Литлфилдийн захиа дагалдаж ирэх юм. Тэрээр энэ суултуурыг америкийн сонгодог зохиолчийн гэрээс авсан гэдгийг захиандаа баталжээ.

цааш үзэх