Хайх

2023 оны Каннын кино наадмын онцлох 10 бүтээл

2023 оны Каннын кино наадмын онцлох 10 бүтээл

Уэс Андерсоны шинэ кино, сүүлчийн Индиана Жонс, The Weeknd-ийн тоглосон цуврал болон бусад

Text: Buro.Mongolia


Кино найруулагч хэмээх эрхэм хүндэт нэрийг зүүж яваа хэн бүхэн өөрсдийн бүтээлээрээ нэр дэвшихийг мөрөөддөг нэгэн арга хэмжээ байдаг нь Каннын кино наадам юм. Олон улсын гэдэг утгаараа Оскараас ч илүү нэр хүндтэй энэхүү фестиваль жил бүрийн тавдугаар сард Францын Номин эрэгт зохиогдож, кино ертөнцийн одуудыг хуран цуглуулж, бүтэн 11 хоногийн турш дэлхий дахиныг кино урлагаар амьсгалуулдаг уламжлалтай. BURO. 2023 оны тавдугаар сарын 16-нд буюу өнөө шөнө нээлтээ хийхээс нь урьтаж 76 дах удаагийн Каннын кино наадмын лайнапыг судлан өндөр хүлээлт үүсгэхүйц, ирээдүйд ихийг дуулгах 10 бүтээлийг сонгон танилцуулахаар шийдлээ.

Asteroid City


Ретро гоо зүй, тэгш хэмийг эрхэмлэгч Уэс Андерсон "Asteroid City" нэртэй уран зөгнөлт өнгө аястай, романтик инээдмийн киногоо Каннын кино наадамд танилцуулах гэж байна. Скарлетт Йоханссоноос эхлээд Том Хэнкс хүртэлх Холивүүдийн "А" зэрэглэлийн жүжигчдийг нэг дор цуглуулсан уг киноны үйл явдал 1950-аад оны нэгэн зохиомол хотод өрнөнө. Энд жил бүр залуу одон орон судлаачдын цуглаан болдог бөгөөд ээлжит арга хэмжээний үеэр дэлхийг тэр чигээр нь өөрчлөх үйл явдал тохиолдоно.

Killers of the Flower Moon


2023 оны Каннын кино наадмын онцлох 10 бүтээл (фото 1)

Домогт Мартин Скорсезегийн гэмт хэргийн сэдэвтэй ээлжит бүтээл. Киноны үйл явдалд Оклахома дахь Осаж гэх Индиан омгийнхон ээлж дараалан учир битүүлгээр хөнөөгдсөн байх ба хэргийн учрыг олохоор Ж. Эдгар Хуверээр ахлуулсан Холбооны Мөрдөх Товчооны баг ажиллана. Гол дүрүүдэд мэдээж хэрэг Скорсезегийн мөнхийн сонголт болсон Леонардо ДиКаприо, Роберт ДеНиро нар тогложээ.

The Idol


HBO телевизийн "Euphoria"-г бүтээсэн Сэм Левинсон дуучин The Weeknd-ийн хамтаар "The Idol" нэртэй шинэ цувралаа Каннын кино наадамд танилцуулах гэж байна. Үйл явдалд шинээр мандаж буй поп од (Лили Роуз Депп) Лос-Анжелес хотод моодонд ороод байгаа шөнийн клубийн эзэн, сэжиг бүхий культын тэргүүнтэй (The Weeknd) учир ургуулснаар аюултай нөхцөл байдалд ордог. HBO суваг энэхүү бүтээлийг "Холливүүдийн хамгийн заваан хайрын түүх" хэмээн тодорхойлоод байгаа юм.

Strange Way of Life


Алдарт найруулагч Педро Альмодоварын бичиж найруулсан "Strange Way of Life" нэртэй вестерн жанрын киног Saint Laurent брэндийн шинэхэн кино компани (Saint Laurent Productions) бүтээснээрээ онцлог. Жүжигчин Педро Паскаль, Итан Хоук нарын тоглосон энэхүү бүтээлийн талаар одоогоор мэдээлэл хомс байгаа ч 25 жилийн дараа эргэн нэгдэж, нөхөрлөлөө сэргээж буй эрчүүдийн тухай өгүүлнэ гэж киноны албан ёсны хуудаст дурджээ. Мөн найруулагч энэ бүтээлээ алдарт "Бөгтөр Уул" кинонд өгч буй өөрийнх нь хариулт хэмээн тодорхойлсон юм.

Monster


"Shoplifters" киногоороо 2018 оны Каннын кино наадмын гол шагналын эзнээр тодорч, үзэгчдийн хайр хүндлэлийг хүртэж байсан Японы найруулагч Хироказу Корээда ээлжит бүтээлээ Каннд толилуулахаар болжээ. Нэгэн ээж хүүгийнхээ зан араншныг эрс өөрчлөгдөг байгааг анзааран багшийг нь сэжиглэснээр "Monster" кино эхлэх ч үйл явдлын зангилаа тайлагдах тусам бодит үнэн илчлэгдэнэ. Киноны үйл явдал ээж, хүү, багш гэсэн гурван өөр дүрийн өнцгөөс өгүүлэгдэж буйгаараа өвөрмөц болжээ. Мөн хөгжмийн зохиолыг саяхан таалал төгссөн нэрт хөгжмийн зохиолч Рюичи Сакамото бичсэнийг нь онцлох нь зүйтэй болов уу.

2023 оны Каннын кино наадмын онцлох 10 бүтээл (фото 2)

Club Zero


2023 оны Каннын кино наадмын онцлох 10 бүтээл (фото 3)

Австрийн кино найруулагч Жессика Хауснерын бүтээсэн сэтгэлзүйн триллер. Кинонд нэгэн элит сургуулийн залуухан багш "ухамсартай хооллолт" гэх шинэ хичээл нэвтрүүлж, өсвөр насны таван хүүхдэд хоолоо эрс хасаж, нийгмийн хэм хэмжээг зөрчиж, эцэг эхээсээ хөндийрөхийг уриалснаар аюултай нөхцөл байдал үүснэ.

The New Boy


2023 оны Каннын кино наадмын онцлох 10 бүтээл (фото 4)
2023 оны Каннын кино наадмын онцлох 10 бүтээл (фото 5)

Уорвик Торнтоны найруулсан шашны сэдэвтэй уг кинонд 1940-өөд оны Австралийн нэгэн сүмийг удирддаг гэлэнмаагийн (Кейт Бланшетт) тухай гарна. Сүмд нэгэн шөнө есөн настай өнчин хүү ирснээр түүний тав тух ор мөргүй арилна. Тус бүтээл нь колоничлол, сэтгэлийн тэмцэл, амьдралын жинхэнэ үнэ цэнийг харуулсан кино болсныг уран бүтээлчид онцолсон юм.

Indiana Jones and the Dial of Destiny


Кино урлагийн түүхэнд төрсөн хамгийн алдартай археологичийн адал явдал "Indiana Jones and the Dial of Destiny" киногоор өндөрлөж байна. Индиана Жонсын цувралын найм дахь буюу сүүлчийн киног анх удаа Стивен Спилбергээс өөр найруулагч бүтээж байгаа болов ч блокбастер киноны арвин туршлагатай Жеймс Мэнголдын найруулсан энэ хувилбарыг Спилберг үзээд өндрөөр үнэлж, шагшин магтсаныг онцлууштай. Түүнчлэн үзэгчид өдгөө 80 настай Харрисон Форд хэрхэн дүрээ амилуулсныг харах тун сонирхолтой байх болов уу.

The Old Oak


2023 оны Каннын кино наадмын онцлох 10 бүтээл (фото 6)

Каннын кино наадмын гол шагналыг хоёр ч удаа хүртэж байсан Кен Лоучийн карьер дахь сүүлчийн кино. Үйл явдалд Английн нэгэн цагт цэцэглэж байсан уурхайн тосгон дахь уушны газрын эзний амьдралыг харуулна. Уурхай хаагдсанаар оршин суугчид тосгоныг орхин одох бөгөөд үүнийг дагаад үл хөдөх хөрөнгийн үнэ ч хямдарч, улмаар Сирийн дүрвэгсэд энэ газарт нүүж ирнэ. Энэхүү реалист бүтээлд огт өөр гарал үүсэл, нийгмийн байр суурьтай хоёр өөр хүний нөхөрлөлийн тухай өгүүлдэг.

La Chimera


2023 оны Каннын кино наадмын онцлох 10 бүтээл (фото 7)

Каннын кино наадмаас Гран-при шагнал хүртэж байсан Аличе Рорвахер бусад бүтээлийнхээ адилаар энэ киногоороо дамжуулан Итали мөн чанарыг харуулсаар байна. Киноны үйл явдал 1980-аад оны Италид өрнөх бөгөөд Их Британиас ирсэн залуу археологич хулгайлагдсан түүхэн дурсгалт эд зүйлсийг худалдаалдаг хууль бус зах зээлийг олж нээнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх