Хайх

Анимэ үзэж эхлэх гэж байгаа хүмүүст зориулсан зургаан кино

Хэрэв та өмнө нь хэзээ ч анимэ үзэж байгаагүй бол эдгээр зургаан киноноос эхлэхийг бид санал болгож байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Анимэ үзэж эхлэх гэж байгаа хүмүүст зориулсан зургаан кино

Японы анимэйшн үүсгэн байгуулагдаад аль хэдийнэ 100 гаруй жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд энэхүү жанрын шүтэн бишрэгчдийн дунд Квентин Тарантино, Робин Уильямс, Киану Ривз, Фаррелл Уильямс, Канье Уэст, Ким Кардашьян, Граймс, Snoop Dogg зэрэг алдартнууд албан ёсоор нэрлэгддэг. Гэсэн хэдий ч зарим нэг хүмүүс анимэг үл тоомсорлож, хүүхдийн кино хэмээн хүлээн авдаг бол өөр нэг хэсэг нь зөвхөн Хаяо Миязакигийн бүтээлийг л үзэж амжсан байх нь бий. Тэгвэл бид Японы анимэ жанртай танилцахаар шийдсэн хүмүүст зориулаад хамгийн түрүүнд үзэх хэрэгтэй зургаан бүрэн хэмжээний киног танилцуулж байна. Эдгээр бүтээлүүд нь анимэ жанрын кино огт үзэж байгаагүй хүмүүст ойлгоход илүү хялбар байх болно.

"The Garden of Words" (2013)

Японы алдарт найруулагч, аниматор Макото Шинкайгийн бүтээсэн "The Garden of Words" бол дүрслэлийн хувьд яруу тансаг хэдий ч энгийн сэдэвтэй бүтээл юм. Макото Шинкайгийн бүтээл нь артхаус жанрын анимэд тооцогддог. Учир нь түүний бүтээлүүдийг ямар нэг тодорхой жанрт хамруулах боломжгүй. "The Garden of Words"-ын үйл явдал нь яг л Европ кинонуудыг санагдуулах бол дүрслэлийн хувьд амьсгал давхцам үзэсгэлэнтэй харагддаг. Жишээ нь үйл явдалд бороо орж, цаг агаар муудсан ч энэхүү хэсэг нь үзэгчдэд халуун дулаан сэтгэгдэл үлдээж чадах болно.

"The Garden of Words" киноны үйл явдалд гутлын дизайнер болохыг мөрөөддөг Такао гэх ахлах ангийн сурагчийн тухай өгүүлнэ. Такао бороотой өдрүүдээр хичээлээ тасалж, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд ирж гутлын дизайн зуран цаг хугацааг өнгөрүүлдэг. Тэрээр нэгэн удаа түүнээс 10 насаар эгч бүсгүйтэй тааралдах бөгөөд тэд аажмаар танилцаж, өдөр бүр уулзаж эхэлдэг. Бүсгүй өдөр бүр шар айраг ууж, шоколад иддэг ба түүний ярианаас сэтгэл гутралд орсныг нь Такао олж мэднэ. Цаг хугацаа өнгөрөхөд Такао бүсгүйд дурладаг ч тэд тэс ондоо ертөнцийн хүмүүс болохыг залуу ухаардаг.

"Akira" (1988)

Шинжлэх ухааны уран зөгнөлт энэхүү кино нь анимэ жанрын сонгодог бүтээлд тооцогддог. "Akira" гэх энэхүү кино нь ижил нэртэй манга зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд үйл явдал нь ирээдүйд өрнөнө. Дуу ба дүрсний хувьд энэхүү кино нь 1989 онд нээлтээ хийсэн Ридли Скоттын "Blade Runner" киног санагдуулах болно. Мөн "Akira" кино нь тухайн цаг үедээ хувьсгал хийсэн бүтээл болж байсныг онцлох нь зүйтэй. Тухайлбал киноны зураг авалтанд анх удаа секундэд 24 кадрын давтамж ба дүрсний эффектүүдийг ашиглаж байжээ. Ямартаа ч зарим хүмүүс "Akira" кино нь барууны орнуудад анимэ жанр дэлгэрэх болсон гол шалтгаан хэмээн тодорхойлдог.

Кинонд 1988 онд Токио хотод цөмийн бөмбөг дэлбэрч буйгаар гардаг бөгөөд үндсэн үйл явдал нь 2019 онд өрнөнө. Киноны гол баатар болох байкеруудын клубын гишүүн Тацуо хөх өнгийн арьстай ер бусын хүүхэдтэй тааралддаг. Харин энэхүү хүүхэд нь эрдэмтэд ба цэргүүдийн хийсэн нэгэн туршилтын үр дүн болж таарна. Тэгвэл Кацуо энэхүү уулзалтын дараа ер бусын хүч олж авснаар түүний зан чанар эрс өөрчлөгддөг. Мөн үүнтэй зэрэгцэн Токио хотын оршин суугчдад аюул тулгарч, 1988 оны үйл явдал давтагдах магадлалтай болсноор адал явдал эхэлнэ.

"Perfect Blue" (1997)

"Perfect Blue" гэх энэхүү кино нь маш залуудаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн найруулагч Сатоши Коны хамгийн анхны бүтээл юм. Тэрээр дөнгөж 46 насандаа хорт хавдрын улмаас таалал төгссөн бөгөөд амьд ахуйдаа ердөө дөрвөн анимэ бүтээсэн байдаг. Кон хамгийн анхны бүтээлдээ нэгэн алдартны учир битүүлэг амьдрал ба түүний юу ч хийхээс буцахгүй шүтэн бишрэгчийн тухай өгүүлсэн юм. "Perfect Blue" нь маш чадварлагаар бүтээгдсэн сэтгэлзүйн триллер бөгөөд үзэгчдэд эхэндээ гол дүрийн баатар үнэхээр солиорч байна уу, эсвэл түүнийг ийм байдалд ороход нь хэн нэгэн нөлөөлөөд байна уу гэдгийг олж мэдэхэд бэрх байх болно.

Киноны үйл явдалд Мима гэх залуухан поп од жүжигчний карьер эхлүүлэхийн тулд охидын хамтлагаасаа гарахаар шийддэг тухай харуулна. Гэсэн ч түүнийг эхэндээ хэн ч ноцтой хүлээж авдаггүй тул сайн дүр ч санал болгодоггүй. Гэхдээ төд удалгүй залуу жүжигчин маш хүнд сэдэвтэй цуврал кинонд тоглох санал ирдэг. Яг энэ үеэр Мима хэн нэгэн түүний өмнөөс өдрийн тэмдэглэл бичдэг болохыг интернетээс олж, айдаст автана. Учир нь энэхүү тэмдэглэлд Мимагийн өдөр тутмын амьдралыг маш дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Мөн бүсгүйн тоглож буй киноны зураг авалтын талбайд дэлбэрэлт болж, хэн нэгэн Мимад аймшигтай зурвас үлдээх болно.

"Ghost in the Shell" (1995)

Анимэ үздэггүй хүмүүс ч энэхүү бүтээлийн талаар сонссон гэдэгт итгэлтэй байна. Учир нь Масамунэ Широгийн бүтээсэн энэхүү киноноос сэдэвлэсэн ижил нэртэй Холливүүдийн кино 2017 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд нь Скарлетт Йоханссон тоглосон юм. Харамсалтай нь "Ghost in the Shell" киноны шинэ хувилбар амжилтгүй болсон гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байсан билээ. Хэрэв 1995 оны анхны хувилбарт өөрийн гэсэн философитой адал явдлаар дүүрэн ертөнц гарч байсан бол 2017 онд гарсан кино нь энэхүү онцгой уур амьсгалыг нь алдагдуулсан байсан тул ийнхүү муу үнэлгээ авахад хүрчээ. Сонирхуулахад 1995 онд гарсан "Ghost in the Shell" кино нь Вачовски ах дүүсийн алдарт "The Matrix" киног бүтээхэд урам зориг өгсөн гол бүтээл хэмээн тооцогддог.

"Ghost in the Shell"-ийн үйл явдал 2029 онд өрнөдөг. Харин гол баатар Мотоко Кусанаги гэх киборг цагдаа Японы дотоод хэргийн яамны тусгай "Есдүгээр тасаг"-ийг ахалдаг бөгөөд жирийн цагдаа нар дийлдэггүй, хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ.

"Wolf Children" (2012)

Бусдаас өвөрмөц байсан ч дэлхий ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олох гэж хичээж буй нэгэн баатрын тухай өгүүлэх энэхүү анимэ нь байгаль дэлхий, бодит ертөнц болон үлгэрийг хослуулсан байдал ба нийгмийн асуудлыг хөндсөн сэдвээрээ Хаяо Миязакигийн бүтээлүүдийг санагдуулах болно. "Wolf Children"-ийг алдарт "Sailor Moon" анимэ цуврал дээр ажиллаж байсан туршлагатай аниматор Мамору Хосода бүтээсэн юм. Мөн тэрээр Louis Vuitton ба Такаши Мураками нарын хамтарсан сурталчилгааны видеог бүтээсэн байгаа.

"Wolf Children" киноны үйл явдалд Хана гэх залуу бүсгүй хүн чонод дурласнаар адал явдал эхэлнэ. Төд удалгүй тэд гэрлэж, хүүхдүүдтэй болдог ч дурлалт залуу нь нас барснаар Хана хоёр хүн чонын эрлийз хүүхдийг ганцаараа өсгөх хүнд даалгавартай тулгардаг. Хүүхдүүд ч мөн өөрсдийнхөө мөн чанарыг ухаарч, энэ дэлхийд хэн байхаа шийдэх хэрэг гарна.

"Tokyo Godfathers" (2003)

Энэхүү инээдмийн анимэг дээр дурдсан Сатоши Кон бүтээсэн байгаа. "Tokyo Godfathers" кино нь хамгийн анх Ванкуверын кино наадам ба Нью-Йорк дахь анимэ наадам дээр танилцуулагдаж байсан билээ. Сатоши Кон Зул сарын баярын сэдэвтэй уг анимэг бүтээхдээ барууны орнуудын үзэгчид дээр төвлөрсөн мэт сэтгэгдэл төрнө. Мөн үүний зэрэгцээ тус кинонд Японы уламжлал ч маш дэлгэрэнгүй гардаг.

"Tokyo Godfathers" кинонд гэр оронгүй гурван хүн Зул сарын баяраар нэгэн нялх хүүхэд олсноор үйл явдал эхэлнэ. Жин гэх дундаж насны архичин эр, Хана нэртэй трансжендер эмэгтэй болон гэрээсээ зугтсан Миюки охин нялх хүүхдийг асарч хамгаалахын зэрэгцээ түүний эцэг эхийг хайж олохыг хичээдэг. Мөн тэд гэр оронгүй төдийгүй ямар ч эрхгүй учир хүүхдийн эцэг эхийг хайх зуураа янз бүрийн нөхцөл байдалтай тулгардаг.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх